ОУВС-ийн гурван талт хэлэлцээрийн заалт зөрчигдөж байна

2017/04/04
МҮЭХ-ноос ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр, төсвийн тодотгол, гурван талт Улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм.

МҮЭХ-оос Улсын их хуралд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ ОУВС-тай тодорхой нөхцөлүүдээр урьдчилсан тохиролцоонд хүрч төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан өчигдөр буюу энэ сарын 3-ны өдөр санал хүргүүлсэн байна.

Тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Хоёр сарын өмнө байгуулсан Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 4 заалтыг зөрчиж байна” гэдгээ илэрхийлсэн юм. 

Тодруулбал, гурван талт хэлэлцээрийн 2.4, 2.5, 3.2, 3.9 дэх заалтууд зөрчигдөж хөдөлмөрийн хамтын маргаан үүсч, бүх нийтийн ажил хаялт үүсч болзошгүйг Монгол Улсын Засгийн газар болон холбогдох сайд нарт удаа дараа албан ёсоор мэдэгдсэн боловч тодорхой шийдэлд хүрсэнгүй.

Дээрх заалтуудыг зөрчсөнөөр хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлэхэд хүргэж, улмаар нийгэмд тогтворгүй байдал бий болгох магадлал өндөр юм. Тиймээс МҮЭХ-ноос иргэдийн халаасыг нимгэлж, ард түмэнд ачаа үүрүүлж, зардлаа танаагүй төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьж  хэлэлцүүлэн батлуулах гэж эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна" гэв.

МҮЭХ-оос Монгол Улсын Засгийн газар, Улс төрийн намуудад дараах мэдэгдлийг хүргүүлж  эхэлсэн байна. 

Тус мэдэгдэлдээ "Иргэдийг улс төрийн намын харъяаллаар нь ялгаварлан тэдний хөдөрлмөрлөх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчих явдал сүүлийн 27 жилийн хугацаанд үргэлжилж байна. Сонгуулийн үр дүнгээр эрх баригч болсон Улс төрийн нам нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх болсондоо ажил үүргээ хуулийн дагуу хэвийн гүйцэтгэж байгаа төрийн мэргэшсэн албан хаагчдыг халж сольсоор байна. Төрд итгэх иргэдийн итгэл суларч, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна.

Улс төрийн үзэл бодлоор нь далимдуулан хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажилгүй орлогогүй болгож байгаа байдал нь нийгэмд цөхрөл, бухимдлыг бий болгож, иргэдийг амь нас, эрүүл мэндээрээ хохирох болон төрийн албаны тогтвортой үйл ажиллагаа алдагдахад хүргэж байна.

Иймд намын гишүүнчлэлээр нь төрийн албан хаагчдыг халж өөрчлөхгүй, ахмад, залуу үе, эмэгтэйчүүдийг улс төрийн үзэл бодол, намын харъяалалаар нь хуваан талцуулахгүй байх, тэднийг эх орныхоо тусгаар тогтнол хөгжил дэвшлийн төлөө гэсэн нэгэн зорилгын доор хамтран ажиллаж, зохистой хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг авахыг МҮЭ-ийн холбооноос Засгийн газар, нийт улс төрийн намуудад хандан мэдэгдэж байна" гэжээ.
 
 
Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна