Умард Солонгос баллистик пуужин харвалаа

2017/02/12

ПХЕНЬЯН. /Yonhap/. Умард Солонгос орон нутгийн цагаар өнөө өглөөний 07:55 цагт баруун хойд нутгийн Умард Пёнган аймгаасаа баллистик пуужин харвалаа гэж Өмнөд Солонгосын арми мэдэгдлээ.

Пуужин 500 км зам туулаад Япон тэнгист унажээ.

Өмнөд Солонгосын армийн эх сурвалж мэдэгдэхдээ “өнөө өглөө харвасан пуужин нь тив алгасах баллистик пуужин биш. Харин шинэчилсэн загварын, дунд зайн тусгалтай “Мусудан” эсвэл “Родон” пуужин байж магадгүй” гэв.

Үүнээс өмнө хамгийн сүүлд өнгөрсөн оны 10 дугаар сард Умард Солонгос хоёр “Мусудан” пуужин харван туршсан юм. Пхеньян өнгөрсөн онд нийтдээ 20 гаруй баллистик пуужин харвасан байна.

Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойш Умард Солонгос анх удаагаа пуужин харвасан нь энэ юм. АНУ-ын шинэ засаг захиргаа Пхеньяны талаар ямар бодлого баримтлахыг тандаж мэдэх зорилгоор уг пуужинг харвасан байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж:Монцамэ.мн



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна