​Чингис хаанаас болж С.Молор-Эрдэнэ, Ц.Гомбосүрэн нар хэвлэлээр дайтаж эхэллээ

2017/05/29
Философич С.Молор-Эрдэнэ “Өдрийн сонин”-д “Чингис хаан эх орондоо юу ч бүтээгээгүй” гарчигтай ярилцлага өгсөн нь олон нийтийн дунд томоохон маргаан дагуулсан юм.

С.Молор-Эрдэнэ уг ярилцлагадаа, “2500 жилийн өмнө Грек, Энэтхэг, Хятадад төр анх үүссэн. Энэ бол яах аргагүй үнэн. Хятад бол төртэй, байшинтай, сайдтай, албатуудтай, тэд нь тогтмол ажилладаг. Тэндээ бүр төвлөрч амьдардаг байсан. Харин манайд тийм юм байгаагүй. Чингисийн үед төр байгаагүй, тэр байтугай хот ч байгаагүй. Төр яагаад хэрэгтэй юм, хэнд төр хэрэгтэй юм. Хот газарт хэрэгтэй. Хөдөөд төр хэрэггүй, яагаад гэвэл тэнд нийгмийн амьдрал байхгүй учраас. Хотод танихгүй хүмүүс нийлээд хамтдаа гар үйлдвэрлэл байгуулна, эмч болно, хуульч, барилгачин, жолооч, сувилагч, багш болно. Ийм тосгоны амьдрал томроод хотын амьдралд шилжээд ирэхээр хууль хэрэгтэй болдог” хэмээн шүүмжилсэн байдаг. (Уг ярилцлагыг та бүрэн эхээр нь эндээс уншина уу)

Түүний энэхүү ярилцлагын дараа Гадаад хэргийн сайд асан, нэрт орчуулагч Ц.Гомбосүрэн гуай “С.Молор-Эрдэнэтэй санал нийлэхгүй байна” гарчигтай өгүүллээ цахим сайтуудад нийтлүүлсэн бөгөөд уг нийтлэлдээ, “С.Молор-Эрдэнэ бээр Чингисийн нэрийг зарж идэж, түмэн олонд нэр нүүр олох гэж оролдоод бүтэлгүй болохоор хорсож хонзогнож эхэлсэн бололтойдог оо” хэмээн шүүмжлээд авсан нь хашир философчийн эгдүүцлийг төрүүлээд авсан бололтой.  (Уг нийтлэлийг та бүрэн эхээр нь эндээс уншина уу)

Учир нь С.Молор-Эрдэнийн зүгээс энэ удаад мөн л “Өдрийн сонин”-оор дамжуулан, Ц.Гомбосүрэн гуайд хандан,  “Ц.Гомбосүрэн та Чингис хааныг түүхийн ном, музейд нь үлдээгээд орчин үе, XXI зуунд хүрээд ир” гэсэн гарчиг бүхий ярилцлага өгч нэр нөлөө бүхий хүмүүс хэвлэлээр дайтдаг хуучны жишгийг эхлүүлсэн байна. 



Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна