“Компьютер центр” оффис худалдааны цогцолбор нээгдлээ

2017/05/26
 “Компьютер центр” оффис, худалдааны цогцолбор төв өчигдөр үүдээ нээлээ. Энэхүү цогцолбор төвийг “Компьютер ланд” худалдааны төвд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг хувь хүн, компаниуд нэгдэж өөрсдийн хөрөнгөөр бүтээн босогожээ.

Тодруулбал манай улсын компьютер электроникийн зах зээлийн 85 орчим хувийг бүрдүүлдэг аж ахуйн нэгж, хувь хүмүүс нэгдэж, “Монгол Айти Таун” холбоо байгуулж, холбооноосоо энэхүү барилгыг санаачилсан аж. Харин барилгын ажлыг "Угалз Холдинг" компани гүйцэтгэсэн байна. Энэхүү төслийн хүрээнд 14н давхар, нийт 12’500 м/кв талбай бүхий, ар талдаа 100 машины зогсоолтой, орчин үеийн стандартад нийцсэн “Компьютер центр” оффис, худалдааны цогцолбор төв Монгол улсдаа анх удаагаа өөрсдийн хүчээр сүндэрлүүлэн босгон компьютерийн чиглэлийн анхны төвлөрсөн томоохон худалдааны төв болж буйгаараа онцлог юм. 



“Монголын Мэдээлэл Технологи, Техник Хөгжүүлэлтийн Холбоо” холбоог 2010 онд анх “Компьютер ланд” худалдааны төвд ажил, үйлчилгээ эрхлэгч залуус өөрсдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор үүсгэн байгуулж байжээ. Тус холбоо нь анх зөвхөн түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой байсан боловч “Олны хүч оломгүй далай” уриан дор нэгдэн ийнхүү өөрсдийн цогцолбор худалдааны төвийг барьж ашиглалтад оруулсан бусад салбарын холбоод дундаас ийнхүү зоригтой алхам хийж чадсанаараа анхдагч болж чадлаа.

Цаашид тус холбоо нь төрийн болон хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудын хэрэглэгчдэд бүх төрлийн мэдээллийн технологийн хэрэглээ болох компьютер техник тоног төхөөрөмжийн худалдаа үйлчилгээг нэг төвөөс цогц байдлаар үйлчилгээгээ хүргэхийн тулд, бусад олон чиглэлээр ажиллаж буй програм хангамж хөгжүүлэгчид, мэдээлэл харилцаа холбоо, интернетийн үйлчилгээ үзүүлэгчид, банк санхүүгийнхэн, өгөгдлийн сан контент OTT хөгжүүлэгчид, холбоо дохиолол, цахим аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж байгаа байгууллага, холбоонуудтай хамтарч ажиллахыг нээлттэй зорьж байгаа аж.


С.Отгон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна