Дөрвөн настай охиноо хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдсан Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарын шүүх хурал өнөөдөр /2017.03.17/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Одоогоос хоёр жил гаруйн өмнө буюу 2015 оны хоёрдугаар сард 4 настай охиныг хойд эх, төрсөн эцэг нь амь насыг нь хохироосон хэрэг гарч олныг цочирдуулж байв.
Шүүхээс хойд эх Г.Маралмааг дагавар охиноо зодож, биед нь хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хөнөөсөн хэмээн үзэж 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, Т.Цогт 24 жилийн хорих ял оноосон юм. Гэвч давж заалдах шатны шүүхээс Г.Маралмаагийн ялыг хэвээр үлдээж, төрсөн эцэг болох Т.Цогтын хэргийг хэрэгсэхгүй болгоод байв.
Харин уг шийдвэрийг эсэргүүцсэн Г.Маралмаа гомдол гаргаж, Т.Цогтыг охиныхоо үхэлд мөн буруутай хэмээн үзсэнээс хэргийг дахин шалгасан юм. Нийслэлийн Давж заалдах шатны шүүх 2017 оны хоёрдугаар сарын 9-ны өдөр хуралдаж Г.Маралмаад оноосон ялыг хүчингүй болгон хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсэн юм.
Харин мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан учраас хэргийг прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснээр өнөөдөр анхан шатны шүүх хурал дахин хуралдаж, Г.Маралмаа, Т.Цогт нарын гэм буруутай эсэхийг хэлэлцэж байна.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна