Усейн Болт өөрийн рекордыг шинэчлэхгүй

2017/06/12

Дэлхийн хамгийн хурдан хүн Усейн Болт эх орондоо болох Гран при тэмцээний дараа зодог тайлна гэж мэдэгдсэн. Тэгвэл тамирчны карьераа өндөрлөх товоо хойшлуулаад байгаа. Энэ жилийн ДАШТ-нд оролцсоны дараа их спортоо орхихоо мэдэгдлээ. Гэхдээ зодог тайлахаас өмнө өөрийн амжилтаа ахиулахыг оролдохгүй гэж Усейн Болт онцолсон байна.

Олимпийн найман удаагийн аварга, дэлхийн хамгийн хурдан хүн Усейн Болт өөрийн мэргэшсэн зай болох 100 болон 200 м зайд амжилтаа ахиулж, дэлхийн рекордыг шинэчлэхийг зорихгүй байна. Өнөөдөр Ямайкийн Кингстон хотод олон улсын Гран при тэмцээн эхэлж байгаа. Тэмцээний өмнө тамирчин сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна.

Ингэхдээ ирэх 8-р сарын 5-13-ны өдрүүдэд Лондон хотноо болох ДАШТ-нд оролцсоны дараа зодог тайлна гэдгээ батлан хэлээд, ирэх тэмцээнүүдийг өөртөө биш хөгжөөн дэмжигчиддээ зориулж байгаа гэлээ. Гараанд гарахдаа түрүүлэхийн төлөө бүх хүчээ дайчилдаг бол, энэ улиралд ялалт байгуулж, карьераа ялалтын хэмнэлээр өндөрлөхийг хүсч байна гээд, гэхдээ өөрийн рекордыг шинэчлэх зорилт тавиагүй гэлээ.

Усейн Болт хөнгөн атлетикийн 100 м болон 200 м зайн уралдаанд 9.58 секунд болон 19.19 секундын үзүүлэлтээр дэлхийн дээд амжилт эзэмшдэг.  

Х.Нэргүй


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна