Ослын газраас зугтсан жолоочийг таван жил хүртэл хорих ялаар шийтгэнэ

2017/02/14
Замын цагдаагийн газарт энэ оны нэгдүгээр сарын 01-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй нийт 35 хэрэг бүртгэгджээ.

Уг хэргийн дийлэнх нь осол, хэргийн газрыг орхин явсан, зохих байгууллагад мэдэгдээгүй шалтгаантай байсан аж.

Үүнтэй холбоотойгоор осол гаргасан жолооч хэргийн газрыг санаатай болон санамсаргүй орхисон тохиолдолд хуулийн "хүнд" хариуцлага хүлээхийг сануулж байгаа юм.

Тодруулбал, тухайн бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд амь насанд аюул учруулж, хохироосон жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заажээ.

Мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм байна. 

Иймд эрхэм жолооч та бүхэн зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тохиолдолд тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж жолоочийн болон иргэний үүргээ биелүүлэхийг зөвлөж байна.

Т.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна