“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан Оюутолгойн гүний уурхайд өчигдөр болсон ослын талаар байр суурь илэрхийлжээ.
Тэрбээр “Юуны түрүүнд гэмтэж бэртсэн хүмүүс хурдан, мөн бүрэн эдгэрээсэй гэж хүсэж байна. Харамсалтай нь энэ ослыг ганц нэг золгүй тохиолдол, эсвэл байгалийн давтагдашгүй хүчин зүйл мэтээр үл тоомсорлож өнгөрөөж болохгүй.
Оюу Толгойн осол, гэмтлийн давтамж 2025 оны төгсгөлд 0.22 байсан бол 2026 оны эхний улиралд 0.34, хоёрдугаар улиралд 0.33 болж өссөн нь жилийн зорилтот түвшин болох 0.27-оос нэлээд өндөр болсон. Энэ бол зүгээр нэг тоо биш. Уурхайн аюулгүй ажиллагаа, удирдлага, хяналт хэрхэн хэрэгжиж байгаад ноцтой асуудал байгааг харуулж байна.
Сүүлийн үеийн удирдлагын өөрчлөлтүүд (Гүйцэтгэх захирал, Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ерөнхий менежер г.м.) үүнд нөлөөлсөн эсэхийг ч бас тодруулах хэрэгтэй. Удирдлага солигдох явцад аюулгүй ажиллагаанд тавих анхаарал, хяналт, хариуцлага суларсан юм биш биз? Үүнийг бодитойгоор дүгнэх шаардлагатай.
Мөн өчигдрийн ослыг зөвхөн Оюу Толгой өөрөө шалгаад өнгөрөх ёсгүй. Хараат бус багаар давхар шалгуулж тайлагнах хэрэгтэй. Яг хаана уг осол болсон, осол юунаас болсон талаар тодорхой, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ёстой. Жишээ нь, олборлолтын Панел 0 хэсэгт үү, эсвэл ид бүтээн байгуулалт явагдаж буй Панел 2 хойд хэсэгт үү? Олборлолтын хэсэгт бол нураан олборлож буй цулд агаарын хөндий/даралт үүссэн үү? Бүтээн байгуулалтын хэсэгт бол тэсэлгээ, төлөвлөлтийн асуудал бий юу гэх мэтээр нарийвчлан тодруулах шаардлагатай. Мөн уг осол болсон хэсэгт өмнө нь чулуулгийн хагарал үүссэн нь тодорхой байсан эсэх, газар хөдлөлтийн шинжтэй чичирхийлэл хэзээ хэр их байдлаар хэмжигдсэн гэх мэт мэдээллүүдийг нээлттэй яагаад тайлагнахгүй байна вэ??
Ажилчдын амь нас, эрүүл мэнд бол үйлдвэрлэлийн төлөвлөгөө, ашиг орлогоос үргэлж дээгүүр байх ёстой. Оюу Толгой санаа зовж байгаагаа хэлээд өнгөрөх биш, бодит хариуцлага хүлээж, ийм осол дахин гаргахгүйн тулд юу хийхээ нийт ажилчид болон олон нийтэд тодорхой мэдээлэх хэрэгтэй” гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна