Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлана

9 минутын өмнө
МАН-ын бүлэг хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг буцаах шийдвэр гаргаж Төрийн байгуулалтын байнгын хороонд саналаа хүргүүлсэн юм. Тэгвэл өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын таван гишүүний өнгөрсөн арванхоёрдугаар сард өргөн мэдүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ сарын 19-ний өдөр МАНын албан бичгээр Сонгуулийн тухай хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг салган хэлэлцэх явцад өмнөх хуулиа хэрхэн хүчингүй болгох асуудал тусгагдаагүй, гишүүд, ард иргэдийн түвшинд нэгдсэн ойлголтод хүрээгүй. Мөн хуулийн төслийн хэлэлцүүлэг сунжирсан нь хуулийн төсөлд тусгасан хуулийн хугацаануудтай зөрчилдөж байгаа, цаашид хуулийг хэлэлцэн баталж хэрэгжүүлэхэд цаг хугацааны хувьд хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзэж Төрийн байгуулалтын байнгын хороонд саналаа ирүүлснийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа чуулганы хуралдаанд танилцуулсан юм

. Тэрээр “Байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжих боломжгүй гэж үзэж, чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй шийдвэрлэсэн” гэв. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нар ажлын хэсгийн хамт оролцов. Гишүүдийн зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийг зарлахад ямар асуудал төвөгтэй, бүрхэг байдал үүсээд байгааг тодруулсан юм. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр ноднин “Энэ хуулиар сонгууль явуулах юм бол бослого гарна, алдаатай олон зүйл байна гээд үсрээд байсан. Алдаатай зүйлийг нь засч залруулъя, хуулийн согогыг илрүүлж, усыг нь шахах гэхээр шахуулдаггүй чинь ямар учиртай юм бэ. Сонгуулийн нэгдсэн хуульд алдаатай олон зүйл бий. Хууль тойрсон маргаанаас үүдэлтэй элдэв юм болох вий. Би үүнээс болгоомжилж байна. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Ерөнхийлөгчийн сонгуулийг зарлахад цаг хугацааны тухайд бүрхэг асуудлууд байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах хугацаа тодорхойгүй, дахин санал хураах хугацаа 30 хоногийн дотор гэсэн атлаа долоо хоногийн дотор гэсэн хоёр заалт байгаа. Гишүүдээс хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 150 санал гаргасан нь хуулийн төсөл боловсруулах шаардлага байгааг харуулна” гэсэн бол МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар “Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулдаг буруу жишгийг халах хэрэгтэй гэж бид үзсэн. Одоо үйлчилж байгаа хуулиар сонгууль явуулахад зарчмын хувьд боломжгүй зүйл байхгүй” гэдгийг онцолж байлаа.

Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хуулийн төсөл санаачлагчдад буцаах нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн 88.4 хувь нь дэмжсэн юм. Харин дараа нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийх байсан ч АН-ын бүлгээс мэдээллийн хугацааг хойшлуулах хүсэлт гаргав. Харин энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлах юм. Тодруулбал, энэ сарын 24-ны мягмар гаригт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн пүрэв, баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хоёр асуудлыг хэлэлцэх юм.
  ЭХ СУРВАЛЖ: POLIT.MN

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна