Монгол Улсын Засгийн газар энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр 580 сая ам.долларын зээлийн өр төлөх ёстой. Энэхүү зээлийг төлж барагдуулах чиглэлээр Монголбанк, Хөгжлийн банк, Сангийн яамны холбогдох хүмүүсээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулсан ч өнөөдрийг хүртэл ямар нэг шийдэл гарц олоогүй байна.
Бондын төлбөрийг барагдуулах санхүүгийн эх үүсвэрийг цуглуулах гурван хувилбар гаргасны нэг нь ОУВС-аас хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авах асуудал. ОУВС-ийн төлөөлөгчид манай улсад ажиллаж энэ асуудлаар яриа хэлэлцэээ хийж байгаа. Гэвч хараахан шийдвэрт хүрээгүй байгаа аж.
Энэ талаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “ОУВС-гийнхан манай улсад ирчихсэн хэлэлцээ хийж байгаа. Харилцан ойлголцсон байдлаар яриа хэлцэл явагдаж байгаа гэж ойлгосон. Би өчигдөр ОУВС-гийнхантай уулзсан. Тэд өнгөрсөн хугацаанд гарсан бодлогын томоохон алдаануудаа засахыг зөвлөж байгаа. Тухайлбал, Хөгжлийн банкинд Банкны тухай хууль үйлчилдэг болох, авилаа эрсдэлийг нь бууруулах арга хэмжээ авах, менежментийг нь хараат бус байлгах зэрэг саналыг ОУВС-гаас гаргасан. Тиймээс Хөгжлийн банкны тухай хуулийг олон улсын банк санхүүгийн байгууллагуудын дүрэм журамтай нийлцүүлэх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилд Хөгжлийн банк, Засгийн газрын бондтой холбоотой асуудлууд дээр алдаа гаргасан учраас Монгол Улс өнөөдөр өрөнд орчихоод байна.
ОУВС-гийнхан төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр мөн тодорхой санал гаргаж байгаа. Товчхондоо тэд Монгол Улсыг эдийн засгийн хямралаас богино хугацаанд гаргахад чиглэсэн арга хэмжээнүүдийг хамтарч хийх санал гаргаж байгаа юм ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд төгрөгийн ханшийг тогтворжуулахад зарцуулах мөнгө л Монголбанкны дансанд орж ирнэ. Харин ирэх гуравдугаар сард төлөх 580 сая ам.долларын өрийг яаж төлөх гэж байгааг нь би бараг бүтэн сарын хугацаанд ярьж, асууж байгаа. Одоогоор яаж төлөхөө танилцуулсан ямар нэгэн албан бичиг Төсвийн байнгын хороонд ирээгүй байна” гэжээ.
ОУВС-тай хийж буй хэлэлцээ ирэх долоо хоногт дуусах гэнэ. Тус сангаас аливаа улс оронд олгох мөнгөний хэмжээ нь тухайн улсаас ОУВС-д төлдөг хураамж, эзэмшиж хувь хэмжээнээс хамаардаг. Энэ тооцооллоор Монгол Улсад 440 гаруй сая ам.долларын зээл өгөх боломжтой гэж тооцжээ.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна