Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам АН-аас нэр дэвших санаархалтай горилогчдын цусгүй тулаан улам эрчимжиж байна. АН-ын дарга С.Эрдэнийн хувьд амаа, биеэ МАН-д “тушаачихсан” байгаа нь зарим нэг горилогчдод таалагдахгүй байгаа бололтой юм. Түүний нийгмийн даатгалын сангийн асуудал нь МАН-д барьцаалагдах гол шалтгаан болсныг учир мэдэх хүмүүс шивэр, авир хийж байна. АН-ын даргын энэ арчаагүй байдал нь шинэчлэлийн хувьсгалыг шийдэмгий хийж, Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-тай ширүүн өрсөлдөөн үүсгэнэ гэсэн итгэл тээж ирсэн АН-ын гишүүдийн урмыг хугалжээ. Зарим нь бүр “Ингэхийг нь мэдсэн бол муу ч, сайн ч Н.Алтанхуяг нь дээр байж дээ” хэмээн хуучнаа санагалзах болж.
Харамсалтай нь З.Энхболдын найруулсан жүжгийн гол дүрд Н.Алтанхуяг багтаж чадаагүй. Багтах ч үндэслэл байхгүй. УИХ-ын дарга асны найруулсан жүжиг тэр чигтээ “Алтангадас” тэргүүтэй бусад фракцаа намнах зорилготой байсан нь эхнээсээ ил болсон үзэгдэл. З.Энхболдынхоор бол С.Эрдэнийгээ намын даргад тавьж эрх баригчидтай нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцуулна гэж бодсон. Ингэж намынхаа рейтингийг өсгөж байгаад Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж тооцоолсон. Гэвч нөгөө мундаг дарга нь МАН-тай үзэлцэх биш амаа, хөлөө, гараа эрх баригчдад тушуулчихсан нь УИХ-ын дарга асны Ерөнхийлөгч болох мөрөөдлийг салхинд хийсгэж орхисон.
АН дотор тэнүүчилж буй явган яриагаар бол үүнээс болж Зи, Э ван хоёр эв түнжингүй болсон гэх. Энэ хагарал есхөн хүнтэй бүлэгт нь бас нөлөөлсөн гэх хоржоонтой ч юм шиг, хөгжилтэй юм шиг “бор шувуу” нисч явна. Ардчиллаар бамбай хийж, амин хувиа хичээж ирсэн хүмүүсийн дундаас Монгол Улсын баатар Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаагаа ил далд ярьж яваа. Нийслэлийн АН-ыг удирдаж сонгуульд өрсөлдөн ялагдал хүлээсэн түүнийг АН-ын өнөөдрийн удирдлага тийм ч амархан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй л болов уу.
Нэр дэвшлээ гэж бодоход түүний хотын дарга байхдаа тарьсан балаг нь гай болно. Ядаж л “Алтангадас”-чууд зүгээр суухгүй нь тодорхой. Учир нь “Алтангадас”-ынхны нам доторхи нөлөөг бууруулахад томоохон хувь нэмэр оруулсан хүн нь Үүл баатар. Энэ утгыг нь ухаж үзвэл Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл гэсэн том зодоон АН дотор өрнөж байгаа. Н.Алтанхуягийн бүх булхай луйвар нь илчлэгдчихсэн, хүргэн хүү нь хэцүү нэртийнд байгаа болохоор түүнд хэн нэгнээс айж ширвээтэх, эмээж бэргэх зүйл огтхон ч байхгүй. Харин Э.Бат-Үүл баатрын хувьд хүүгийнхээ оффшор данс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн будилаан, хотоор нэг дүүрсэн бор ТҮЦ-нүүдийн хэрэг, “Грайнд лайн” компанийн давуу эрхтэйгээр, бярдаж авсан тендерийн будилаан гээд хар толбо, хар сэдэв их л дээ. Дээрх баримтуудын зах зухаас ч ил болоод эхэлсэн.
Товчхондоо бол “Алтангадас”-чууд Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайг нь онилчихсон “чулуу” нүүлгэж байна. Н.Алтанхуягийн шидсэн чулуунд барьц алдсан Б.Чулуудай яаран, сандран хэвлэлийн хурал хийж байх жишээтэй. Одоо “Алтангадас”-чуудын дараагийн бай бол хүү нь биш баатар өөрөө байх нь тодорхой. Э.Бат-Үүлийн хотын дарга байхдаа тарьсан балгийг нэгд нэгэнгүй задалж, ааваар нь дамжуулан хүүг нь намнана гэсэн үг л дээ. “Алтангадас”-чуудын энэ увайгүй үйлдэлд барих томоохон хариу Э.Бат-Үүлд байгаа гэж л найдъя.
Дээрх хоёр эрхмийн тулаан өнөөдрийн АН-ын удирдлагад огтхон ч падгүй. Учир нь С.Эрдэнэ даргыг нэг талаас нь “Шонхор”, нөгөө талаас нь МАН шахаад ёстой л нөгөө нэг “Хаданд хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гэдэг шиг л бөнжигнөж яваа. Нийгмийн даатгалын санг дампууруулсан “автор” түүнд хүссэн ч эс хүссэн ч наалдах нь тодорхой болсон. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа намын даргаа авч үлдэх эсэх нь ч эргэлзээтэй болж байна. Хэр барагтаа барьц алддаггүй “атаман” даргыг барьц алдуулж, бажигдуулж байгаа хүн нь өнөө л “Алтангадас”-ын загалмайлсан эцэг Н.Алтанхуяг.
Үндсэндээ АН дотор өнөөдрийн байдлаар хамгийн том тоглогч нь Н.Алтанхуяг болчихоод байна. Тэрбээр Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, АН-ын дарга С.Эрдэнэ хоёрыг хөнгөхөн гэгч нь дөнгөчих хүчтэй байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилсон бусдыгаа бодвол нам удирдаад үзчихсэн хүн чинь арай дөнгүүр тоглолт хийдэг юм байгаа биз дээ. Э.Бат-Үүлийг С.Эрдэнэтэй нь яаж унагахаа Н.Алтанхуяг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Бүр болохгүй бол “АН-цавууд”-ыг АН-галын ирмэгт аваачиж, Ардчилсан намыг тав хуваахаа бас дэндүү сайн мэдэж байгаа. Н.Алтанхуяг яалт ч үгүй АН-ын том тоглогч юм.
С.Буян
Сэтгэгдэл бичигдээгүй байна