Ж.Эрдэнэбат: 580 сая долларын өрийг хугацаанд нь төлнө

2017/01/06

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт, чиглэл авах, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох, Засгийн газрын гишүүд-сайд нартай хамтран ажиллах гэрээ байгуулах зорилго бүхий энэ семинарт Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат өнөөдөр оролцлоо. Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудад цаг үеийн мэдээлэл хийж, тэдний асуултад хариулж, үүрэг даалгавар өглөө.

Орон нутагт хэмнэлтийн горимоор ажиллах ёстой. Засгийн газар гадаад томилолтыг хязгаарласан. Гэхдээ эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн хамтын ажиллагаанд үр дүнтэй айлчлал хийж болно. Гол нь гаргасан зардлаа хэд дахин нугалах амжилт гаргах учиртайг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Монгол Улс 2017 оны эхний улиралд 580 сая долларын өр төлнө. Засгийн газар энэ өрийг саадгүй, эдийн засагтаа дарамт болохгүйгээр, ачааллыг нь ард түмэндээ үүрүүлэхгүйгээр төлөх гарц шийдлээ олсон, хугацаандаа төлнө гэлээ. Мөн, Тавантолгойн ордын 49 хувийг 400 сая доллараар зарах гэж байна, ганц компанид өгөх гэж байна зэрэг мэдээлэл гарч байна. Эдгээр мэдээлэл ташаа гэдгийг мэдэгдье. Засгийн газарт ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг боловсруулсан санал дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлнэ. Дэлхийн үнэлэгдсэн ийм ордоо Монголын ард түмний эрх ашигт нийцэхгүйгээр шийдэхгүй гэж Ерөнхий сайд хэллээ.

Монгол Улсын 330 гаруй сумын 170 гаруй нь эмнэлгийн машингүй байна. Энэ онд багтааж сумын эмнэлгийг бүрэн унаажуулна гэлээ.

Улаанбаатар хотын гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифийг тэглэсэн. Энэ нь утаанаас ангижрах цогц арга биш. Агаарын бохирдол өргөс авсан мэт арилахгүй. Утаа багасгах бололцоотой бүхий л арга хэмжээг Засгийн газар хэрэгжүүлнэ. Агаарын бохирдол, утаатай холбоотой асуудал ганц нийслэл хотынх биш. Орон нутагт утаанаас сэргийлэх ажлыг одооноос хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Орон нутгийн хөгжилд зориулсан аж ахуйн нэгж, компаниудын хандив тусламжийн 50 хувийг ажлын байр нэмэгдүүлэхэд зарцуулж байх, орон нутагт хийх зам, барилга зэрэг дэд бүтэц, бусад төслийн сонгон шалгаруулалт, бэлтгэл ажлыг эртнээс хийж дөрөвдүгээр сарын 1-нээс ажлыг эхлүүлэх ёстой гэдгийг хатуу анхаарууллаа.

Засгийн газар, орон нутгийн удирдлагуудын ажлын арга барил, хамтын ажиллагаа, санаачилга, зүтгэлээс Монгол Улс, монголчуудын амьдрал ихээхэн хамаарна гэж Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудад хандаж хэлсэн үгэндээ онцоллоо.

 

Семинарын төгсгөлд Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, баталгаажууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна