​Шинзо Абэ, Доналд Трамп нар хоёр талын эдийн засгийн харилцааг бэхжүүлэхээр тохиролцлоо

2017/02/11
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар өчигдөр Цагаан ордонд анхны Дээд хэмжээний уулзалтаа хийсний дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Япон-АНУ-ын харилцаа бол Ази-Номхон далайн бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлт болон эрх чөлөөний тулгын чулуу” гэжээ.

Тус бүс нутгийн аюулгүй байдлыг сайжруулахын тулд гүйцэтгэх үүрэг хариуцлагаа улам бүр нэмэгдүүлэхийн тулд аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхийг гадаад харилцаа болон батлан хамгаалахын сайд нарт хоёр улсын удирдагчид үүрэг болгосон байна.

Хоёр талын аюулгүй байдлын гэрээний тавдугаар заалтад Дорнод Хятадын тэнгисийн Сэнкакү арлуудын тухай тусгасан байдаг бөгөөд Японы эзэмшлийн эдгээр арал дээр бусад улс орон үйл ажиллагаа явуулахыг хэзээд эсэргүүцнэ гэж хоёр улсын удирдагчид хэлжээ. Япон улс эдгээр арлыг нутаг дэвсгэрийнхээ салшгүй нэг хэсэг гэж үздэг  боловч Хятад болон Тайвань өөрийн харьяаных гэж үздэг юм.

Түүнчлэн Өмнөд Хятадын тэнгисийн нөхцөл байдлыг хурцатгах ямар нэгэн үйлдэл хийхгүй байхыг “холбогдох улс орнуудад” тэд уриалжээ.

АНУ-ын агаарын цэргийн хүчний “Фүтэнма” баазыг Японы Окинава муж дотор нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхээ Ш.Абэ болон Д.Трамп нар мэдэгдсэн байна. Тус бааз нь Окинава мужийн хүн ам хамгийн шигүү суурьшсан бүсэд байдаг аж. Нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө бол оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулахгүй байх, тус баазын үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулах цорын ганц шийдэл гэж хоёр улсын удирдагчид үзэж байна.

Цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзаж, өдөөн хатгасан үйлдэл хийхээ зогсоохыг тэд Умард Солонгост уриалжээ. Мөн умард солонгосчуудад хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг аль болох хурдан шийдвэрлэх нь чухал гэж үзэж байгаагаа Япон болон АНУ-ын удирдагчдын аль аль нь илэрхийлжээ.

Эдийн засгийн асуудлын тухайд, уг мэдэгдэлд “дотоодын болон дэлхийн эдийн засгийн эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд төсөв, мөнгө болон бүтцийн шинэчлэлт гэсэн гурван чиглэлт бодлогуудыг хэрэгжүүлнэ. Чөлөөт болон шударга худалнааны зарчимд тулгуурлан хоёр талын болон бүс нутгийн эдийн засгийн харилцааг бэхжүүлнэ” гэжээ.

“Номхон далай дамнасан түншлэл” чөлөөт худалдааны хэлэлцээрийн гишүүнчлэлээс АНУ-ыг гаргах шийдвэрийг Д.Трамп гаргасантай холбоотойгоор хоёр талын худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаар хэлэлцээ хийхээр талууд тохиролцсон байна. Япон улс одоо байгаа бүс нутгийн санаачилгуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ мөн мэдэгджээ.

Д.Трамп болон дэд Ерөнхийлөгч Майк Пенс нарыг энэ онд Япон улсад албан ёсны айлчлал хийхийг Ш.Абэ урьжээ. Ерөнхийлөгч Д.Трамп урилгыг хүлээн авсан байна.
 
А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна