Н.Номтойбаяр: Баавгайн халдлагад өртсөн иргэний ар гэрт нөхөн олговор олгоно

Х.Есү
1 цаг 13 минутын өмнө

Шадар сайд Н.Номтойбаяраас баавгайтай холбоотой асуудал болон дархан цаазат газарт гарсан галын асуудалтай холбогдуулан тодруулга мэдээлэл авлаа. 

Тэрбээр, "Дархан цаазат газар гэдэг бол хэн нэгэн чөлөөтэй орж гардаг газар ерөөсөө биш. Тийшээ орох ажил хэргийн шаардлага байсан уу? Нөмрөгийн застав руу Мобиком шилэн кабель тавина гэж би лав сонсоогүй. Тэнд тавиад байх шаардлагагүй. Хууль зүйн хувьд мэргэжлийн хүмүүс нь дүгнэлтээ гаргах байх. Хоосон уучлаарай гэдэг бол надад сонин биш байна. 

Цурманд орууллаа гэдэг чинь галыг бүрэн унтраасан гэсэн үг биш. Салхи дэгдвэл эргээд л гал гарна. Нөмрөгийн дархан цаазат газарт яг хэдэн төрлийн ховор амьтан байдгийг нарийн мэдэхгүй байна. Ямартайч дэлхийд ховор буган хандгай байдаг. 

Анчид далимдуулан тогтоосон хилийн бүсээс давж голомт руу нь буюу гэр рүү нь очоод ан ав хийгээд байвал эрүүгийн хууль хатуу үйлчилнэ. Баавгайд алим мандарин тавьж өгөх нь буруу. Улам л тэр амьтныг амтшуулаад байна гэсэн үг. Баавгай бол хүний гар доор тэжээдэг амьтан биш. 

Баавгайтай холбоотой асуудал дээр зөрүүтэй мэдээлэл явж байна. Ц.Сандаг-Очир ажлын айлчлалаар гадаад байсан биеэрээ хуралд суугаагүй учраас буруу мэдээлэл өгсөн байна. Баавгайн халдлагад өртсөн иргэний ар гэрт нөхөн олговор олгоно. 

Харамсалтай үйл явдал болохоос өмнө хэд хэдэн баавгай суурьшлын бүс рүү нэвтэрсэн. Тухайн үед хүмүүс уургалж аваад, портер дээр ачаад бараг сэлфие хийх нь л холгүй байсан шүү дээ. Энэ нь иргэдэд баавгайг ямар ч аюулгүй амьтан юм шиг мэдрэмжийг өгсөн. Аюултай гэдгийг нь улсын онцгой комиссоос анхааруулсаар л байсан" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна