С.Баяр: Намайг эргүүлэн татах үгүйг Монголын төр шийднэ

17 цаг 52 минутын өмнө
ИБУИНВУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдсон С.Баяр өчигдөр тус улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудтай уулзалт хийжээ.

Түүнийг гуравдугаар сарын 2-нд Итгэмжлэх жуух бичгээ барьснаас нь хойш Лондонд суугаа монгол иргэдийн төлөөлөл Элчин сайдаа эсэргүүцэнн өнөөдрийг хүртэл жагсаалаа үргэлжлүүлж байгаа. Тэгвэл элчин сайд С.Баяр уулзалтын үеэр дээрх асуудлаар байр сууриа илэрхийлж, тайлбар өгчээ.

Тэрбээр “Элчин сайдын ажлаа эхэлснээс хойших энэ хугацаанд цөөхөн уулзалт хийлээ. Би энд Элчин сайдаар томилогдсоноо завшаан гэж үзэж байгаа. Өнөөдрийн уулзалтыг албан ёсоор уулзаж, ажил амьдрал, санаа бодлыг нь сонсъё гэж төлөвлөж байсан. Гэвч хоёр үйл явцаас болж шуурхай хийх шаардлагатай боллоо. Нэгдүгээрт, гадаадад байгаа хэсэг иргэд манай Элчин сайдын яамны үүдэнд Мартын 8-наас хойш тайван жагсаал хийж байгаа. Жагсаалын зорилгыг би ойлгохгүй л байна. Жагсаж байгаа хүмүүстэй манай консулууд, би өөрөө ч уулзсан. Монголчууд маань ямар хүсэлт, санал, шаардлага тавиад байгаа юм бэ. Миний талаар, надаас асуух зүйл байна уу? гэхэд байхгүй гэдэг. Миний хувьд энэ жагсаалд эмзэглэж, дургүйцэх зүйл хувь хүнийхээ хувьд алга. Би улс төрийн үйл ажиллагаанд оролцоод олон жил болж байна. Иймэрхүү зүйлд нүд дассан, чих дассан гэх юм уу. Нөгөө талаас Монголд ийм жагсаал болж байвал тоохгүй байж болох юм. Гадаадад Элчин сайдын яамных нь үүдэнд ийм жагсаал хийж байхад юу ч болоогүй юм шиг дуугүй суугаад байж болмооргүй байна. Тэгээд юутай ч Англид байгаа иргэдийнхээ төлөөлөлтэй уулзъя гэж шийдсэн.

Шуурхайлах болсон хоёр дахь шалтгаан юу вэ гэхээр, Гадаад харилцааны сайд ирэх бямба гаригт хилийн чанадад суугаа монголчуудтайгаа онлайнаар холбогдож санаа бодлыг нь сонсох гэж байгаа. Үүний өмнө Элчин сайдын хувиар иргэдтэйгээ уулзаж, тулгамдсан асуудал, санаа бодлыг нь сонсъё гэж шийдсэн. Монголын төр намайг явуулсан. Тиймээс асуудлыг шийддэг газар нь Монголын төр. Нөгөө талаас Лондонгийн гудамжинд жагссанаар асуудал шийдэгдэхгүй. Их Британид байгаа монголчуудад тулгамдсан асуудал олон байгаа байх л даа. Жагсаад байгаа хүмүүс бас онлайн уулзалтаар холбогдох Гадаад харилцааны сайдад асуудлаа танилцуулах нь зүйтэй байх. Тийм учраас айлчлалын энэ долоо хоногтоо багтааж хийж байгаа хэрэг. Ардчилсан Монголын чөлөөт иргэд Элчин сайдын яамнаас зөвшөөрлөө аваад, жагсаал хийж байгаа учир би олон нийтийн дунд бий болсон эргэлзээг тайлах ёстой. Дуугүй байж болохгүй. Энэ талаар Та бүгдийн асуултад хариулахад бэлэн байна. Энэ хүмүүс ажлаасаа хоёр цагийн чөлөө авсан бололтой юм. Энүүгээр явж байгаа англичуудад “Энэ байшинд нэг ийм нөхөр суудаг. Нутаг буцтал нь жагсаалаа хийнэ” гэж ярьдаг бололтой юм. Монголын төрийн Элчин сайд хэн байхыг Англи шийдэхгүй, гадуур явж байгаа Жон, Жэм шийдэхгүй шүү дээ. Монголын төр шийднэ. Тийм учраас энэ уулзалтад оролцож байгаа иргэд Монголын төрд хандаад жагсаалын талаар тодорхой асуултууддаа хариулт аваач ээ гэж хүсмээр байна.

Урилгыг минь хүлээж хүрэлцэн ирсэн Та бүхэн надад тийм туслалцаа үзүүлээч ээ. Асуудал уулзалтаар биш, төрийн шийдвэрээр шийдэгдэнэ. Тэгэхээр энэ асуудлыг цэгцэлмээр байна. Цэгцлэхдээ ирэх дөрөвдүгээр сарын 5-нд болох арга хэмжээний өмнө цэгцэлмээр байна. Хэрэв Монголын төр алдаа гаргаад явуулах ёсгүй, надад тохож байгаа тэр асуудлууд батлагдаж байгаа бол надаас болж Монгол Английн харилцаанд сэв сууж болохгүй. Тэгвэл эргүүлэн татах ёстой. Харин үндэслэлгүйгээр гүтгэж байгаа бол төрөөс томилогдсон хүний хувьд үйл ажиллагаа явуулах бололцоог нь хангаж өгөх ёстой. Хувь хүнийхээ хувьд дурын хүн гүтгүүлээд суух сонирхол надад байхгүй” хэмээн ярьжээ.
 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна