Хаврын ядаргааг гэж юу вэ, хэрхэн даван туулах вэ?

2017/03/15
Хүн болгоны яриад байдаг хаврын ядаргаа нь эмнэлгийн шинжлэх ухааны нэр томъёо гэдгийг хатагтай та мэдэх үү?

Хавар нарны тусгал хурц болж цаг агаар дулаарахад хүний бие “дасах” гэж багагүй зүдэрдэг. Хүйтний улирлаас дулааны улиралд шилжихэд хүний бие махбодь орчиндоо дасан өөрчлөгдөн зохицдог. Энэ үзэгдлийг “Хаврын ядаргаа” гэж нэрлэдэг.  Зарим хүн “хаврын синдром” ч гэх нь бий.

Энэ өөрчлөлтөд нөлөөлөх гол хүчин зүйлүүд бол хүний биеийн дайврууд юм. Дайвар нь эрхтэнүүдийн хоорондын зохицуулалтыг хийж байдаг жижиг молекулууд бөгөөд үүнийг бас гормон ч гэж нэрлэдэг. Хаврын ядаргаа 3 сарын дундаас 4 сарын дунд хүртэл үргэлжлэхдээ хүн бүрийн амьдралын хэв маягаас шалтгаалан өөр өөрөөр илэрдэг ажээ. Шинж тэмдэг нь жишээлбэл: ханатлаа унтсан ч нойр хүрэx, толгой өвдөх, цаг агаараас хамаарч бие хямрах, ямар ч юманд дур сонирхолгүй бас сул, хүчгүй болох мөн үе мөч нь өвдөх зэргээр илэрнэ.


 
Хүний “нойр хүргэдэг”


Мелатонин гэдэг дайврын хэмжээ өвлийн улиралд хүний биед ихэсдэг гэнэ. Гэтэл “сэтгэл сэргээдэг” гормон, эмнэлгийн хэлээр Серотонин нь нарны гэрлийн нөлөөгөөр идэвхждэг. Өвлийн цагт өдөр богино шөнө урт болохоор хүний биед Мелатонин ихсэж, Серотониний хэмжээ багасдаг ажээ. Өөрөөр хэлбэл өвлийн улиралд өөрсдөө мэдрэхгүй болохоос биш бидний бие нэг ёсны „ичээндээ“ ордог гэсэн үг юм байна. Ингэж хүний бие өвлийн улиралд дасан зохицож өвлийг өнгөрөөж байх зуур нарны гэрлийн эрч хүч нэмэгдэн, өдөр уртсан дулаарч хаврын улирал дахин ирэхэд “ичээндээ” орсон бие маань сэргэх ажиллагаандаа ордог байна.
 
Нарны тусгалын эрч хүч, тусах хугацаа ихсэж, тархинд нөлөөлөн хүний биеийн гормоны ялгаралт ихэсдэг. Үүний заримаас нь дурдахад „сэтгэл хөөрлийн“ дайвар ендрофин, эр хүйсийн тестостерон болон эм хүйсийн естроген дайвар илүүтэйгээр ялгардаг. Тиймээс ч хүмүүс хаврыг „Хайрын улирал“ ч гэж нэрлэдэг. Мөн дээр дурьдсан мелатонин багасаж серотонин ихэсдэг байна.

Гадны температур дулаан болохоор цусны судасны хана тэлж даралт буурдаг байна. Дээр нь хаврын тэнгэрийн тогтворгүй байдал даралтыг дээш доош савлуулдаг нь биед их нөлөөлнө. Тэгэхээр хаврын “ядаргаа” бол өвчин биш харин хүний биеийн бодисын солилцоо харанхуй хүйтэн өвлийн улирлаас дулааны улиралд шилжихэд өөрчлөгдөж байгаагийн илрэл юм. Хүмүүсийн бараг 50-70% нь хаврын ядаргааг илүү их мэдэрдэг байна.
Хаврын ядаргааг амжилттай давах аргууд
Хүний бие хаврын урин дулаан цагт дасан зохицож эхэлтлээ ойролцоогоор 4 долоо хоног болдог гэнэ. Хаврын ядаргааг давах аргууд бол агаар салхинд гарах, хөдөлгөөн, болон зөв хооллолт амьдралын аятай хэв маяг юм.
 
Хооллолт:


Хүйтний улиралд шинэ ногоо жимс дутмагаас болж хавар болоход биеийн нөөц витамин дуусдаг. Тиймээс хүний биеийн эсэргүүцэл муудаж ханиад зэрэг халдварт өвчин тусахдаа амархан болсон байдаг. Хаврын улиралд хүний биед витамин болон уургийн нөхөлт их шаардагддаг байна. Шинэ ногооны салат, витаминтай хөн¬гөн хоол идэх хэрэгтэй. “Хүнд” хоолонд ходоод хэт их ажиллана. Тиймээс биеийн энергийн ихэнх нь зөвхөн хоол боловсруулах үйл ажиллагаанд зарцуулагдаж бусад юманд энергигүй болох муу талтай. 
Тэгэхээр „гурван удаа их хооллосноос таван удаа багаар хооллох” зарчмыг баримтлах нь чухал. Оффист ажилладаг хүмүүс өдрийн хоолондоо хөнгөн хоол хэрэглэх, хэдэн минут агаарт алхах нь ширээний ард нойр¬моглохоос сэргийлдэг байна. Хүн ер нь өдөрт 1,5 литр шингэн уух ёстой бөгөөд ургамлын болон жимсний цай уух нь сайн.

Хүний биед бодисын солилцоог сайжруулан энерги авахад В витамины төрлүүд, эрдэс бодис ургамлын ишлэг (баласт) хэрэгтэй. Энэ бүгдийг жимс ногоо, салат, ургамлын тос, бүтэн үр тариагаар хийсэн бүтээгдэхүүн, тараг шинэ сүүнээс олж авна. Хүнсний ногоог их усанд удаан чана¬вал витамин нь арилна гэсэн үг. Тиймээс бага усанд хур¬дан болгох хэрэгтэй. Уураар чанагч бүр сайн.

Витамин B1: мах, төмс буудайнд Витамин B2: сүү, сүүн бүтээгдэ¬хүүн, элэг, загас, өндөг, бууцайнд
Витамин B6: мах, загас, байцаа, төмс, вандуй, гадил жимсэнд
Витамин B12: загас, элэг, өндөгний шаранд
Витамин C: жимс (жүрж, мандрин, нимбэг), ногоон ногоо, амтат улаан чинжүү, улаан лооль, төмс
Төмөрлөг: мах, дотор мах , ногоон ногоонд\
Магниз: бүтэн үр тариагаар хийсэн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, маханд

Долоо хоногтоо нэг удаа махтай хоолноос татгалзвал сайн. Мах идэхгүй, өдрийнхөө хоолны цэсэнд будаа, жимс ногоо, шар сүү хэрэглэж болно. Ингэж долоо хоногийн нэг өдөр ч гэсэн цагаан хоол хэрэглэхэд бие хэрхэн хөнгөрөхийг та мэдэрнэ. Эсвэл махны оронд загас хэрэглэвэл сайн бөгөөд загасны тосны хүчил биед сайн, бас өөх тосгүй, уургаар баялаг хөнгөн хоол болдог.

Өглөө босоод бүлээн ус уувал хоол боловсруулах үйл явцыг сайжруулна. Энэ нь нойрноос хурдан сэрэхэд ч дөхөмтэй.
Амьдралын хэв маяг: Хаврын ядаргааг давах энгийн нэг арга бол өглөө эрт босож орой эрт орондоо орох хэрэгтэй.
Усаар цохиулж ууранд суух, өглөө шүршүүрт орохдоо халуун хүйтэн усаар ээлжлэн шүршиж цусны эргэлтээ сайжруулах хэрэгтэй. Харин шүршүүрээс гарахдаа заавал хүйтэн усаар шүршиж дуусгана. Хөдөлгөөн хэрэгтэй тул аль болох л алхах хэрэгтэй бөгөөд ингэснээр бас нарны тусгалыг биеэрээ мэдрэх чухал ажээ.

Биеийн тамир
Хамгийн энгийн, суниах дасгал хүртэл танд ашгаа өгнө. Хуурай сойзоор биеэ хөлнөөсөө эхлэн тойрог маягаар зүрхний чиг рүү үрж цусны эргэлтээ сайжруулна.
Арьсанд орчин тойрноо мэд¬рэх олон мэдрэмжийн төвүүд байдаг тул тэд хөдөлгөөнөөр сэргэдэг.

Тод өнгө
Эрт дээр үед хүн төрөлхтөн байгаль дээр амьдарч байх үед цэцэг жимсний хурц өнгөнүүд хүний сэтгэлийг нь сэргээж бие мах бодийг нь эрүүлжүүлдэг байжээ. Үүнийг судалж мэдсэн эрдэмтэд орчин үеийн хүмүүсийг тод өнгөөр хувцаслах чухлыг сануулж бас өнгө алагласан жимс ногоо идэхийг зөвлөдөг. Яагаад гэвэл хүний биед байгалийн сайхан өнгийг хараад баярладаг ген хүртэл явдаг юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна