Том артай, зүсээ хувилгаж, дүрээ өөрчилсөн архи үхэл дагуулсаар...

2017/01/17
2017 оны нэгдүгээр сарын 16-нд цагдаагийн байгууллагад 12:10 цагийн үед Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт хордсон иргэн байна гэх дуудлага иржээ. Үүнээс хойш 20:40 цаг хүртэл нийт таван иргэн хордсон гэх дуудлага ирсэн аж. Хордсон гэх иргэд бүгд амиа алдсан бөгөөд талийгаачдийн уусан архийг одоогоор шинжилгээнд өгөөд байгаа аж. Дээрх хүмүүсийн архи уусан газраас 2016.12.24 гэсэн огноотой “Найрсаг” хэмээх архины шил, “Гайхмаараа” хэмээх шингэн бодисны сав олдсон байна. Ийнхүү тус дүүргийн цагдаагийнхан тэр хавийн 761 газарт шалгалт хийж, 3365 шил архи битүүмжилжээ.

Дээрх “Найрсаг” хэмээх архийг “Мөнхжин-Од” гэдэг компани үйлдвэрлэдэг аж. “Мөнхжин-Од” компани нь өмнө нь олон удаагийн шалгалтад бүдэрч байсан бөгөөд одоогоос зургаа, долоон жилийн өмнөөс л асуудалтай хэмээн шалгагдаж байжээ.
 
“Мөнхжин-Од” хууль тогтоомжийг зөрчсөнийг тогтоожээ  

2011.11.29 Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, НЗДТГ, нийслэлийн Цагдаагийн газартай хамтран нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа үйлдвэрлэдэг жижиг аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн байна. Шалгалтад "Мөнхжин-Од"  зэрэг олон аж ахуйн нэгж хамрагджээ. Шалгалтын явцад "Мөнхжин-Од"  компани нь чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг хямд үнээр борлуулж, бусдын барааны тэмдэг бүхий шилийг ашиглаж өөрийн бүтээгдэхүүнийг савладаг, Онцгой албан татварын хуурамч тэмдэг ашиглан хямд, чанаргүй архи үйлдвэрлэн худалдаанд гаргаж, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж байсныг тогтоожээ. Монгол Улсын хууль, тогтоомжид зааснаар 2 литр архи тутамд хоёр ам.долларын Онцгой албан татвар төлж, “Акц” буюу “Онцгой албан татвар”-ын тэмдэгийг авдаг бөгөөд тус тэмдгийг бүтээгдэхүүн дээрээ нааж худалдаанд гаргах журамтай аж. Тиймээс дээрх аж ахуйн нэгжүүдэд торгуулийн арга хэмжээ авч, үйл ажиллагааг нь зогсоож, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай саналыг салбар эрхэлсэн яам, хариуцсан албан тушаалтанд хүргүүлэхээр болжээ.
 
"Мөнхжин" нэртэй 6000 ширхэг хуурамч архи үйлдвэрлэжээ
 
2012.02.03 Нийслэлийн Баянзүрх дүүргийн V хороонд орших "Мөнхжин-Од" ХХК-ийн архины үйлдвэрт хуурамч архи үйлдвэрлэсэн болох нь шалгалтаар тогтоогджээ. Шалгалтаар "Мөнхжин" нэртэй 6000 ширхэг архи худалдах гэж байсныг цагдаагийнхан илрүүлсэн төдийгүй "Мөнхжин-Од" ХХК нь өнгөрсөн сараас эхлэн онцгой албан татварын хуурамч наалт /акц/ нааж, худалдаалж байсан байна. Тус архийг урд хөршөөс спирт авчиран найруулж шилэнд савлан хямд үнээр худалдаалдаг байжээ. Шошго, онцгой албан татварын хуурамч наалтыг нэгэн хэвлэлийн компаниар хэвлүүлсэн нь ч мөн илэрсэн байна.
 
“Мөнхжин-Од”-ын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно
 
2013.09.27 Нийслэлийн Баянзүрх дүүргийн XXVII хороонд байрлах “Нэмоол” компанийн хүнсний дэлгүүрт “Мөнхжин-Од” ХХК-д үйлдвэрлэсэн “Мөнхжин” нэртэй 500 болон 750 граммаар савлагдсан архи нь Оюуны өмчийн газраар баталгаажуулсан бусдын барааны тэмдэгтэй шилэнд савлагдан худалдаалагдаж байсныг илрүүлж, борлуулалтыг зогсоосон бөгөөд уг архины акцизыг “Мөнхийн үсэг групп” ХХК-д хүргүүлж дүгнэлт гаргуулахад хуурамч болох нь тогтоогдсон байна. Иймд тус хэргийг Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлэхээс гадна Өрсөлдөөний хуулийн 12.1.4-т заасны дагуу таван сая төгрөгөөр торгож, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг Үйлдвэр хөдөө, аж ахуйн яаманд хүргүүлээд байна.
 
“Мөнхжин” архинаас сэрэмжлээрэй

2015.05.21 Нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс “Хямд архи” нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа. Энэ арга хэмжээний хүрээнд 10 000 орчим хуурамч архи хурааж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлжээ. Шинжилгээний хариуд татварын акц нь хуурамч, архи нь хольцтой гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ архийг их хэмжээгээр хөдөө, орон нутагт ачуулсан байж болзошгүй байгаа тул иргэд та бүхэн үүнтэй холбоотой мэдээллийг харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтсүүд, 102 дугаарын утсанд мэдээлэл өгч хамтран ажиллавал иргэд чанрын баталгаагүй архинд хордох, хямд архи үйлдвэрлэж байгаа этгээдүүдийг өөгшүүлэхээс урьдчилан сэргийлэх юм. Одоогийн байдлаар хуурамч архи болох нь тогтоогдсон “Мөнхжин” архийг үйлдвэрлэсэн этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Том артай л газар юм даа “Мөнхжин-Од” хэмээх энэ компани үүнээс ч олон удаагийн шалгалтад бүдэрсэн ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгааг нь өнөөдрийн байдлаас харж болно. Хаа сайгүй, 3500, 5000 төгрөгөөр худалдаалдаг байсан “Мөнхжин” хэмээх “хор”-ныхоо зүсийг нь хувилгаж, дүрийг нь өөрчлөөд “Найрсаг” хэмээн нэрлээд зарж байна. Хямд үнэтэй энэхүү архийг гэр хороололд түлхүү худалдаалдаг бөгөөд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа нь “Мөнхжин од” компани том артай болохыг гэрчлээд байх шиг. Алийн болгон архи нэртэй хямдхан хоронд хордож, амиа тавьж туусаар байх вэ. Хууль хяналтын байгууллага дүрэм журмаа хэрэгжүүлээд олон удаагийн шалгалтад бүдэрсэн энэ компанийн тоног төхөөрөмжийг хураагаад, үйл ажиллагааг нь бүр зогсоогоод өгөөч... Тэгэхгүй бол дахин дахин дүрээ өөрчилж гарч ирээд, үүнээс ч олон хүний аминд хүрнэ шүү.
 
 Эх сурвалж: MMINFO.MN 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна