Дэвид Бекхэм : “Би зүгээр л зөв амьдрахыг хичээдэг”

2017/06/09
Монгол хүний хувьд “халуухан, тачаангуй, хүсэмжит” гэсэн тодотгол содон, хачин сонсогдож мэдэх ч Барууны хэвлэлүүдэд бол энэ нь байдаг л зүйл. Сүүлийн үед манай залуучууд ч ийм “онош”-ийг гайхан хүлээж авахаа больсон ч байж мэднэ. Юутай ч, Дэвид Роберт Жозеф Бекхэм хэмээх энэ эрийг дээрх тодотгол дагадаг.

Английн хөлбөмбөгчин, өдгөө 42 настай, эр хүний хувьд ид хавтай үедээ яваа түүнийг “Esquire” онцлон, “уудалжээ”. Еврей гаралтай тэрбээр 14 настайдаа “Манчестер Юнайтед”-тай гэрээ байгуулснаар тус багийн салшгүй нэгэн хэсэг болсон юм. Зөвхөн спортын салбарт бус, загвар, зар сурталчилгааны талбарт хамгийн эрэлттэй нэгэн болж, дэлхийн дахинаа танигдсан Бекхэмийн дотоод хүнтэй танилцъя.

• Бидний үеийнхнийг сүүлийн үеийн хөлбөмбөгчидтэй зүйрлэх аргагүй. “Манчестер Юнайтед”-тай хийсэн гэрээгээ биелүүлэхийн тулд би өдөр бүр яг л анжистай мал шиг зүтгэдэг байсан. Харин одоо Английн хөлбөмбөгийн шигшээ багийнхан харьцангуй амар болсон шүү дээ. Премьер лигийн 10 тоглолтод ороход л мөнгийг “ууна” шүү дээ. Магадгүй ингэж ярихаар намайг хуучинсаг, хөгшин сэтгэлгээтэй гэх байх л даа. Үнэндээ тийм байдал нь намайг бага зэрэг “галзууруулдаг”.

• Би өглөө бүрийг “Ямар гайхалтай өдөр вэ” гэж угтахыг хүсдэг ч чаддаггүй.

• Ээж минь үсчний газарт шөнө дөл хүртэл ажилладаг байсан хэрнээ гурван хүүхдээ асарч, юунаас ч хоцроолгүй авч явж, ер нь бүх ажлаа түүртэлгүй зохицуулдаг байж билээ. Түүний хөдөлмөрч, аливаад чамбай, нямбай ханддаг зан нь надад “халдсан”. Тиймээс л би буйданд тухлаад, зурагт үзэхийн оронд хүүхдүүд юу хийж байна, гэрээ цэвэрлэж, хогоо хаясан уу гэх зэргээр өөрийгөө “зовоодог” байх.

• Хүмүүс миний шивээсийг хараад “Та шүтлэгтэй юү” гэж асуудаг юм. Шашин шүтлэгийн хувьд би тэр, энэ гэлтгүй бүгдийг нь хүндэлдэг. Харин сүсэглэн, шүтэхийн хувьд алийг нь ч онцолдоггүй. Өөрөөр хэлбэл, шүтлэггүй. Би зүгээр л зөв амьдарч, бусдыг хүндэлж, хүн чанартай байхыг чухалчилдаг.

• Тэнгэрээс биднийг хэн нэгэн үргэлж хардаг гэдэгт би итгэдэг.

• Нэг удаа Нью-Йоркт явж байгаад сурталчилгааны жигтэйхэн том самбар дээрээс дотоожтой зургаа хараад сэтгэл хачин болж билээ. Тэгж байтал хамт явж байсан нэг залуу “Бурхан минь, чиний нуудгай пуужин шиг овоо юм аа” гэж уулга алдсан.

• Өвөө минь надад “Үргэлж өвчин намдаагч эмтэй явж бай” гэж захидаг сан. Үнэхээр хэрэгтэй эд шүү.

• Зочид буудалд байрлахдаа би өөрийн шаахай, халаадтай явдаг.

• “Манчестер Юнайтед”-д амьдралын минь хамгийн аз жаргалтай мөчүүд өнгөрсөн. Багадаа мөрөөдөж байсан шигээ гайхалтай, шилдэг тоглогчидтой хамтран зүтгэсэн он жилүүд минь шүү дээ.

• Би Викториягаараа үнэхээр их бахархдаг. Тэр минь “Spice girls” хамтлагийг ид мандаж байхад нь гарч, хүсэл мөрөөдлөө дагасан. Тэглээ гээд алдаагүй, сайн загвар зохион бүтээгч болж, амжилтад хүрсэн.

• Саяхан нэг хүн надад “Үргэлж ямар нэгэн зүйлийг тэсэн ядан хүлээдэг байх хэрэгтэй. Үр дүн нь ямар байх нь чухал биш. Тэгэхгүй бол нас явахын хэрээр амьдрал утга учиргүй мэт санагдах болно” гэж хэлсэн нь санаанаас ер гарахгүй юм. Үнэхээр сайхан зөвлөгөө байгаа биз.

• Би бага байхдаа Лондоны марафонд уралдана гэж боддог байлаа. Харин том болсон хойноо тийм хол газрыг гүйж барна гэдэг миний давах даваа биш гэдгийг ойлгосон. Дугуйгаар жийвэл харин барж болох л юм.

• Хэрэв би өмнөх шигээ Лос-Анжелест амьдарч байсан бол хөлбөмбөгийн талбайгаа санагалзах байсан болов уу. Одоо бид хүүхдүүдийнхээ хүслийг дагаж Лондонд амьдарч байна.

• Миний хувьд дотуур хувцас сурталчлахад эвгүй санагддаг. Хүмүүст ч гэсэн тийм таатай байхгүй л болов уу, бөөн үс болсон хөл харахад.

• Би хөлбөмбөгийн талбайд амьдралынхаа 22 жилийг өнгөрүүлжээ. Өөр хаана ч биш, зөвхөн талбайдаа л жинхэнэ тав тухыг мэдэрдэг байлаа.

• Хообий “хөөх” цаг зав надад байсангүй. Миний ажил л хообий минь байх даа. Заавал хообийтой байх ёстой гэвэл, магадгүй хүүхдүүд минь тэр зүйлийг орлох болов уу.

• Усанд орсны дараа эмэгтэй хүний үнэр арилдаг гэдэгт итгэдэг үү гэж үү. Миний бодлоор тэр юу л бол.

• Миний бэлтгэсэн гоймонтой хуурганд хүүхдүүд минь нугасгүй.

• Гэр бүлээрээ дэлгүүр, театраар явахад хүмүүс том хүү Бруклинийг л таниад, хамтдаа зургаа авахуулаад сүйд болдог юм шүү дээ.

• Бусад ааваас ялгарах гойд зүйл надад байхгүй дээ. Аавууд бүгд л үр хүүхдийнхээ төлөө зүтгэдэг байх.

• Заримдаа би хөлбөмбөгийн талбайд одоо гарвал нэг их ядрахгүй байх гэж боддог. 50 нас гарсан ч тоглож чадах байх гэж итгэдэг. Гэхдээ яг үнэнийг минь хэлээд өгөх найз нар байгаад баярладаг. Тэд магадгүй “Дэвид, чи санаанаас цаашгүй болсон” гэж хэлж мэдэх л юм.

• Би бор ундаанд дурлаад байдаггүй. Хааяа дарсыг бол хоёр аягаас хэтрүүлэхгүй дээ.

• Би сайхан залуу биш ч гэсэн эрхтэн бүтэн, эрүүл саруул гэдгээ сайн мэднэ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна