Г.Батжаргал: Уул уурхайн компаниудын нөхөн сэргээлтийн ажилд хатуу шаардлага тавина

2017/03/20
Баянхонгор аймгийн хэмжээнд  уул уурхайн салбарынхан, төрийн болон хувийн хэвшлийнхний хамтарсан зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга Г.Батжаргал үг хэлсэн юм. Уг  зөвлөгөөнийг  GIZ болон Тогтвортой бичил уурхай төсөл дэмжин оролцжээ. Мөн  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл оролцсон байна. Монгол Улсын Засгийн газраас баталсан АЛТ-2 төсөл хэрэгжих шатандаа явж буй цаг үед аймаг, орон нутаг өөрсдийн уул уурхайн талаар баримтлах бодлогоо танилцуулсан нь энэхүү зөвлөгөөний онцлог болсон байна. 

Хэдийгээр алт олборлолт манай улсын эдийн засагт нэг талаас эерэг нөлөө үзүүлсэн боловч нөгөө талаас далд эдийн засаг бий болгох, байгаль орчныг бохирдуулах, нөхөн сэргээлтийг хангалтгүй хийх, хууль бусаар алт олборлох зэрэг тулгамдсан асуудал бий болсныг Засаг дарга  Г.Батжаргал онцоллоо. Тиймээс өмнө хэрэгжүүлсэн алт хөтөлбөрүүдийн эерэг үр дүн, сургамж болон уул уурхайн салбарт 2014-2015 онд бий болсон татвар, хууль эрх зүйн таатай орчинд тулгуурлан алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эдийн асгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн зорилтыг хэрэгжүүлэхэд дээр дурдсан тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, алтны үйлдвэрлэлийн талаар Засгийн газраас баримтлах цаашдын бодлого, зорилтыг дэмжиж хэрэгжүүлэх шаардлага тавигдаж байгааг дурдсан байна.

Тэрбээр "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 20166-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт алтны үйлдвэрлэлийг эрчимжүүлэх замаар улс орны эх орны дэийн засгийн чадавхийг дээшлүүлэх, тогтвортой өсөлтийг хангах зорилтууд тусгагдсан нь манай аймгийн уул уурхайн бодлого, мөрийн хөтөлбөртэй нягт уялдаж байна" гэлээ.



Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалын зөвлөгөөнд оролцогчдод хандан хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 
ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ӨНДӨРСГӨНӨ

Баянхонгор аймаг уул уурхайн талаар дараах бодлогыг баримталж ажиллах болно.

Нэг. Уул уурхайн хайгуулын талаар баримтлах бодлого 1. Урьд өмнө олгогдсон хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар Баянхонгор аймгийн хэмжээнд 2017 оны гуравдугаар сарын 20-ны байдлаар нийт 15 сумын нутаг дэвсгэрийн зарим хэсгийг хамарсан 74 аж ахуйн нэгжийн 99 тусгай зөвшөөрлийн хүрээнд нийтдээ 488,9 мянган га хайгуулын талбай байна. Энэ нь нийт газар нутгийн 4.21 хувийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон гэсэн үг юм. Өнгөрсөн 2016 оны дүн мэдээнээс харахад ердөө 12 аж ахуй нэгж хайгуулын үйл ажиллагааг аймаг орон нутагт бүртгүүлж, хуулийн хүрээд явуулсан байх бөгөөд үлдсэн аж ахуй нэгжүүд хайгуул хийсэн эсэх нь тодорхойгүй байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулиар хүлээсэн тухайлсан үүрэгтэй. Хайгуул хийгээгүй компаниуд дээр дээрх үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна гэж үзэхэд хүргэж байна. Харин сумдын удирдлагын зүгээс хайгуулын тухайлсан ажил хийгээгүй компани, аж ахуй нэгжүүдэд ямар нэг байдлаар ажилласан мэтээр тодорхойлолт гаргаж өгч байгаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл тухайн эзэмшигч дээрээ хүчинтэй хэвээр хадгалагдах улмаар хариуцлагагүй хөрөнгө санхүүгийн чадваргүй, хайгуул хийх ашиг сонирхолгүй, дамлан зарж ашиг олох сонирхолтой нөхдүүдийн гар дээр аймаг орон нутгийн үнэт баялаг болсон газар удаан хугацаагаар байрших, эдийн засгийн эргэлтэд орох, үр өгөөжөө өгч чадахгүйд хүргэж байна. Тийм учраас хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавигдах шаардлагыг энэ мөчөөс эхлэн эрч өндөрсгөнө. Хайгуулын ажил эрхлээгүй хийгээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлэх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хуульд заасан хэмжээний зардлыг хайгуулын ажилдаа зарцуулаагүй компани, аж ахуй нэгжид хуурамч тодорхойлолт гаргаж өгч, хууль бус үйлдэл гаргасан сумдын Засаг дарга, эрх бүхий албан тушаалтанд үүрэгт ажлаас нь огцруулах арга хэмжээ авч ажиллахыг хатуу анхааруулж байна.
 
БАЯНХОНГОР НИЙТ НУТАГ ДЭВСГЭРЭЭ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВСАН ЦОРЫН ГАНЦ АЙМАГ

2. Аймгийн ИТХ-ын бүрэн эрхэд халдаж гаргасан шийдвэрийн талаар: Баянхонгор  аймаг нийт нутаг дэвсгэрээ аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2005 оны 60 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан цорын ганц аймаг юм. Энэ тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын хууль тогтоомжоор аймгийн тусгай хэрэгцээнээс газар чөлөөлөх асуудал аймгийн ИТХ-ын бүрэн эрхэд хамаарагддаг. Гэвч Монгол Улсын Засгийн газрын Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг тогтоох тухай 2014 оны 239 дүгээр тогтоолоор манай аймгийн Баацагаан, Баянбулаг, Баянцагаан, Баянговь, Баян-Овоо, Баян-Өндөр, Бууцагаан, Бөмбөгөр, Галуут, Шинэжинст, Жинст зэрэг сумдыг хамарсан 238065 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 37 дугаар тогтоолоор Засгийн газраас баталсан Алт-2 хөтөлбөртэй уялдуулан алтны нөөцийг өсгөж олборлолтыг дэмжих зорилгоор манай аймгийн Баацагаан, Баян-Овоо, Баян-Өндөр, Баянлиг, Богд, Жинст, Шинэжинст, Эрдэнэцогт сумын нутгуудыг хамарсан нийт 1271 цэг солбицол бүхий 17 талбайн 164,987,9 га талбай буюу аймгийн нийт нутаг дэвсгэрийн 1.42 хувийг хамарсан талбайд сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ. Энэ нь аймгийн ИТХ-ын хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдсан асуудал. 2015 оны Засгийн газрын тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд аймгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлөх эсэх асуудал дээр тухайн үеийн ИТХ бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж чадаагүй байна. Энэ хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас өнөөдөр дээрх газар нутгуудад хайгуулын талбай олгох Засгийн газрын шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Учир нь Захиргааны шинж чанартай аливаа шийдвэр дээр эсэргүүцэх гомдол гаргах 30 хоногийн хуулийн хугацаа нэгэнт өнгөрч зарим газрууд дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа нэгэнт явагдаж дууссан. Үлдсэн талбай дээр нэмж олгох ажиллагааг хууль зүйн үүднээс тусгай хэрэгцээнээс чөлөөлөх, эс чөлөөлөх асуудал ИТХ-д хамааралгүйгээр шийдвэрлэгдэх нөхцөл бололцоо үүссэнд харамсаж байна. 2017 онд олгохоор Засгийн газраас гаргасан шийдвэр манай аймагт албан ёсоор ирээгүй. Дээрх мэдээллийг бид энэ сарын 10-ны өдөр Ашигт малтмалын кадастрын бүртгэлийн сангийн программ дээрээс талбай дээш татагдсан талаар олж мэдсэн бөгөөд Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэх, давж заалдах асуудал аймгийн ИТХ-д нээлттэй байна. Бид улс эх орны эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж Засгийн газраас гаргасан бодлого шийдвэрийг хүндэтгэн дагаж, дэмжиж биелүүлэх үүрэгтэй. Дэмжиж ч ажиллах болно. Гэхдээ төрийн Захиргааны төв байгууллага Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийг үл харгалзан ийм шийдвэр гаргасанд эмзэглэж байна. Энэ ойлгомжгүй байдлаас тал талдаа гарахын тулд дараах арга хэмжээ хэрэгжүүлэхийг санал болгож байна. Үүнд:

1. Нэгэнт Засгийн газрын шийдвэрээр сонгон шалгаруулалт зарлагдсан дээрх талбайнуудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгох зорилгоор аймгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлүүлэх саналыг Ашигт малтмалын газраас аймгийн ИТХ-д ирүүлдэг байх.

2. Аймгийн ИТХ тухайн саналыг хүлээн авсныхаа үндсэн дээр бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцэж аймгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлөх, эс чөлөөлөх талаар шийдвэрлэж Ашигт малтмалын газар хариугаа хүргүүлдэг байх.

3. Уг шийдвэрийг үндэслэн тухайн нэгж талбар дээр сонгон шалгаруулалт зарлах эсэхийг Ашигт малтмалын газар шийдвэрлэдэг байх зарчмаар ажилладаг байх саналтай байна. Засгийн газрын 2017 оны дээрх шийдвэрт манай аймгийн Эрдэнэцогт сумын нутаг Түйн голын сав газрын дагуу зарим нэг талбай хайгуулын тусгай зөвшөөрлөөр сонгон шалгаруулалтын журмаар олгогдохоор шийдвэрлэгдсэн байгаа нь аймаг орон нутгийн иргэдийн эрх ашигт харшлах дэмжиж үл болох талбай байгаа нь орон нутаг тусгай хэрэгцээнээс чөлөөлөх өөрийнхөө бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй болоход хүргэж байна. 
 
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД ХАРЪЯА ИНХ-Д ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАЙЛАГНАЖ, ИРГЭДИЙГ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ НЬ ЧУХАЛ

Хоёр: Ашиглалтын тусгай зөвшөөрөл: Баянхонгор  аймгийн 13 сумын нутаг дэвсгэрт 50 аж ахуйн нэгж 57,567.9 га талбайд 80 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Энэ нь аймгийн нутаг дэвсгэрийн 0.49 хувийг эзэлж байна. 2016 оны дүн мэдээнээс харахад дээрх 50 аж ахуй нэгжээс 14 аж ахуй нэгж тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд үйл ажиллагаа явуулжээ. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас баталсан Алт-2 хөтөлбөрийн хүрээнд Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг дэмжиж ажиллана. Гэвч энд онцгой анхаарах шаардлагатай Гурванбулаг сумын асуудал бий. Учир нь тус сумын нутаг дэвсгэр нь Төв Азийн гадагшаа урсгалгүй гол сав газрын түшиц газар, мөнхийн цэвдгийн төв бүс нутаг гэдгээрээ байгаль экологийн хамгийн эмзэг хэсэгт хамрагддаг. Тиймээс нэгэнт эхэлсэн уурхайгаас өөр бусад уурхайг нээж ажиллуулах боломж туйлын хязгаарлагдмал. Харин цэвдэгт нөлөөлөхгүйгээр байгаль экологийн хамгийн хор багатай технологийн үндсэн дээр ашиглах боломж нээлттэй байж болох юм. Өмнөх олон жилийн туршид явуулж ирсэн хариуцлагагүй уул уурхайн улмаас иргэдийн уул уурхайд итгэх итгэл алдарсан нь уул уурхайн хэвийн үйл ажиллагаа явуулахад зарим сумдын нутаг дэвсгэрт хүндэр учруулж байна. Тухайлбал энд Заг, Жаргалант сумдыг онцгойлон тэмдэглэе. Уул уурхайн компаниудын зүгээс нутгийн иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг үл ойшоох, хүч түрэн ажиллах чиг хандлага гаргадаг нь нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг. Тийм учраас энэ жилээс ажиллах уул уурхайн компаниуд ажлаа эхлэхээсээ өмнө холбогдох төрийн байгууллагуудын хамт тухайн тусгай зөвшөөрөл харьяалагдаж байгаа багийн ИНХ-д үйл ажиллагааныхаа төлөвлөгөө, ашиг тус үр дүнгийн талаар мэдээлэл, танилцуулга тогтмол хийж байх нь та бүхний тогтвортой үр дүнтэй үйл ажиллагаа явуулах үндэс болно. Энэ нь та бүхнийг тэднээс ажиллах зөвшөөрөл ав гэсэн үг биш. Иргэд маань мэдээлэлгүйгээс болж төр засаг, уул уурхайд итгэх итгэлгүй болж, улмаар эсэргүүцэх үндэслэл болж байгаа шалтгаан нөхцлийг арилга гэсэн сануулга юм шүү.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай Аймгийн Засаг дарга хуульд заасны дагуу гэрээ байгуулж ажиллах бөгөөд Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй манай аймаг хамтран хэрэгжүүлж буй “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрийн хүрээнд тохирсон дараах нөхцлийг гэрээнд заавал тусгана.
1. Ажиллах хүчний 60-аас доошгүй хувийг орон нутгаас авах,
2. Орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг гадна бусад зах зээлээс авахгүй байх. Орон нутгийн үйлдвэрлэгч нараас худалдаж авах.
3. Бүх төрлийн татвар шимтгэлүүдийг орон нутгийн төсөвт төлдөг байх
4. Зохион байгуулалтад орсон бичил уурхайн нөхөрлөлүүдтэй гурвал сан гэрээний үндсэн дээр талбай олгох, хамтран ажиллах.
5. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймаг сум орон нутгийн өмнө тулгамдаж байгаа аливаа асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх талаар санал санаачилга гаргах.
6. Эрх бүхий байгууллагуудаас тавьсан шаардлагыг ягштал биелүүлж ажиллах
7. Уул уухайн ил тод байдлыг бий болгож, олборлосон баялаг, татвар төлбөрөө тайлагнаж байх
8. Уурхай эрхлэхэд шаардагдах Ашигт малтмалын тухай хуулийн 35-р зүйлд заасан бичиг баримтын бүрдлийг бүрэн хангасан байх зэрэг болно.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Нэг уурхай- Нэг үйлдвэр” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж заасан. Бид та бүхний нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймаг орон нутагт үзүүлсэн хандив дэмжлэг туслалцааг байшин барилга, зам талбай гэх мэтийн ажлуудад ямарч хараа хяналтгүйгээр урьдын адил зарцуулахгүй. Харин жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох үйл ажиллагаанд Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан холбогдох хууль журмын дагуу зарцуулах бөгөөд та бүхэнд жил жилийн уурхайн зөвлөгөөн дээр тухайлан ямар жижиг, дунд үйлдвэрийг бий болгосон тухай тайлагнаж байх болно. Энэ хандив дэмжлэг туслалцааны 70 хувийг аймагт, 30 хувийг тухайн сум орон нутагт аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж олгоно. Энэ нь та бүхний хувьд алс ирээдүйдээ би энэ үйлдвэрийг өөрийн дэмжлэг туслалцаагаар, хөрөнгө оруулалтаар бий болгосон юм шүү гэсэн бахархлыг төрүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ бол харилцан ашигтай хамтын ажиллагааны хамгийн зөв хувилбар болно гэдэгт итгэлтэй байна. Дээрх найман шаардлагыг хангаж, хүлээн зөвшөөрсөн аж ахуй нэгж, байгууллагатай аймгийн Засаг дарга гэрээ байгуулан уурхайн үйл ажиллагаа эхлэх зөвшөөрлийг олгох бөгөөд аль нэг шаардлагыг 100 хувь биелүүлээгүй нөхцөлд ажил эхлэх зөвшөөрөл олгохгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Нэгэнт гэрээ байгуулж үйл ажиллагаагаа эхэлсэн аж ахуй нэгж дээр сум орон нутгийн удирдлага, төрийн байгууллагын албан хаагчид, иргэдийн зүгээс төрөл бүрээр хууль бусаар шахалт дарамт үзүүлдэг, хандив дэмжлэг туслалцаа нэхдэг, аливаа хэлбэрээр үйл ажиллагаанд нь саад учруулдаг зэрэг асуудлыг таслан зогсоож ажиллахыг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдэд анхааруулж байна. Хэрэв ингэсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага хүлээлгэж ажиллах болохоо хатуу анхааруулж байна. Харин улсын байцаагч нараас үйл ажиллагааны явцад гарсан аливаа зөрчилтэй холбоотойгоор тухайн компани аж ахуй нэгжид хуулийн хүрээнд тавьсан акт, албан даалгавар, шаардлагыг тухайн аж ахуй нэгж заасан хугацаанд нь бүрэн барагдуулах ёстой. Эс барагдуулсан, урьд ажиллаж ирсэн жишгээрээ тавьсан лац ломбыг дур мэдэн авдаг, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үл хүндэтгэлтэй хандсан нөхцөлд аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээг цуцлаж, үйл ажиллагааг тань зогсоох болно гэдгийг анхааруулж байна.
 
НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ЗӨВ ЯВУУЛБАЛ ЭВДЭГДСЭН ГАЗАРГҮЙ БОЛОХ ТӨДИЙГҮЙ, ХӨРӨНГӨ САНХҮҮГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ БИЙ БОЛГОХ БОЛОМЖТОЙ

Гурав: Нөхөн сэргээлтийн талаар

Манай аймагт уул уурхайн олборлолтоос буюу хүний буруутай үйл ажиллагаанаас бий болсон эвдэгдсэн талбай 90-ээд оны дунд үеэс эхлэн үүсч бий болсон. 2009 оны эвдэгдсэн талбайн тооллогоор нийт 708 га талбай бүртгэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар нийт 12 сумын 50 цэгт 334.7 га эвдэгдсэн талбай байна гэсэн дүн мэдээг сумдаас ирүүлсэн байна. Ийм механик аргаар бий болсон эвдэгдсэн талбай нь малчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах, үндсэн хуулиар олгогдсон эрхийг алдагдуулж, улмаар нэмж эвдэгдэн сүйтгэгдэж, байгаль экологид ноцтой хохирол учруулсаар байна. Иргэдийнхээ амьдарч буй орчныг эрүүл аюулгүй болгох нь төрийн үүрэг. Аймаг орон нутгийн зүгээс дээрх үүргээ хэрэгжүүлэхэд дараах хүчин зүйлүүд саад болж байна.

1. Тухайн газрыг улс орон нутгийн төсвөөс хөрөнгө санхүүгийн эх үүсвэр гаргаж, дарж аюулгүй болгох төсвийн боломж туйлын хомс байна.
2. Тодорхой хөрөнгө санхүүгийн эх үүсвэр дайчилж зарим газрыг дарж, нөхөн сэргээлт хийдэг ч тухайн газар доор тодорхой хэмжээний баялаг бий гэж иргэд үзэж дахин ухаж сүйтгэдэг нь зохион байгуулсан ажиллагаа, төсвийн хөрөнгийг үр ашиггүй болгодог.
3. Иргэдийн ухаж түнхсэн зарим нэг газруудын шруфийн гүний хэмжээ 15-20 метрт хүрдэг. Доогуураа түнээлдэж ухсан байдаг зэрэг нь уг газрыг зайлшгүй их хэмжээний зардал гаргах, нүх хонгилуудыг гүйцээн ухаж дарж устгах арга хэмжээ авахад хүргэдэг нь төсвийн хөрөнгө ихээр шаардагддаг.

Мөн нэгэнт тэгж дарсан талбайд иргэд дахин ухаж төнхөх, улмаар суларсан хөрсөнд дарагдаж амь насаа эрсдэлд оруулах нөхцөл бий болдог. Дээрх нөхцөл байдлууд нь нэгэнт эвдэгдсэн талбайг дарж булахдаа дахиж хэн нэгэн сонирхохгүйгээр болтол нь үлдсэн баялгийг олборлож, улмаар нөхөн сэргээх зайлшгүй шаардлага хэрэгцээнд хүргэдэг. Иймээс сүүлийн жилүүдэд манай аймагт нөхөн сэргээлт гэх үйл ажиллагааг идэвхтэй явуулах болсон. Энэ нь нөгөө талдаа ашигт малтмалын тухай хуульд заасан бичил уурхайгаас бусад тохиолдолд ашигт малтмал эрэх хайх, олборлохыг хориглоно гэсэн заалттай зөрчилддөг нь хүндрэл үүсгэж байна. Өнгөрсөн жилүүдэд манай аймагт аж ахуй нэгжүүдэд нөхөн сэргээлт хийх эрх олгох замаар 7 тэрбум орчим төгрөгийн хандив, дэмжлэг туслалцаа авч аймаг, сум орон нутаг бүтээн байгуулалтын шинж чанартай ажлуудад зарцуулсан гэх албан бус тоон мэдээлэл байдаг. Эндээс харахад нөхөн сэргээлтийг зөв явуулбал эвдэгдсэн газаргүй болох төдийгүй, нэлээдгүй хэмжээний хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бий болгох улмаар аймаг сум орон нутгийн өмнө тулгамдаж байгаа нийгэм эдийн засгийн шинж чанартай аливаа асуудлыг шийдвэрлэх давуу тал боломжийг бий болгож байгаа нь харагдаж байна. Гэхдээ тухайн нөхөн сэргээлтийг хийхдээ иргэдээсээ асууж тэдний эрх ашиг хүсэл сонирхолд нийцсэн байх талаасаа биш аймаг, сумын удирдлагын хүсэл санаачилгаар энэ ажил хийгдэж байсан нь иргэдийн нийтлэг ашиг сонирхлын төлөө биш эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс хийгдэж байсан нь асуудал дагуулж байна.

Шинээр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд байгаа аймаг орон нутгийн төрийн захиргааны байгууллагын зүгээс мөрийн хөтөлбөртөө “Эвдэрсэн газаргүй-Баянхонгор” аймаг болох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн. Энэ зорилтоо хэрэгжүүлэх зорилгоор дараах байдлаар нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг явуулахаар төлөвлөж байна.
1. Тухайн сумдаас эвдэрсэн газрын судалгааг авах замаар эвдэрсэн газрын хэмжээг тодорхойлох,
2. Уг газрууд дээр нөхөн сэргээлт хийх хүсэлтэй эсэх талаар нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй орон нутгийн татварт бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллагаас санал авах,
3. Дээрх газруудад нөхөн сэргээлт зайлшгүй хийх шаардлагатай эсэх тухай асуудлаар тухайн багийн ИНХ болон сумын ИТХ-ын тэргүүлэгчид, Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулах,
4. Дээрхи байгууллагуудаар дэмжигдсэн газрууд дээр нөхөн сэргээлт хийх хүсэлтээ ирүүлсэн, тавигдаж байгаа шаардлагыг хангасан орон нутгийн аж ахуй нэгж байгууллагуудын дунд сонгон шалгаруулалт зохион байгуулах замаар гүйцэтгэгчийг сонгон, гэрээний үндсэн дээр уг ажлыг гүйцэтгүүлэх гэсэн зарчмаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэ нь Нутгийн өөрөө удирдах байгууллага хуульд заагаагүй аливаа асуудлыг иргэдийнхээ эрх ашиг, хүсэл сонирхолд нийцүүлэн шийдвэрлэх хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлж байгаа ажил мөн.

Нөхөн сэргээлт хийх ААН-үүдэд дараах шаардлагыг тавина.

1. Нэг компанид олгох нөхөн сэргээлтийн нэг багцын талбайн дээд хэмжээ 30 га-аас ихгүй байх,
2. Гэрээлсэн ажлыг 2 жилийн дотор бүрэн хийж дуусган, орон нутагт хүлээлгэж өгөх,
3. 1 га тутамд 3 сая төгрөгийн барьцаа хөрөнгийг орон нутгийн тусгай дансанд төвлөрүүлэх,
4. Орон нутагт олгох хандив тусламжийн хэмжээ нэг жилд 100 сая төгрөгөөс багагүй байх,
5. Зөвхөн эвдэрсэн газрын хэмжээнд тавьсан хатуу цэг тэмдэгтийн хүрээн дотор нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах,
6. Ажиллах хүчний 60 аас доошгүй хувийг орон нутгаас авах,
7. Орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг гадна бусад зах зээлээс авахгүй байх. Орон нутгийн үйлдвэрлэгч нараас худалдаж авах.
8. Бүх төрлийн татвар шимтгэлүүдийг орон нутгийн төсөвт төлдөг байх
9. Эрх бүхий байгууллагуудаас тавьсан шаардлагыг ягштал биелүүлж ажиллах
10. Уул уухайн ил тод байдлыг бий болгож, олборлосон баялаг, татвар төлбөрөө тайлагнаж байх зэрэг болно.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна