УИХ-ын гишүүн П.Батчимэг Шадар сайд Т.Доржхандын гадаад айлчлалын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Ирэх оны төсөвт сайд нар болон төрийн албан хаагчдаас цалин хөлс, урамшуулал 20-40 хувиар нэмэгдсэж, байрны түрээс, сайд нарын болон яамдын гадаад томилолт, мэргэжлийн үйлчилгээний төлбөр, мэдээлэл сурталчилгааны зардал асар их өсөж, Шадар сайд Т.Доржхандын эрхлэх асуудлын хүрээний төсөвт нийт 8.4 тэрбум төгрөг тусгагдсан байна.
Үүнд цалин хөлс, нэмэгдэл урамшуулал 31.2 хувиар өссөн. Байрны түрээсийн зардал 109.4 хувиар өссөн. Гадаад томилолтын зардал 718.1 хувиар өссөн.
Мэргэжлийн үйлчилгээний төлбөр 1621.1 хувиар өссөн. Мэдээлэл, сурталчилгааны зардал 543 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Монгол Улс нэгдмэл бодлоготой байх ёстой атал Гадаад харилцааны яамны чиг үүргийг Шадар сайд хөндлөнгөөс давхардуулан хэрэгжүүлж болохгүй. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татах нэрийдлээр ажиллаж байгаа гэх боловч сүүлийн хоёр жилд орж ирсэн хөрөнгө оруулалтын бодит үр өгөөж эдийн засагт хаана байгаа нь тодорхойгүй байна. Бид бодит үр дүнг шаардаж байна.
Нэг сайд нь дарга нарын гадаад айлчлалыг зохион байгуулдаг, нөгөө нь гаднын улс орнуудаар аялал зугаалга маягаар явж, зардлаа татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлж байгаа нь байж боломгүй асуудал. Эрчим хүчний салбарын үйл ажиллагаа доголдсон, хүнд байдалд байна. Том бүтээн байгуулалт ярьдаг атлаа өнгөрсөн зургаадугаар сард Эрчим хүчний зохицуулах хорооноос иргэд, ААН-үүдэд мэдэгдэлгүйгээр цахилгааны тарифыг нууцаар нэмсэн.
Нэг өрх, ААН-д 10-20 гаруй мянган төгрөгөөр нэмэгдэж ирж байгаа нь иргэдийн амьжиргаа болон үүд хаалгаа барихад хүрээд байгаа ААН-үүдэд маш том дарамт болж байна. Ирж буй өвөл дахиад цахилгаан, дулааны үнийг нэмэх үү гэдэг асуудал тодорхойгүй байна. Шадар сайд өөрөө 'Цахилгааны үнэ, тарифыг бууруулж чадахгүй бол ажлаа өгнө' гэж мэдэгдэж байсан. Хэлсэн үгэндээ эзэн болж, зоригтойгоор ажлаа өгөх хэрэгтэй. Сайдыг ард түмэн сонгодоггүй, харин татвар төлөгчдийн нэг төгрөг бүрд хяналт тавих үүргийг ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд хүлээдэг.
Төсөв 33 их наяд байснаас 10 их наядаар тэлж, 43 их наяд болж орж ирсэн. Үүний 3.5 их наядыг төрийн өмчит компаниудын ашиг болон Оюутолгойгоос орж ирэх орлогоор бүрдүүлнэ гэж хэт өөдрөгөөр, цаасан дээрх бүтэхгүй тоо тавьсан байна. Ийм данхар төсвийг Монголын эдийн засаг, ард түмэн дааж чадахгүй. Би төсвөө маш сайн уншиж, судалж, бодит баримт нотолгоон дээр үндэслэн энэ бүхнийг ярьж байна. Иргэдийн амьдрал доройтож, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнэ өссөн энэ хүнд үед 200-300 сая төгрөг Шадар сайдад юу ч биш мэт санагдаж байгаа бололтой.
Тэр сая мэдэгдэл хийхдээ "жаахан мөнгө" гэж удаа дараа ярьсан. Өнөөдөр жирийн иргэн, өрх гэр, Монголын эдийн засагт "жаахан мөнгө" гэж байдаг юм уу? Татвар төлөгчдийн зовж олсон мөнгөөр үрэлгэн загнадаг, санхүүгийн сахилга батгүй, ажлаа хийж чадахгүй байгаа Засгийн газрын сайд нар хариуцлага хүлээж, огцрох ёстой.
Миний бие саяхан Швейцарын Холбооны Улсад парламентын бүлгэмийн даргын хувьд албан ажлын шугамаар очиж ажиллаад ирсэн. Гишүүдэд албан ажлын томилолт байх ёстой, гэхдээ томилолт бүр нь ард түмэнд өгөөжтэй, тодорхой үр дүнтэй байх ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна