Дэлхийн улс оронд хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ

2017/05/31
Женевт 1925 онд анх хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гарган “Хүүхдийн эрхийн тухай” тунхагийг баталжээ. Энэ цаг үеэс хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон юм.

Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн юм. Үүний дараа1954 онд 11-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталж байсан бөгөөд энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон бусад хүний эрхийн талаарх олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байв.

Дээрх тунхаглалд “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасныг НҮБ анхааралдаа авч хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн байна.



Ийнхүү Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 оны 11-р сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн конвенц болж чадсан юм.

Дэлхийн ихэнх улс орнуудад хүүхдийн баярыг энэ өдөр тэмдэглэдэг. Тухайлбал, Албани, Армен, Азарбайжан, Ангол, Австрали, Болгар, Белорус, Бенин, Босни Герцоговин, Куба, Чех, Эквадор, Истони, Жеоржия, Казакстан, Киргистан, Латви, Литва, Лаос, Молдав, Тажикстан, Түркместан, Украйн, Узбекстан,Камбож, Вьетнам, Хорват, Словак, Этиоп, Герман, Македон, Монтенегр, Мозамбек, Польш, Румин, Серб, Словян, Танзани, Жмен, Португаль, Гвений Бусау, Масао, Ийст-Тимор, ОХУ, БНХАУ, Монгол зэрэг улс оронд 6 сарын 1-нд тэмдэглэдэг байна.



Австрали улс: Хүүхдийн баярыг аравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн ням гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Үүний өмнөх 7 хоногийн туршид "Хүүхдийн арчилгаа" долоо хоногийг зохион байгуулдаг байна. Энэ үеэр хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулдаг ажээ.


Энэтхэг улс: Хүүхдийн баярыг жил бүрийн 11-р сарын 14-нд тэмдэглэдэг. Энэ өдөр бол Энэтхэгийн ерөнхий сайд асан Jawaharlal Nehru-ийн төрсөн өдөр юм байна. Тэрээр хүүхдийн сайн сайхны төлөө анхаарлаа хандуулж хүүхэд рүү чиглэсэн олон ажлыг зохион байгуулж ард түмнийхээ талархлыг хүлээсэн хүн бөгөөд энэ өдөр хүүхдүүд түүний хөшөөнд цэцэг өргөдөг аж.

Мөн ихэнх сургуулиудад соёлын тухай хичээл орж багш нар нь шавь нартаа зориулан дуулж бүжиглэн спорт, урлагийн арга хэмжээг зохион байгуулдаг аж. Харин Засгийн Газраас нь хүүхдийн кино наадмыг зохион байгуулдаг байна.


Япон улс: Хүүхдийн баярыг 1948 оноос хойш тэмдэглэж ирсэн ба “Kodomo no hi” гэж нэрлэдэг. Энэхүү өдөр нь VIII зууны тэртээх уламжлалаас эхтэй ба жилд 2 удаа тэмдэглэн өнгөрүүлдэг. 5-р сарын 3-ны өдрийг охидын өдөр гэх бөгөөд энэ өдрөөр “Хүүхэлдэйн фестиваль” болдог ба Японы айл өрхүүд гэрээ “Heian Period” нэртэй хүүхэлдэйгээр чимэглэн “Amazaki" нэртэй үндэснийхээ ундааг уудаг гэнэ. Тэгвэл 5-р сарын 5-нд болоххөвгүүдийн өдрөөр туузаар чимэглэсэн гоёмсог загасны хэлбэртэй дүрс хийсгэдэг юм байна.



Монгол улс: Хүүхдийн баярыг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” гэсэн нэрийн дор манай орон 65 дахь жилдээ энэхүү баярыг тэмдэглэж байна. 1952 оноос эхлэн 6-р сарын 1-ний өдрийг Хүүхдийн баяр болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдөр манай хүүхэд багачууд нийслэлийн төв талбайдаа цуглан урлаг, соёлын олон арга хэмжээнд оролцож, мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглох зэргээр өдрийг өнгөрүүлдэг билээ. 


Мексик улс: Хүүхдийн баярыг 1925 оноос эхлэн 4-р сарын 30-нд тэмдэглэдэг ба El Día Del Niño хэмээн нэрлэдэг байна. Энэ өдөр багш нар нь сурагчиддаа зориулсан тоглоом, урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг ба хүүхдүүд өөрсдийн дуртай хоолоо анги дээрээ авчран бусадтайгаа хуваалцаж иддэг.

Энэ мэтчилэн улс орон бүр өөрсдийн онцлогоосоо шалтгаалаад төрөл бүрийн нэр, уриан дор хүүхдийн баярыг тэмдэглэдэг байна. 


Д.Мишээл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна