Мисс А.Баярцэцэг "Мулан" киноны шалгаруулалтад акцент дээрээ гологдов уу

2017/06/12

Эх орноо төлөөлж "Дэлхийн мисс"-ийн тэмцээнд оролцож 11-т шалгарч чадсан бүсгүй бол мисс А.Баярцэцэг билээ. Түүнийг "Дэлхийн мисс"-ийн тэмцээнд оролцож байх үеэр Диснейн Сан Франциско дахь агентлагаас “Мулан” уран сайхны кинонд шалгуулах урилга ирүүлж байсан билээ.

Том агентлагийн хараанд өртөж, шалгаруулалтад оролцох урилга авна гэдэг бол ховор завшаан. Тиймээс мисс А.Баярцэцэг тэмцээнээ дуусаад тэдний урилгын дагуу ярилцлагад оржээ. Гэвч олон шалгуурын дараа гол дүрийн жүжигчинг сонгох учраас цаг хугацаа шаардлагатай байдаг гэнэ. 



Мисс бүсгүй маань саяхны нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Холын зорилт бол жүжигчнийхээ чиглэлээр өөрийгөө сайжруулж, түүхийг бүтээх.

Ойрын зорилт гэвэл акцент дээрээ маш сайн ажиллах шаардлагатай байгаа. Яг Америкт очоод Холливуудын кинонд шалгууллаа гэхэд ихэвчлэн Америкт төрсөн Ази хүн эсвэл Англи Ази хүн ч юм уу өөр орны сэтгэхүйтэй, хэллэгтэй Азиудын дүр ихэвчлэн ноогддог.

Агентлагийн менежер маань ийм дүрд бусад орны жүжигчидтэй өрсөлдөхийн тулд 100 хувь Америк хүн шиг акценттэй ярьдаг болох хэрэгтэй гэдэг. Энэ мэдээж тийм амархан зүйл биш санагдсан. Яагаад гэвэл би хэчнээн мундаг ойлгоод яриад байгаа хэдий ч яалтчгүй тэнд төрчихсөн, өсчихсөн хүний дуудлага гэдэг ямар байх нь тодорхой.

Мэдээж үүнийг давахгүйгээр Холливуудыг зорино гэдэг утгагүй шүү дээ. Тиймээс хичээж байна." хэмээжээ. Чамгүй чадварлаг, ухаалаг, авъяастай бүсгүй маань "Мулан" киноны шалгаруулалтад акцент дээрээ хангалтгүй байсан бололтой юм.



Гэхдээ мисс А.Баярцэцэг маань Холливүүдийн алдарт жүжигчин Стивен Сигалын кинонд тоглохоор болсон байна. 

Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэж байдаг гэдэг. Дэлхийн миссийн тэмцээнд орсноороо энэ сайхан хүмүүстэй танилцах боломж олдсон билээ. Өнгөрсөн 2-р сард Тайланд улсад болсон киноны шалгаруулалтын хариу маань иржээ. Ирэх жил дэлгэцнээ гарах ”Attrition” киноны томоохон туслах дүр болох Kyra-н дүрд тоглохоор боллоо" гэжээ.

Кино зураг авалт ирэх долоодугаар  сард Тайланд улсад эхлэх аж. 


Т.Очир

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна