Ш.Адьшаа: Улсын төсөв жил ирэх тусам тэлж байгаа ч ахмад настны тэтгэврийн нэмэгдэл, нийгмийн хамгааллын асуудалд зарцуулагдахгүй байна

Т.Отгонсувд
59 минутын өмнө

Ардчилсан намын Ахмадын холбооны тэргүүн Ш.Адьшаа өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакиртай уулзаж, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт болон ахмад настнуудад тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.


Уулзалтаар ахмад настны эрүүл мэнд, идэвхтэй амьдрал, хөдөлмөр эрхлэлт, тэтгэврийн хүрэлцээ, нийгмийн хамгааллын асуудлыг хөндөж, ахмад настны эрх ашгийг хамгаалах чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа.


Ш.Адьшаа уулзалтын үеэр Ахмад настны тухай хууль 2004 онд батлагдсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжилж, уг хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газар бодитой алхам хийх шаардлагатайг онцоллоо. 

Монгол Улсад 500 гаруй мянган ахмад настан амьдарч байгаа бөгөөд тэдний төлөөлөл төрөөс авч хэрэгжүүлж буй бодлогод сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн юм.

Тэрбээр "Ахмад настнуудын амьдрах баталгаа алдагдаж байгааг дурдаад, тэтгэврийн доод хэмжээ 769 мянган төгрөг байгаа нь хоол хүнс, эм тариа, орон сууцны зардлаа бүрэн хангахад хүрэлцэхгүй байна. Мөн улсын төсөв жил ирэх тусам тэлж байгаа ч ахмад настны тэтгэврийн нэмэгдэл, нийгмийн хамгааллын асуудалд хангалттай анхаарахгүй байна. гааг шүүмжиллээ. Түүний үзэж буйгаар, байгалийн баялгийн орлого болон татвар төлөгчдийн хөрөнгийг бүтээн байгуулалт, мега төслүүдэд зарцуулахаас гадна ахмад настнуудын амьжиргаа, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглүүлэх шаардлагатай юм" гэв.

Мөн тэтгэврийн доод хэмжээг нэг сая төгрөгт хүргэх саналыг төсвийн тодотголд тусгасныг дурдаж, цаашид тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлыг шуурхай шийдвэрлэх хэрэгтэйг онцоллоо. Түүнчлэн ахмад настны тэтгэврийг хоёр сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой гэж байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр ахмад настнуудын амьдрах баталгааг хангах нь төрийн үүрэг бөгөөд тэтгэвэр, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний асуудлыг бодитой шийдвэрлэх шаардлагатайг уулзалтын үеэр уламжиллаа.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна