Ерөнхийлөгчийн сонгуульд горилогсдын цуваа парламентад суудалтай хоёр том намд тасрахгүй байна. Ирэх оны Төрийн тэргүүний сонгуульд Үндсэн хуульд зааснаар 50 нас хүрсэн хүн өрсөлдөх ёстой. 50 насны босго давсан Ерөнхийлөгчийн суудал “мөрөөдөж” сэрүүн зүүдэлж яваа улстөрчид МАН, АН-д олон байна. МАН-аас горилох сонирхолтой байгаа горилогсдыг бид өмнө нь цувралаар бичсэн билээ. Энэ удаад АН-аас горилогсдын тэргүүн эгнээнд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр байгааг өмнө нь бичсэн. Энэ удаа нэр дэвших асар өндөр сонирхолтой хүн бол АН-ын дарга УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл. Тэрбээр ямар яриа хэлэлцээ, маргаан мэтгэлцээн өрнүүлж байгааг тоймлоё.
АН гэж урагшгүй, үйлс нь хазайсан нам байх. Хүний хуучин, дээлний шинэ нь дээр гэж үг бий. АН-ын даргаар томилогдоод жил хүрэхгүй үгүйтэй болж буй О.Цогтгэрэл энэ албан тушаалд үнэхээр жулдаж байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд мөн УИХ дахь бүлгийн даргын албыг давхар хашиж, гишүүдэд парламент дотор, гадна ч зангидаж байв. Навс ялагдаж байсан үеэ бодвол энэ удаагийн парламентад бас ч гэж муугүй 42 суудалтай, эрх мэдэлтэй, эрх ашиг нийцэхгүй асуудлаа кнопоороо барьцаалах боломжтой сөрөг хүчин болоод буй ч бүр нэг бүтэл муутай, хэр тааруу улс төр хийж өдөр хоногийг аргацаасаар бүрэн эрхийнхээ тэн хагаст ирсэн.
Уг нь сийрэг толгойтой, гав шавхийсэн сэргэлэн хүн бол эрх баригчдын талцал хуваагдлын шархан дээр давс үрж, бүжиг дэглэж, вальс эргэх бүрэн боломжтой цаг хугацаа. МАН хоёрхон жилийн дотор гурав дахь Засгийн газар, УИХ-ын даргын нүүр үзэж буй. Ёстой л эрх мэдэлд бялуурсан хүмүүс “намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэж дур зоргоороо аашилж байх энэ цаг хугацаанд АН сөрөг хүчин шиг байж, айсуй сонгуулиа бодоогүй нь дарга О.Цогтгэрэлийнх нь харизмгүйн дээр олон мянган гишүүдийнхээ биш өөрийн амин хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьсантай холбоотой.
Ингэж хэлэхийн учир нь, АН-ын гишүүн, ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц “АН-ын дарга О.Цогтгэрэл МАН-аас 54 тендер авсан” гэж өнгөрсөн сард мэдэгдсэн. Үүнийг АН-ын дарга мэдээж О.Цогтгэрэл үгүйсгэсэн байдаг.
Тэгвэл дээрх мэдээлэл хэр бодитой эсэхийг шилэн данснаас шүүхэд, О.Цогтгэрэлийн шууд хамааралтай гуравхан компани МАН-ын засаглаж буй 2018-2025 онд 54 тендер авчээ. Энэ мэдээлэл tender.gov.mn-д ил бйй. Тодруулбал, О.Цогтгэрэлийн төрсөн ах, дүүсийнх нь нэр дээр байдаг “Грийн импекс”, “Грийн дистрибьюшн”, “Грийн индастри” компаниуд төрийн 16 байгууллагаас тендер авсан байна. Энэ компаниуд эмнэлэг, сургууль, цэргийн анги салбаруудын тендерүүдийг түүсээр ирсэн нь нээлттэй мэдээлэлд байгаа л баримтууд.
Ганцхан компанийнх нь жишээг дурдъя. “Грийн импекс” 2022 онд СХД-ийн цэцэрлэгүүдийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх 6,6 тэрбум, 2025 онд Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүдийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх 7,4 тэрбум, 2021 онд ХСҮТ-ийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх 512 сая, 2022 онд Сонгинохайрхан дүүргийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх 2,5 тэрбум төгрөгийн тендер авчээ.
Энэ гурван компаниас “Грийн импекс” 18, “Грийн дистрибьюшн” 19, “Грийн индастри” 17 удаа 44-468 сая төгрөгийн гэрээний дүн бүхий тендерт шалгарсан мэдээлэл байна.
О.Цогтгэрэл Увс аймгийн Тэс суманд төрж, өссөн. Одон гэж нутаг усандаа нэртэй эрхэм байсныг Тэс даяараа мэднэ. Эцэг, эхээс олуулаа, Увсын Тэсд зайрмаг хийх санаа гарч, ах, дүүс эрвийх дэрвийхээрээ тал талаас оролцож, дэмнэсээр өнөөдрийн ТЭСО групп боссон гэдэг. 2012 онд О.Цогтгэрэл Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар томилогдоход зөвлөх нь болж, улс төрд хөл тавьснаар зайрмагны бизнесээс олон салбар руу салаалж, мөчирлөсөн байдаг. Тэр үед эдийн засаг 17 хувийн өсөлттэй, нэг ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш 1200 орчим төгрөг байлаа. Талийгч ах нь “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилогдож байсан үе л дээ. “Чингис”, “Самурай” бондын мөнгө орж ирж, тухайн үеийн Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр 888 төсөл санхүүжүүлнэ хэмээн “галзуурч” байсан үе. Энэ үеэс О.Цогтгэрэлийн бизнес өмнөхөөсөө өргөжиж, групп болтлоо тэлж, олон охин компанитай болсон байдаг. Барилгын салбар руу орсон нь ч энэ үед юм. Тэр төрд ажилласнаараа, мэдээлэлд ойр байх бүхий л цаг үедээ “суусан газраасаа шороо атгадаг” нэгэн аж.
Одоо тэр ирэх оны Төрийн Тэргүүний сонгуульд хүч үзэхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл хэдийнэ гарсан. Энэ тухай бичихээс өмнө түүний УИХ-ын анхны сонгуульд өрсөлдсөн талаар цухас дуръя.
2016 онд УИХ-ын сонгуульд төрж өссөн Тэс нутаг, Увс аймагтаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтаа хөтлөлцөж очоод нэр дэвшиж, хоёул өвдөг шороодоод нулимс унагаж байсан гэх яриаг нутгийнхан нь ярьдаг билээ. Тухайн үед УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд ялагдсан, тэд хоёул Тэсийнх. Тэс нутгийнхан дунд “Хоёр баян хүн өрсөлдөж байна, аль бяртайд нь саналаа өгнө” гэх явган яриа ч гарч байв. Хэзээнээсээ Тэсийнхэн шооч, гярхай хүмүүс билээ. Ингээд 2020 оны сонгуульд дахин хүч үзэж, Н.Цэрэнбатаас өндөр санал авснаар гурван мандаттай тойргоос УИХ-д сонгогдсон. Улмаар 2024 оны сонгуульд баруун бүсээс сонгогдож, улс төрийн карьер нь тасралтгүй өсөж яваа. Ингэж өсөх шалтгаан нь, сүрхий улс төр хийж сүйд болсондоо биш, хаана ч тал алдахгүй, энд тэндээс тендер зохицуулж, бүлгийн, намын даргын албыг үнэгүйдүүлж, сөрөг хүчний нэр хүндийг унагаснаар олж авсан гэхэд хилсэдсэн болохгүй биз ээ. Дээрх дурдсан тендерүүд нэг л жишээ.
Энэ удаагийн УИХ сөрөг хүчингүй байна гэж хэлүүлтэл “ажиллаж” байгаа хүн бол О.Цогтгэрэл. Засаг төр хөдлөх, огцруулах дүйвээнээр гарч ирж мэдэгдэл хийхдээ давхар агуулгатай, ялих шалихгүй аахар шаахар зүйлс ярина. Тэр асуудлууд нь газар авахгүй тэгс ингэсхийгээд намжина. Н.Учралын Засгийн газар кабинетаа бүрдүүлээд 80 орчим хоног болж байхад огцруулахаа О.Цогтгэрэл сүр дуулиантай мэдэгдэж байв. Өөрийнхөө бланк дээр цуглуулсан гарын үсгийн тоо 40 болжээ. Гарын үсгийн тоо 64 хүрвэл УИХ хэлэлцэх учиртай. Тэрбээр “Сүүлийн хэдэн сарын хугацаанд муу засаг удвал нөхцөл байдал хэрхэн доройтдогийг харлаа. Өмнөх Засгийн газар руугаа буруугаа чихсэн хүмүүс гарч ирлээ. Н.Учрал Ерөнхий сайд болохынхоо өмнө УИХ-ын дарга, ЭЗХ-ийн сайд байсан. Тэр хүн нар, саран дээрээс ирээгүй. Өнгөрсөн 10 жил аль нам засаг барьсан юм. Энэ хүн хаана явсан юм” хэмээсэн ч дорвитой өөрчлөлт, шинэчлэлт ярихгүй асуудлыг тойруулаад “илсхийгээд” өнгөрөв. Засаг огцруулна гэж яриад хэдийнэ дөрвөн сар гаруй хугацаа өнгөрч байна. О.Цогтгэрэл хэлж л байдаг, МАН шоолж л байдаг гэх яриа Төрийн ордонд гарсан байна лээ.
Үүнээс өмнө Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах үеэр өөрсдийг нь засагт оруулбал эсрэг кноп дарахгүй улмаар долоон сайдын суудал авна гэх яриа хэлцэл хийсэн ч амжилт олоогүй гэдэг. Үүний өмнө Н.Учралыг УИХ-ын дарга байхад албан тушаалаасаа огцрох хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй хэмээн ирцээр “бойкотлож” байв. Тэд ч санасандаа хүрч, Н.Учрал ажлаа өгч, Ерөнхий сайд болсон.
Энэ хэдхэн жишээ АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг эрх мэдэл, албан тушаал өгч болохгүй хүн гэдгийг бэлхнээ харуулж байна. Гэтэл одоо Ерөнхийлөгчийн сэнтий рүү санаархаж буй үйлдэл нь өөгшүүлж болох зүйл бишийн дээр харин ч намынх нь нөхөд улс төрийн хариуцлага хүлээлгэх ёстойг илтгэж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.16.21
Бат-Үүлтэй хийсэн ярилцлагыг нь үзсэн, ухаантай хүн биш байна лээ?
Хариулах