БНХАУ-ын иргэд монголд визгүй зорчдог болсон гэх мэдээллийг үгүйсгэлээ

20 цаг 12 минутын өмнө
БНХАУ-ын иргэд монголд визгүй зорчдог болсон тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд шуугиан тарьж байна. Тодруулбал уг асуудлаар өчигдөр Сүмогийн Их аварга Д.Дагвадорж фэйсбүүкт "Энэ сайн өдөр шоконд орохоор мэдээ сонслоо!!! Хятад иргэд Монголд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих болсон байна! 1сарын 5 наас!!!!!! " хэмээх постыг оруулсан нь иргэдийг бухимдуулахад хүргэсэн байна.

Тэгвэл дээрх мэдээллийг Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил үндэслэлгүй гэдгийг баталж "Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Ор үндэслэлгүй худлаа мэдээлэл явж байгаад харамсалтай байна. БНХАУ-ын иргэд одоог хүртэл визтэй зорчсоор байгаа" хэмээв.

Гадаад Харилцааны Яамнаас дараах мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна. 

МЭДЭГДЭЛ

Олон нийтийн сүлжээгээр БНХАУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино гэсэн мэдээлэл гарч байгаа нь ташаа мэдээлэл болохыг Гадаад харилцааны яам хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Гадаад улсын иргэдийг Монгол Улсын визээс чөлөөлөх асуудлыг олон улсын гэрээгээр шийдвэрлэх хуулийн зохицуулалттай бөгөөд хятад иргэдийг визгүй зорчуулах талаар Засгийн газраас ямар нэг шийдвэр гараагүй болно.

Хоёр улсын иргэд харилцан зорчих асуудлыг Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол, Хятадын хооронд 1989 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу зохицуулдаг бөгөөд энгийн паспорттай хятад иргэд Монгол Улсын виз авах шаардлага хэвээр мөрдөгдөж байна.

Сүүлийн үед зарим хувь хүмүүс олон нийтийн сүлжээг ашиглан гадаад бодлого, хоёр улсын харилцаатай холбоотой асуудлаар хариуцлагагүй, худал мэдээлэл түгээж, улмаар ард иргэдийг бухимдуулах, хоёр улсын харилцаанд сэв суулгаж болзошгүй мэдэгдэл хийж байгаа тул иргэд та бүхэн эдгээр мэдээллийг сайтар нягталж, зөвхөн албан ёсны эх сурвалжийн мэдээлэлтэй танилцаж байхыг хүсье.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна