УИХ-д нэг суудалтай МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэвшүүлэхээ хараахан зарлаагүй байна. Намын дарга Н.Энхбаяр хамгийн боломжтой хувилбар гэж үзэж байсан ч хуулиараа ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэх томоохон саад бий. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлснээр МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд ялах зорилготой орох гэнэ. Олон нийтийн харж байгаа шиг санал хуваах, аль нэг намыг дэмжих зорилготой өрсөлдөхгүй гэдгээ илэрхийлжээ.
Хэрэв намынх нь дарга дэвших боломжгүй болбол Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулууныг өрсөлдүүлэх хувилбар яригдаж байгаа аж. Түүний хувьд МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших эсэхээ эцэслэн шийдээгүй ч хүлээж авах магадлал өндөр байгаа юм байна.
Л.Эрдэнэчулууныг үе удам дамжсан төрийн хар хүн, нэр цэвэр гэдгээрээ олон нийтээс дэмжлэг авна гэж тооцоолж байгаа бололтой. Түүний өвөө нь Богд хаант Монгол Улсын үед Ширмэн Дэндэв гээд тухайн үеийн анхны Элчин сайд, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэж явжээ. Харин аав Лувсан нь 1949 оны тусгаар тогтнолыг баталгаажуулах ажлыг зохион байгуулсан, 1960 онд Монгол Улсыг НҮБ-д элсүүлсэн, 1970-1980 он хүртэл гадаад харилцааг өндөр төвшинд авч явсан нэгэн аж.
Л.Эрдэнэчулууны хувьд 1990 оны үед НҮБ-д байнгын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Монгол Улсын бие даасан байдлыг баталгаажуулж, Монгол, Оросын харилцааг дээд төвшинд хүргэж байсан дипломатч гэдгээр нь нэр дэвшүүлэхээр ярьж буй сурагтай.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна