Хүний эрхийн Үндэсний Комисс, Гүүд Нэйборс монгол төлөөлөгчийн газар хамтран хийсэн “Хүүхдийн эрх ба хамгаалал” судалгааны үр дүн танилцуулах уулзалт өнөөдөр боллоо.
“Хүүхдийн эрх ба хамгаалал” судалгааны үр дүнг салбарын яамдууд, олон улсын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, түүнчлэн олон нийтэд нээлттэйгээр танилцуулах, судалгааны үр дүнд тулгуурласан шат шатны нөлөөллийн ажлуудыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах, санал солилцох зорилгоор уг уулзалтыг зохион байгуулсан байна.
“Хүүхдийн эрх ба хамгаалал” сэдэвт КАП төрлийн буюу (KAP-knowledge, attitude, practice) мэдлэг, хандлага, хэрэглээг тодорхойлох судалгааг анх удаа үндэсний хэмжээнд 2016 оны 08 сарын 15-наас 2017 оны 12 сарын 15-ныг хүртэл 4 сарын хугацаанд хийсэн бөгөөд судалгаагаар хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн эрхийн талаарх мэдлэг ойлголт муутай, сум дүүрэг, баг хороонд хүүхэд хамгааллын хамтарсан баг байдаг гэдгийг ч судалгаанд оролцогчдын 70 гаруй хувь мэддэггүй нь тогтоогджээ.
Мөн хүүхдийн эрхийн зөрчил гаргаж буй айлд хүүхэд хамгааллын хамтарсан баг очиход “Та нарт ямар хамаатай юм гэх маягаар хандаж хөөж явуулсан” тохиолдлууд гарч байжээ. Эцэг эхчүүд “Хүүхдийн эрх арай л дэндүү, эрхийг нь чухалчлаад үүргийг нь ерөөсөө ухамсарлахаа больсон..., ...хүүхдүүд угаасаа жаахан дуугүй байхаар давардаг. Зохих хэмжээний шийтгэл байх ёстой” зэргээр хариулсан нь хүүхдийн эрхийн талаарх мэдлэг нь бүрэн цогц биш, олон нийтийн дунд хүүхдийн эрхийн зөрчлийг байдаг л зүйл гэсэн буруу ойлголт элбэг байгааг харуулж байна.
Хамгийн ноцтой нь хүүхдүүд “буруу хэрэг хийсэн тохиолдолд намайг зодож шийтгэх нь зөв”, “...манай ээж чимхдэг. Бага ангид их зодуулдаг байсан. Буруу юм хийхээр зодуулах нь зөв. Үгэнд ороогүй, гэрийн ажил хийхгүй бол зодуулдаг”, “...хэрвээ буруу зүйл хийсэн бол сардаа ч юм уу жилдээ зодуулах нь буруу биш гэж бодож байна. Ээж аав маань зодчихоод аав ээждээ зодуулж байж барцад арилдаг гэж ярьдаг” хэмээн зодуулах шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн байдалтай байна. Түүнчлэн судалгаанд оролцогчдын дөнгөж 10 хувь нь хүүхдийг эрхийг хамгаалахад төрийн байгууллага, алба хаагчид чухал үүрэгтэй гэж үзэж байгаа нь хүүхдийн эрхийг хангах үүрэг хүлээсэн төрийн байгууллагын үүрэг оролцоо хангалтгүй, энэ чиглэлээр тодорхой ажил, үйлчилгээ явуулдаггүйг илэрхийлж байна.
Тус уулзалтаар Засгийн газрын байгууллагууд, тэр дундаа хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад дараах зөвлөмжийг өглөө.
• Хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийг бууруулах эрх зүйн цогц орчинг бий болгох ажлыг яаравчлах, Тухайлбал, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулиудыг яаралтай батлах, хүүхдийн эрхийн улсын байцаагч, хүүхдийг элчийг хуулийн дагуу ажиллуулж, хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах.
• Хүүхдийн эрхийг сахин хамгаалах төрийн үүргийг иргэд олон нийтэд тогтмол ухуулан таниулж байх.
• Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангаж, хүүхэд хамгааллын асуудлыг төсөв хөрөнгөний эх үүсвэртэй болгож, хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, тогтвортой ажиллах нөхцөлийг бий болгоход анхаарах шаардлагатай байгааг уламжиллаа.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна