Нийт ой хээрийн түймрийн 70 гаруй хувь нь зүүн гурван аймагт гарчээ

Х.Батсайхан
1 цаг 20 минутын өмнө

Он гарснаас хойш /X.11-ний байдлаар/ улсын хэмжээнд 172 удаагийн ой хээрийн түймэр гарчээ. Түймрийн улмаас нэг хүний амь хохирч, хоёр хүн түлэгдэж гэмтсэн байна.

Байршлаар нь авч үзвэл, Нийслэлийн хоёр дүүрэг, 12 аймгийн 62 суманд ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36.2 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд нийт тохиолдлын 134 нь буюу 77 хувь нь хээрийн түймэр байжээ.

172 удаагийн ой, хээрийн түймрээс Онцгой байдлын алба хаагчид 4,950 гэр, 25 өвөлжөө, хашаа, найман тээврийн хэрэгслийг авран хамгаалж, гурван өрхийн найман иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, 3,760 орчим толгой мал, амьтныг аварчээ.

Гэсэн хэдий ч түймрийн улмаас 12 гэр, хоёр байшин, зургаан өвөлжөө, 38 хашаа, саравч, зургаан тээврийн хэрэгсэл шатаж, их хэмжээний хохирол учирсан байна. Түүнчлэн 131 толгой том мал, 1,012 толгой жижиг мал галд өртөж хорогджээ.

Урьдчилсан тооцооллоор, нийт 1,016,908 га талбай галд өртөж, ойролцоогоор 7.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.  

Түймрийн тохиолдлын тоогоор авч үзвэл Дорнод аймагт хамгийн олон буюу 61 удаагийн түймэр гарсан бол Сүхбаатар аймагт 39, Хэнтий аймагт 28 удаагийн түймэр тус, тус бүртгэгджээ. Энэ нь нийт түймрийн 70 гаруй хувь болж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна