Энэ хавар цаг урагшлахгүй

2017/02/08
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
 
Зуны цагийн тоололд шилжихгүй

Засгийн газрын хуралдаанаар “Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 82 дугаар тогтоол”-ыг хүчингүй болголоо. Уг тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 02 цагаас эхлэн тухайн жилийн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн бямба гаригийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулдаг байсан юм. Цагийн тооллыг ингэж урагшлуулж, хойшлуулах нь ард иргэдийн эрүүл мэнд, амьдралын хэв маягт сөрөг нөлөөлөхөөс гадна олон улсад мөрдөгдөж байгаа нислэгийн болон төмөр замын хуваарьт өөрчлөлт оруулдаг тул уг тогтоолыг хүчингүй болгуулахаар эрүүл мэндийн болон бусад байгууллагаас санал ирүүлдэг юм.
 
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо

21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, 5 малчныг “Улсын хошой аварга”, 5 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Аварга малчид 26-78 насныхан бөгөөд сүүлийн гурван жил сум, орон нутгийнхаа амьжиргааны түвшин доогуур, цөөн малтай 400 гаруй өрхөд 32 мянга гаруй толгой мал өгч малжуулжээ. Мөн зах зээлд 42 мянга гаруй, үржилд 17 мянга гаруй мал борлуулсан байна.

Малчид сүүлийн гурван жил нийт 18 тэрбум төгрөгийн орлого олж, мал аж ахуйн салбарт нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан 12 аж ахуйн нэгжийн 11 нь үр тариа, нэг нь төмс, хүнсний ногооны тариалан эрхэлдэг бол “Улсын аварга тариаланч” 21 иргэний 14 нь төмс, хүнсний ногоо, 7 нь үр тарианы аж ахуйн нэгжид механикжуулагчаар ажилладаг байна.  Аваргын болзол хангасан малчид, иргэд, тариаланчид, хамт олны шагнал /цом, тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, улаан халз бүхий 5 ханатай гэр/-ыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө гардуулах юм.
 
Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогыг баталлаа

Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

Шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, улс, орон нутгийн төсөв, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, хандив, тусламжид хамруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх замаар санхүүжүүлэх юм байна. Бодлогыг дунд болон урт хугацаанд гэсэн хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Дунд хугацаанд буюу 2017-2020 онд энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэх, инноваци, мэдлэгт тулгуурласан экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор төлөвлөсөн байна.

Мөн дэд бүтцийн хүчин чадлыг нэмэх, өргөтгөх, боловсон хүчний нөөц бүрдүүлэх, инноваци, мэдээллийн технологийн кластер байгуулж салбарын өсөлтийг дээшлүүлэх, шинэ зах зээл, бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болох нөхцөлийг бүрдүүлнэ. Харин урт хугацаанд буюу 2021-2025 онд салбарын өсөлтийг баталгаажуулж, өндөр технологи, инновацид суурилсан эдийн засгийн үр ашигтай, өндөр технологи бүхий үйлдвэрлэлийн шинэ салбарыг төлөвшүүлж, эдийн засаг, нийгэм, хүний хөгжилд оруулах үр нөлөөг нь нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Өнөөдрийн байдлаар манай улсад шилэн кабелийн сүлжээний нийт урт 35.363 км, радио релейний сүлжээний тархалт 8.400 км-т хүрч, бүх аймаг, сумын төв суурин болон хөдөлгөөнт холбоонд сүлжээнд холбогдоод байна.

Үүрэн телефон хэрэглэгчдийн тоо 2002 онд 235 мянга байсан бол 2016 оны хагас жилийн байдлаар 3 сая 110 мянга болж 100 хүнд ногдох үүрэн телефон хэрэглэгчийн тоо 144-д хүрчээ. Энэ нь хөгжиж буй орнууд болон дэлхийн дунджаас харьцангуй өндөр үзүүлэлт юм. Хөдөлгөөнт холбооны дөрөвдэх үеийн технологийг өнгөрсөн онд нэвтрүүлснээр 135 мянга гаруй хэрэглэгчтэй болжээ. Интернетийн үйлчилгээ нэвтэрсэн 20 жилийн хугацаанд 60 орчим компани интернетийн үйлчилгээ эрхэлж, байнгын хэрэглэгчийн тоо 2 сая 500 гаруй мянгад хүрсний 91 орчим хувь нь үүрэн холбооны гуравдахь үеийн технологи ашиглаж байна.
 
840 иргэнийг цэргийн дүйцүүлэх албанд авна

2017 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоо 840 байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах бол 5,052.230 /таван сая тавин хоёр мянга хоёр зуун гуч/ төгрөг байхаар тогтов. Дүйцүүлэх алба хааж байгаа иргэд батлан хамгаалах эрдэмд суралцахын зэрэгцээ байгалийн болон нийтийг хамарсан гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэм сахиулахад дэмжлэг үзүүлдэг. Мөн төв, орон нутагт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцдог юм. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрөөр орлуулан хаах иргэний төлбөрийн хэмжээг тогтоохдоо хугацаат цэргийн алба хаагчийн нэг жилийн хангамж, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар тооцдог байна.

Товч мэдээ

-
“Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хэлэлцэн дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов. Энэ байгууллагад нэгдэн орсноор бүс нутгийн орнуудтай ойн салбарт хамтран ажиллаж, шинэ нээлт, дэвшилтэт технологийг нь нэвтрүүлэх, ойн тогтвортой менежментийг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр төсөл, хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна