Д.Арвин 1.3 тэрбумын төслийг бэрийнхээ компанид өгчээ

2017/01/23
УИХ-ын гишүүн асан Д.Арвин хувийн компанидаа тендер авсан гэх асуудалд байсгээд л орооцолддог байв. Тэдний нэг нь 2014-2015 онд бэрийнхээ компанид олгосон  гэх  тендер. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт сайдын багцаас Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөлд 1.3 тэрбум төгрөг суусныг тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Д.Арвин зүсийг нь хувирган бэрийнхээ компанид тендерийг өгсөн гэнэ.

Өөрөөр хэлбэл Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төслийг Худалдааны төв байгуулах төсөл хэмээн өөрчилж, “Өү, Ти, Юү” компанид ямар ч зураг төсөлгүй, тендер зарлалгүй төслийг хэрэгжүүлэх эрх өгч байжээ.

Тэрбээр дээрх асуудалд ямар нэг байдлаар УИХ-ын гишүүний давуу байдлаа ашигласан нь тодорхой байдаг. Учир нь 2014 оны тавдугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2014 оны төсвийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Арвин нарын дунд ширүүхэн мэтгэлцээн өрнөж байв. Төсвийн тодотголд Баянзүрх дүүрэгт хүнсний худалдааны төв байгуулахад зориулж улсын төсвөөс хөрөнгө гаргахаар санал гаргасныг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж буруутгаж, Д.Арвин гишүүнийг үүнд холбоотой гэсэн юм. Тэрбээр “Баянзүрх дүүрэг бусдаасаа хамгийн олон захтай. “Дүнжингарав” нэртэй цэлийсэн том худалдааны төв, наана нь УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн “Наран туул” худалдааны төв, “Да хүрээ” техникийн зах, Арслантай гүүрийн хажууханд “Баянзүрх” хүнсний зах, “Боса” гээд өдий төдий худалдааны төв, зах байхад төсвийн хөрөнгийг барж ядаж байгаа юм шиг хүнсний төв барихад зарцуулах нь зохисгүй. Түүнийг өөр зүйлд зарцуулах ёстой. Ер нь тэгээд Д.Арвин чиний Ардчилсан нам руу гүйж орсон чинь эмнэлгийн барилгаас болж мөнгө төгрөгийн асуудалд орооцолдоод аргагүйн эрхэнд орсон хэрэг” гэж зандарч байв.

Үүний хариуд Д.Арвин “Хүнийг гүтгэлээ, Баянзүрх дүүрэгт хүнсний төв байгуулвал олон иргэн ажлын байртай болно” гэх тайлбар хэлж байжээ. 
Б.СОНДОР 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна