Х.Ганхуяг: Ирэх оны төсвийн урсгал зардлаас 493, хөрөнгийнхөөс 497 тэрбумыг танаж, хөрөнгө оруулалтад зарцуулна

С.Гандэлгэр
16 цаг 2 минутын өмнө

Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наяд төгрөгийг төсөвт биш Хуримтлалын санд төвлөрүүлэхээр болсонтой холбоотойгоор 43.6 их наяд төгрөгийн зарлага бүхий ирэх оны төсөвт өөрчлөлт орох болсон. Төсөв тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа. 

-Ирэх оны улсын төсвийн төслийг УИХ хэлэлцэж байна. Оюутолгойн ногдол ашиг хоёр их наядыг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр болсонтой холбоотойгоор төсвийн хөрөнгө оруулалт их хэмжээгээр буурсан. Эл асуудлыг төсвийн ажлын хэсэг хэрхэн шийдсэн бэ ? 

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хариуцсан ажил дуусах шатандаа орж байна. Төсвийн ажлын хэсэг ирэх оны төсвийг боогоод Байнгын хороо дээр хэлэлцүүлээд зарчмын зөрүүтэй саналуудыг хурааж дууслаа. 2027 оны төсвийн онцлог бол Оюутолгойн ногдол ашгаас гурван их наяд төгрөгийг татан төвлөрүүлэхээр тооцож, өргөн барьсан. Үүнээс хоёр их наядыг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад, нэг их наядыг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу хуримтлалын санд хуримтлуулах байдлаар анх хууль маань өргөн баригдсан. Гэвч Оюунтолгойн ногдол ашигтай холбоотойгоор хөрөнгө оруулалтын хоёр их наяд төгрөг дээр 600 гаруй зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын гишүүд гаргасан байсан. Тэгснээр тус ногдол ашгийг Хуримтлалын сан руу оруулах буюу бүтээн байгуулалт хийхгүй байхаар төслөө татаж авсан. 
Энэ шийдвэр улсын төсөвт ямар дарамт авчирч байна вэ гэхээр Оюутолгойн ногдол ашгаар улсын хэмжээний эрчим хүч болон дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын салбарын томоохон хөрөнгө оруулалтууд татагдчихсан. Үүнийг нь бид улсын төсөв дээр зай гаргаж, оруулах шаардлага үүссэн. Үндсэндээ улсын төсөв дээр нэг их наяд төгрөгийн зохицуулалт хийгдлээ. 
- Урсгал зардлаасаа танаад хөрөнгө оруулалтад тусгасан гэсэн үг үү ?
Урсгал зардлаас 493 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах зохицуулалт хийсэн. Тухайлбал 2026 оны төсвийн тодотгол дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж, асран хамгаалагчийн зардлыг УИХ нэмэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор 102 тэрбум төгрөгийг урсгал зардлаас бууруулж, тэтгэлэг, тэтгэмжид зарцуулахаар болсон. 
Мөн гадаад томилолтын зардлын хувьд дипломат төлөөлөгчийн газраас бусад бүх төрийн байгууллагын томилолтын зардлыг танасан. Хэвлэл мэдээллийн зардлыг бол "зөвхөн хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор" гаргана гэж оруулсан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, засгийн газрын мэдээлэл дамжуулах, гамшгийн эрсдэл гэх мэт зорилгоор хэвлэл мэдээллийн зардал гаргаж болно гэж заасан. Нэг ёсондоо салбар яамд, сайд нар хэвлэл мэдээллийн гэрээ хийх боломжгүй болж байна гэсэн үг. 
Мөн аялал жуулчлалын татаас болон бусад төрлийн татааснуудыг танаж байгаа. 
- Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн зардал бас тусгагдсан байсан шүү дээ ?

Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын зардал танагдах байсан бол улсын төсвөөр шийдвэрлэхээр оруулсан. Нийт 75 тэрбум төгрөгийн асуудлыг улсын төсвөөр шийдэхээр болсон. Ногоон шилжилтийг ирэх жилээс хийж эхлэхээр аймаг, дүүрэг бүрд нэг дулааныг нь ногоон эрчим хүчээр шийдсэн сургууль бий болгохоор тусгасан. Ерөнхий боловсролын сургуульд сурч буй 6-7-р ангийн хүүхдүүдийн үдийн хоолны зардлыг ирэх жилээс олгохоор шийдсэн.
Сүүлийн 10-аад жил шүүхдэж, гурван шатны шүүхээр ялсан "Бэрхийн уурхай"-н хохирогчдын нөхөн төлбөрийг 2027 оны төсөв дээр тусгасан. 
Шаардлагагүй төслийн нэгжүүдийг татан буулгаж, төсвийг нь хөрөнгө оруулалтын зардалд хуваарилсан. 
 Түүнчлэн улсын хэмжээнд 100 сургууль дээр цахим анги байгуулах, 
Гэх мэтчилэн урсгал зардлаас танасаар 493 тэрбум, хөрөнгийн зардлаас 497 тэрбумыг танаж, хөрөнгө оруулалт дээр тусгасан. Харин урсгал зардлаас танаагүй зардал гэвэл төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгал, халамж, эрүүл мэнд, боловсролын гүйцэтгэл, орон нутгийн төсөв зэргээс бусад бүх зардлыг бүх төсвийн ерөнхийлөн захирагч нараас нэгэн жигд 6.5 хувийг хассан. Бусад татаас, сангуудыг төсвийг 2026 оны төсвийн түвшинд авчирсан. 
- Оюутолгойн санхүүжилтээр хэрэгжих төслүүд дунд 240 тэрбум төгрөгөөр 100 сургуулийг ногоон болгоно гэж төсөвлөсөн байсан. Энэ төсөл ирэх онд хэдэн төгрөгөөр хэрэгжихээр болсон бэ ? 
Тус ногоон шилжилтийн төсвийг 15 тэрбумаар 30 сургууль дээр хийе гэж байгаа. Хотод бол гэр хорооллын сургуулиудыг нарны эрчим хүчээр хангадаг, хийн халаагуураар шийдсэн, нүүрс түлдэггүй болгоно л гэсэн үг. 
- Ирэх онд хэрэгжих томоохон бүтээн байгуулалтаас дурдвал ?
Онцлох нийгмийн салбарын бүтээн байгуулалт гэвэл Эх нялхасын эрүүл мэндийн төвийн засвар, өргөтгөл ирэх жилдээ бүтэн дуусна. Үндсэндээ 93 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа. Жил болгон амсуулаад явдаг байсан бол ирэх жил дуусгахаар байгаа. Шүүхийн ил тод байдлыг хангах үүднээс улсын хэмжээнд үлдчихсэн байсан шүүхийн байрнуудын өрөө тасалгааг камераар хангах төсвийг тусгасан. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах үүднээс энэ жил 80 сумд туулах чадвар сайтай автомашин авч өгсөн бол ирэх онд үлдсэн сумдыг туулах чадвар сайтай автомашинаар хангахаар болсон. Мөн 2026 онд цалин нь нэмэгдээгүй төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэхээр тусгасан. 
- Оюутолгойгоос орж ирэх хоёр их наядаар хэрэгжих байсан 50 гаруй төсөл байсан. Дунд нь байсан томоохон төслүүдэд шаардлагатай төсвийг шийдсэн байгаа юу ? Тухайлбал 10 аймгийн дулааны станцын асуудал ихээхэн яригдсан шүү дээ...
Нийт 51 төсөл байсан бол тэдэн дундаас ТЭЦ VI төслийн Монголын талын хөрөнгө оруулалтын 400 тэрбум байсан. Үүнийг нь Засгийн газар болон орон нутгийн удирдлагад бонд гаргах эрхийг нь өгөх замаар шийдсэн. Нийт 300 тэрбум төгрөгөөр бонд гаргах эрхтэй болно гэсэн үг. Мөн төрөлжсөн ахлах сургуулиудын дотуур байрыг нийт дөрвөн бүсэд байгуулахаар болсон. 
Засгийн газрын бодлого гэдэг улсын төсвөөр илэрхийлэгдэж байдаг. Энэ бодлого алдагдахгүйгээр явж байгаа гэдгээрээ онцлог гэсэн үг. 
- Эрчим хүчний салбарт олон төсөл хэрэгжихээр тусгагдсан байсан ч эх үүсвэргүй болчихсон гэхэд хилсдэхгүй байх. Таны хувь энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ ? 
Энэ асуудлаар УИХ-ын зүгээс уржигдар Засгийн газартай хэлэлцээр хийсэн. ТЭЦ VI-ийн асуудлыг бондоор шийднэ. Орон нутгийн 9 аймагт бонд гаргах эрхийг нь өгчихье гэж байгаа. Энэ салбарт бол хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаа юм байна лээ. Сэргээгдэх эрчим хүч байна уу, дулааны станц байна уу хамаагүй. Гагцхүү тариф дээрээ тохирох асуудал байгаа юм байна лээ. Энэ асуудлыг нь либералчилж өгөх хэрэгтэй. Дуудлага худалдааны зарчим буюу шударга зарчмаар явуулбал хөрөнгө оруулалт хангалттай орж ирэхээр байгаа. Энэ асуудлыг заавал улсын төсвөөр шийдэх албагүй. Бүрэн боломжтой гэж харж байгаа. 
- Урсгал зардал, хөрөнгийн зардал зэргээс нэлээд өндөр дүнг танаж, хөрөнгө оруулалтад тусгасан байна. Урсгал зардал болон хөрөнгө оруулалтын харьцаа ямар болох вэ ? 
Анх орж ирэхдээ 2027 оны төсөв маань 43.6 их наяд төгрөгийн зарлага гаргана гэж орж ирсэн. Түүнээс хоёр их наядыг нь татагдсан. Үлдэж байгаа 41 их наядын зарлага байгаагаас тав орчим их наядын хөрөнгө оруулалт хийгдэнэ гэсэн үг. 
- Засгийн газар ногдол ашгийг төсөвт төвлөрүүлж зарцуулах хуулийн төслөө татаж авсан шалтгааныг юу гэж харж байна вэ ? Өмнө нь дурдсанчлан хэдэн зуун зарчмын зөрүүтэй санал гарснаас болоод төслөө татчихав уу ? 
Бүх л гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргасан. Зарим нь бол шууд цалин болгох, шууд тэтгэвэр болгох санал ч гаргасан. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг зөрчих гээд байсан. Тиймээс бид эдгээр асуудлыг шийднэ гэвэл Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж байж шийднэ. Засгийн газар бол өөрсдийн зүгээс шийдэл гаргах гэж үзлээ. Бүтээн байгуулалт, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулна. Өнөөдөргүй ирээдүй гэж байхгүйтэй адил тулгамдаад байгаа асуудлуудаа шийдье гэж оруулж ирсэн ч харамсалтай нь нэг бол тэтгэвэр, цалин нэмнэ, аль нэг тойрогт өөр бүтээн байгуулалт хийх санал гаргаснаар бодлого нь алдагдах гээд байсан учраас төслөө татаж авсан байх. 
Магадгүй ногдол ашиг орж ирсэн мөчид засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж болно шүү дээ. Өнөөдрийн нөхцөлд төслөө татсан нь зөв байсан. 
- 2027 оны улсын төсвийн хүрээнд нийтдээ хэдэн зарчмын зөрүүтэй санал гарсан бэ ? Төсвийн байнгын хорооны хурлын үеэр хэдэн санал хураасан бэ ? 
Ер нь 880 гаруй санал байсан. Оюутолгойн санал татагдсантай холбоотойгоор 260 санал үлдсэн. УИХ-ын гишүүд уулзаж байгаад зарим саналаа нэмж татаж байгаа. 
- Соёлын төв, иргэдэд мэдээлэл өгөх төв зэргийн асуудлыг зарим УИХ-ын гишүүд хөндөж байна. Та тэр асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ ? 
Иргэдэд мэдээлэл өгөх төв гэдэг маань энэ жилийн улсын төсвийн томьёололоороо Засаг даргын тамгын газрын байрыг илэрхийлж байгаа юм байна лээ. Нэр нь өөр болчихсон гэсэн үг. Магадгүй шуурхай үйлчлэх төв байж болно шүү дээ. Нэг цэгийн үйлчилгээний төв шиг. Тэгэхээр нэршил нь өөрчлөгдөнгүүт үл ойлголцол үүсээд байгаа байх. 

- Ярилцсанд баярлалаа



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна