МИАТ-ийн удирдлагууд өөрсдийнхөө цалинг батлагдсан төсвөөс 1.1 орчим тэрбум төгрөгөөр хэтрүүлж, хувьдаа авчээ  

С.Батзаяа
2 цаг 3 минутын өмнө

Манай үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК ашигтай бус алдагдалтай ажиллаж ирснийг Аудитын байгууллага дүгнэжээ. Олон зуун хүнийг ажлын байраар хангаж, гадаад, дотоод нислэг үйлдэж, онгоц, шатахуун тос, засвар үйлчилгээ гээд нарийн чимхлүүр ажил ихтэй алба ч дарга удирдлагууд нь өөрсдөдөө өндөр урамшуулал авч алдагдалтай ажиллаж буй нь анхаарлын гадуур өнгөрч боломгүй байна.

Тус компани “Үйл ажиллагааны үндсэн чиглэлдээ нийцүүлэн хууль тогтоомжоор хориглоогүй, орлого, ашгаа нэмэгдүүлэхэд чиглэсэн бизнесийн бусад үйл ажиллагааг эрхэлж болно” гэж тодорхойлжээ. Энэ ажлуудад нь санхүүгийн зөрчил хэдэн арваараа илэрсэн байна. Тухайлбал, жилийн эцсийн санхүүгийн тайлангийн авлагын үлдэгдэл 14,656.8 сая, өглөгийн үлдэгдэл 1,785.8 сая нийт 16 тэрбум 442 сая гаруй төгрөгийн үлдэгдлийг жилийн эцэст тооцоо нийлж, актаар баталгаажуулаагүй,зөрчил өмнөх оныхтой адил давтагдсан байна. Нэг ёсондоо, зөрчлөө арилгах арга хэмжээ авалгүй дарга нар нь байгууллагынхаа мөнгийг гарын салаагаар урсгасан баримтуудыг дор сийрүүлж байна.

МИАТ компани 452 иргэний билетийн үнийг 50-100 хүртэл хувиар буюу 531.3 сая төгрөгийн хөнгөлөлт олгожээ

-Тус компанийн үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй 87-73УКС /Nissan patrol/, 93-59УБВ /Toyota land cruiser 200/ маркийн 2 автомашин нь цагаан болон цэнхэр өнгийн дэвсгэрт бүхий 2 янзын дугаартай. Хяналтын тооллого хийх үед цагаан өнгийн дугаартай байсан нь хөрөнгийг зориулалт бус ашиглах эрсдэлтэй гэж үзсэн байна. Хөрөнгийн бүртгэлээс үзэхэд Бээжин хотын төлөөлөгчийн газарт үндсэн 2 ажилчинтай боловч 3 автомашин, Сөүл хотын төлөөлөгчийн газарт үндсэн 6 ажилчинтай ч 4 автомашин, Токио хотын төлөөлөгчийн газарт үндсэн 3 ажилчинтай ч 3 автомашин тус тус ашиглаж байгаа нь хэт үрэлгэн байна.

-Өвлийн улиралд дуудлагын бэлэн байдлыг хангах зорилгоор 22 автомашинд 4-6 сарын хугацаатай дулаан зогсоолын гэрээ байгуулж 63.7 сая төгрөг төлснөөс 9 автомашин нэгжийн дуудлагад явдаггүй, газрын дарга нарт үйлчилдэг байжээ. Өөрөөр хэлбэл, 9 автомашины дулаан зогсоолын төлбөрт 25.0 сая төгрөг төлж үр ашиггүй зарцуулсан байна.

-МИАТ ТӨХК нь баазын тээврийн хэрэгслийн 34 авто машинд GPS суулгахаас 16 GPS-гүй. Эдгээрээс 7 нь авто машин унах эрхгүй газрын захирлуудад үйлчилж байжээ. Жолоочийн замын хуудсыг өдөрт 100-140 км явснаар тогтмол бүртгэсэн, нийт 71.8 сая төгрөгийн шатахууны зардал гаргасан байна. Мөн зарим албан тушаалтны  хувийн автомашинд 111.4 сая төгрөгийн шатахууныг олгож хэт үрэлгэн ханджээ.

-Үндсэн хөрөнгийн дансанд элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн үлдэх өртөггүй 10,546.1 сая төгрөгийн 2960 ширхэг хөрөнгийн цаашид ашиглах хугацаа, үнийг шинэчлэн тогтоох хүсэлтийг холбогдох байгууллагад хүргүүлээгүй, ашиглалтыг сайжруулах талаар арга хэмжээ аваагүй байна.

-Тус байгууллагын үндсэн хөрөнгийн дансанд түүврийн аргаар хяналтын тооллого хийхэд 6.4 сая төгрөгийн үнэтэй I mac pro-27, 5.6 сая төгрөгийн үнэтэй macbook pro 13.3 inch, нийт 12.0 сая төгрөгийн үнэтэй 2 ширхэг хөрөнгийн ажлаас халагдсан албан тушаалтнаас хүлээж аваагүй байна.

-ТӨБЗГ-ын 2024 оны 732 дугаар тогтоолоор МИАТ ТӨХК-ийн 2025 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг, МИАТ ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 13/24 дүгээр тогтоолоор 2025 оны цалингийн санг 87,712.1 сая төгрөгөөр баталсан байна. Тайлант онд нислэг-үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ажилчдын цалинг 1 тэрбум 814 .3 сая төгрөг, ерөнхий удирдлагын зардлын цалин 1 тэрбум 78.7 сая төгрөгөөр хэтрүүлж, зөрчил давтагдсан байна

-Тайлант оны нэгээс есдүгээр сард 9 аж ахуйн нэгж байгууллага болон урлаг, соёл, спортын ажилтнууд зэрэг нийт 452 иргэний билетийн үнийг 50-100 хүртэл хувиар буюу 531.3 сая төгрөгийн хөнгөлөлт олгохдоо бартерын болон хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, үр дүнг тооцоогүй, улирал тутам тайлагнаагүй байна. 

-Тайлант оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинд баталсан орлогын төлөвлөгөө 98,167.9 сая төгрөгөөр тасарч, 32,841.3 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж, борлуулалтын орлогод ногдох бүтээгдэхүүний өртөг 4.6 хувиар өссөн нь ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.

Энэ бол аудитын байгууллагаар илэрсэн санхүүгийн зөрчлүүдийн зөвхөн нэг хэсэг нь. Төр бүсээ чангалж, ард иргэдээ бодсон төсөв баталж байна, төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр нэмнэ гэж ярьдаг ч татвараа нэмж, ард иргэдийн нуруун дээр ачаа нэмэгдсээр байхад төрийн өмчит ганцхан компанийн удирдлагууд ингэж дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж сууна. Төрийн хэмнэлтийн тухай хууль ч бүр “лөөлөө” болжээ, МИАТ компанид. Ерөнхий сайд Н.Учрал, Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан та бүхэн хуулиас давсан том толгойтой төрийн өмчит компанийн удирдлагуудынхаа толгойг илсээр байх уу. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.16.21
    26 минутын өмнө

    МИАТ эзэнгүй өмч юм чинь арга байж уу???

    Хариулах