Зохиолч Г.Аюурзана Монгол Улс зургаан сая хүн амтай болох талаар ийм санал дэвшүүлэв

2017/06/30
Өмнөд Солонгосын үндсэн хуулинд нэг гайхамшигтай заалт бий. БНСУ-аа тэд солонгос үндэстний албан ёсны улс засгийн газар гэж тунхагласан тул Хойд Солонгосын иргэд ч солонгос үндэстэн болохынхоо хувьд иргэн болох эрх нь нээлттэй. Тийм учраас л Хятадаар дамжин (нэг хэсэг Монголоор ч дамжсан) Сөүлд очсон хойд солонгосчууд шууд БНСУ-ын иргэн болцгоодог.  Энэ бол үндэстнээ хамгаалсан, уг язгуураа эрхэмлэсэн аугаа их бодлого юм. 

Хэрэв нэгэн сайхан өдөр УИХ-аас “Монгол улс бол дэлхий даяар тархан суурьшсан монгол үндэстэн хүн бүрийн албан ёсны, цорын ганц төрт улс нь мөн. Монгол үндэстэн хүн бүр Монгол улсын иргэн байж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, үндэстнийхээ удмын санг хадгалан хамгаалах эрх ба үүрэгтэй” гэсэн заалт Үндсэн хуулиндаа тунхаглачихвал, бид жинхэнэ утгаараа олуулаа болно доо. Говиос урагш 5 сая, дорнод Сибирт хагас сая монгол бий. Тэдний наашаа элэгтэй тэн хагас нь ирэхэд л бид 6 сая хүн амтай, дотооддоо боломжийн зах зээлтэй улс болчихно. Жаахан удах гэвэл л Дэ ван шигээ баривчлагдаад буцдаг өвөрлөгч нар маань, хэл усаа мартаж гээсэн буриадууд маань өөрсдийнхөө сонголтоор Монгол улсын бүрэн эрхт иргэн болж, үндэстнийхээ төлөө зүтгэж, үр хүүхдүүд нь монголоор ярьж өснө дөө. 

Ингэхэд, Солонгосынх шиг хуультай болоход бидэнд юу саад болдог юм бол? Хэлэлцээд үзээсэй!

Зохиолч Г.Аюурзана

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна