Ж.Баярмаа: Ард түмний татварын мөнгийг ямар ч ашиггүй байшин барилга барихад зарцуулж болохгүй

Х.Есү
1 цаг 52 минутын өмнө

2027 оны төсөвт аймаг сумдуудад "Мэдээлэл өгөх төв", "Аялал жуулчлалын мэдээллийн төв"-ийг барих олн тэрбум төгрөгийг тусгажээ. Уг асуудлын талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай ярилцлаа. 

-"Мэдээлэл өгөх төв"  үнэхээр хэрэгцээ шаардлагатай юу?

-2024 онд анх төсөв баталж байхад л би үүнийг анхаарч үзсэн. Тухайн үед л эсэргүүцэж эхэлсэн. Б.Жавхлан сайд чи амьдрал мэдэхгүй байна. Хөдөө явж үз гэж байсан. Би яг 2024 оны 11 дүгээр сард Завхан аймгийн урд сумдуудаар явсан. Явахдаа бүр ярилцлага хийсэн. Иргэдээс тухайн үед асуухад "мэдээлэл өгөх төв" ямар ч хэрэггүй ээ гэж байсан. Мэдээллийг гар утсаараа бүрэн авч байгаа, байшин бариад тэндээс мэдээлэл авдаг цаг өнгөрсөн гэдгийг хэлж байсан. Харин эсэргээрээ байгаа барилга байшингынхаа ашиглалтыг сайжруулмаар байна гэдэг зүйлийг хэлж байсан. 

Одоо бүр "Аялал жуулчлалын мэдээллийн төв" гээд баяжуулаад оруулж ирж байна. Энэ чинь ямар ч утгагүй зүйл шүү дээ. Зарим нэг сумдад баригдсан юм байна. Асар олон тэрбумаар аялал жуулчлалын мэдээллийн төв, судалгаа мэдээлийн төв гэх мэт хэнд ч хэрэггүй, юунд ч ашигдагдахгүй байшингуудыг барьж байна. Үүнийг дагаад урсгал зардал өсчихөж байгаа юм. Давхар давхар ачаалал өсгөхүйц ийм  хэмжээний хөрөнгө оруулалтын зардлаа хас гэсэн зарчмын зөрүүтэй саналууд оруулсан боловч харамсалтай нь бүгд унасан. 

Хан-уул дүүрэгт соёлын ордон барина гэнэ. Сургууль нь хүрэлцэхгүй байхад юун соёлын ордон бэ? 19-р хороонд соёлын ордных шиг шинж чанартай хувийн хэвшлийнхний барьсан барилга зөндөө байгаа. Хувийн хэвшлийн хийж болхуйц зүйлийг татвар төлөгчдийн мөнгөөр хийж болохгүй гээд хуулиндаа заачихсан. Нэгдүгээрт хуулиа зөрчиж байна. Хоёрдугаарт цэвэр үргүй зардал гаргаж байна. 

Ард иргэдийн хөлс хүчээ шавхан байж олсон мөнгөөр, тэдний татвараар ямар ч ашиггүй зүйл хийж болохгүй гэсэн байр суурьтай байна. 

-Үүнийг хийх гээд байгаа шалтгааныг нь юу гэж харж байна вэ?

-Асар өндөр үргүй зардал гаргах гээд байна. Нэг соёлын төв байхад дахиад барих гээд байдаг зорилго нь юу юм бэ? Хүмүүс мөнгө угаах гэж байна гэж хардах нь зүй ёсны асуудал. 

-Бүсийн дотуур байр барина гэж ярьж байна. Тэгвэл үүн дээр таны байр суурь ямар байна вэ?

-Энэ дээр хоёр асуудал байгаа. Нэгдүгээрт тавьж байгаа төсөв нь Оюутолгойгоос гэж байгаа биз. Гэтэл одоо явж байгаа санал асуулга нь Оюутолгойн төслөөр эдгээр дотуур байрыг барьж болох уу, үгүй юу гэж асуугаад байгаа юм. Гэтэл аль хэдийн барина гээд төсвийн төсөлд суучихсан. Хуулиа баримаар байна. Монгол Улсад хуулийн засаглал байхгүй болчихлоо.

Өнөөдөр иргэдэд мөнгөнөөс их хэрэгтэй юм алга байна. Татварын ачаалалд сөгдөж байна. Үнийн өсөлтөд дарамтлуулж байна. Өнөөдөр энэ мөнгөө авч ашиглах уу, эсвэл одоо үйлчилж байгаа хуулийн дагуу 2030 он хүртэл ашиглахгүй байх уу? гэдэг хоёр асуултыг л асуух ёстой байсан юм" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна