Л.Болд: Хэвлэлийн салбар бүхэлдээ “оффшор ертөнц” болсон

2017/06/13
Туушин Бэст Вестерн Премиер зочид буудлын Соёмбо танхимд “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ” сэдэвт Ардчиллын гурав дахь чуулган болж байна. 

ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Удирдлагын академи хамтран Монголд ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор жил бүр “Ардчиллын бага хурал”-ыг зохион байгуулдаг.

Чуулганд Конрад аденаур сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниел Шмюкинг, ХБНГУ-с Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Стефан Дүппэл, Удирдлагын академын захирал Саркытын Зүльфикар нар болон хэвлэл мэдээллийн салбарын 200 гаруй төлөөлөгчид оролцож буй юм.

Ардчилсан нийгэмд иргэдийн үзэл бодол төлөвших, иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нийгэмд олон ургалч үзэл төлөвших, улс төрийн болон захиргааны бүх төвшинд шийдвэр гаргахад оролцох, хяналт тавих, гаргасан шийдвэрийг олон нийтэд хүргэхэд чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг, үнэ цэнийн талаар өнөөдөр хэлэлцэж байгаа аж. 



Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Л.Болд хэвлэл мэдээллийн салбарыг бүхэлдээ “оффшор” ертөнц болсон гэж үзэж байна. Тиймээс өөрийн мэдлийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээсээ татгалзаж байна гэдгээ чуулганы үеэр онцолж хэлсэн юм. 

Тэрбээр “Манай улсад олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдгийн шалтгаан нь бид боогдмол, хаагдмал үеэс гарч ирсэн. Тийм нийгмээс гарч ирсэн хүмүүст үзэл бодлоо илэрхийлэх хүсэл төрсөн нь буруутгах зүйл биш. Нэг талаас харахад бид эрх чөлөөтэй, мэргэжлийн сэтгүүлчдийн “армитай”, чөлөөт хэвлэлтэй улс юм шиг атлаа нөгөө талаасаа чөлөөт хэвлэлгүй улс. Чөлөөт хэвлэлийн эрх чөлөөгөө өнөөдөр хэвлэл мэдээллүүд зарж амьдарч байгаа нь нууц биш. Хэвлэл мэдээлэл ийм л хар зах зээл болчихоод байна.

Хэвлэлийн эрх чөлөөнөөс урвачихаад байна. Үүнийг өөрчлөхгүйгээр, суурь эрх чөлөөгөө өөрчилж чадахгүйгээр бидэнд гэрэлт ирээдүй гэж байхгүй. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын ард дандаа нууц эзэд байна. Энэ салбар бүхэлдээ “оффшор ертөнц” болсон. Энэ байдлыг зогсоох ёстой. Үүнийг зогсоохын тулд би өөрөөс эхлэх гэж байна. Жишээ нь би улстөрд амьд байхын тулд бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй. Тэгэхээр би "Politic.mn сайт, Өглөөний сонин"-соо татгалзлаа. Мөн хэд хэдэн радио, телевизийг худалдаж авах хэлэлцээр хийж байсан энэ бүгдийг зогсооно. Энэ бүх хэвлэлээсээ татгалзаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэв. 


Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна