Г.Нямлхагвын ээж Х.Гэрэлмаа 90 саяын Гансүхээс их хэмжээний мөнгө нэхэмжилнэ гэв

2017/06/06
Халхын шоронгийн атаман гэгдэж асан талийгаач Г.Нямлхагвын ээж Х.Гэрэлмаа хэвлэлд ханджээ. Тэрбээр Zaluu.com сайтад өгсөн ярилцлагадаа, хүүгийнх нь үхлээр шоу хийж, худал мэдээлэл цацсан гэх үндэслэлээр 90 саяын Гансүхээс их хэмжээний мөнгө нэхэмжилнэ гэдгээ мэдэгджээ.

Энэ тухай Х.Гэрэлмаа гуай, “Миний ярилцлага өгөх гол зорилго бол “90 саяын” Гансүх гэгч залуу миний хүүгийн талаар худлаа ярьсныг няцаах гэсэн юм. Миний хүүгийн эд эрхтэнийг тасдаж аманд нь зуулгаад, нүдийг нь авсан байсан мэтээр анх нийгэмд худлаа мэдээлэл цацаж тараасан хүн нь тэр. Амийг нь бүрэлгээд хоёр нүдийг нь ухаж гарт нь бариулаад, эд эрхтэнийг тасдаж аманд зуулгасан байсан гэдэг бол огт худлаа юм шүү. Би шарилыг нь хүлээж авч хойтох буяныг нь хийсэн эх хүний хувьд үүнийг хатуу хэлж байна. Дээр нь Мөнхбаясгаланг ийм муухай хүнтэй үерхэж найзлаж байсан мэтээр ярьсанд харамсаж байна. Бүр тодруулбал, Мөнхбаясгалан шоронд очиж, Нямлхагвад байнга зодуулж балбуулдаг байсан мэтээр эрээ цээргүй ярьсанд эх хүний хувьд эмзэглэж хүлээж авсан. Яагаад гэвэл миний хүү эмэгтэй хүнийг зодох хүн биш. Эмэгтэй дүү нартаа ч ширүүн хандаж үзээгүй. Нөгөөтэйгүүр залуу хүмүүс хоорондоо ажил төрлийн холбоотой байсан байж магадгүй, яг ямар холбоотой байсныг би мэдэхгүй юм. Гэхдээ нарсанд байгаа хүн нарны хүнтэй уулзах нь тэр хүнд нар гарсантай л адил сайхан санагдаж байсан нь тодорхой шүү дээ. Харин ч би Мөнхбаясгаланд баярлаж явдаг” хэмээн хариулаад “Та Авдрантын хорих ангиас хүүгийнхээ цогцсыг хүлээж авч байсан. Үнэхээр Гансүхийн яриад байгаа шиг тийм зүйл болоогүй байсан гэж үү” гэсэн сэтгүүлчийн асуултад, “2001 оны аравдугаар сарын 26-нд хүү тань өнгөрчихлөө гэсэн мэдээ аваад би хүргэнтэйгээ, охинтойгоо, худтайгаа Авдрантын хорих анги руу шөнө явсан. Тэгэхэд хорих ангиас хүүгийн цогцсыг мишоконд хийгээд Фургонд ачсан, урд нь 69 машинтай явж биднийг угтсан. Тэгээд бид цогцсыг хүлээж аваад Зайсангийн хорих ангид авчирсан. Маргааш нь манай хүргэн авдаг ёсоор нь хүлээж аваад гэрийнхээ баруун талд засаад, ажил явдлыг өнгөрүүлсэн. Ажил явдлын үеэр хүүгээ харсан, хоёр нүд нь хоёулаа байсан, эд эрхтэн нь бүтэн байсан. Миний хүүг манцуйлж өлгийдөөд хоёр нагац нь хүний ёсоор л Нарангийн энгэрт хөдөөлүүлсэн. Дахин хэлье, хүүгийн минь эд эрхтэн бүтэн байсан шүү. Гансүх магадгүй андуурсан уу, эсвэл янз бүрийн зүүд зүүдэлснээ бодит мэт ярьж олон нийтийн сүлжээгээр цацсан байхыг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр хүчний байгууллагыг муухай доромжилсон. Тиймээс тэр хүний гаргасан мэдээлэл болгоны тоогоор би мөнгө нэхэмжилнэ. Мөнгийг нь асрамжийн газрын хүүхдүүдийн данс руу шууд шилжүүлнэ гэж бодож байгаа. Миний хүүг муухай гүтгэсэн дээ” хэмээн ярьжээ.

Ярилцлагын дэлгэрэнгүйг Та эндээс уншина уу.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна