​Д.Гантулгын найз Цэрмаа: Ч.Саранзаяа Ардчилсан намаас 150 сая төгрөг авсан

2017/07/07
УИХ-ын гишүүн Д.Гантулгын хүчингийн хэргийн цорын ганц гэрч хэмээгдэж байсан иргэн Ц буюу Б.Цэрмаа өөрийгөө илчилж цахим сүлжээгээр мэдэгдэл хийлээ.

Тэрбээр ярихдаа,  “Энэ бол асар аймшигтай юм болж байна. Бид залуу хүмүүс. Найзууд хоорондоо уулзаад, ажил хэрэг яриад, инээж хөхрөлдөж болно биз дээ. Бөөнөөрөө хамтдаа саунд сууж байгаад гэртээ очсон.Би тэдний гэрт амьдардаг юм биш.  Бид гурвуулаа нийлж байр түрээслэж амьдардаг байсан.

Би Ч.Саранзаяатай 10 жилийн турш хамт байж, нөхөрлөж, өдийг хүртэл туслаж дэмжиж ирсэн.

6 сарын 12-ны өдрөөс хойш Саранзаяатай уулзсан. Бүх баримтууд нь байгаа.

Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх Ч.Наранзаяа бол чимээгүй л байж байдаг хүүхэд. Огт тийм хэрэг болоогүй байхад гүтгэж гүжирдэж байна.

Ч.Саранзаяагийн үйлдэл хэрээс хэтэрч дүү Ч. Наранзаяа нь хүртэл ‘’Эгчээ одоо больчихооч ээ’’ гэж хэлсэн.

Ч.Саранзаяад ичих нүүр алга. Өөрт байсан бүхнээ, нэр нүүр, эцэг эхээ, төрсөн дүүгээ хүртэл сонгуулийн шоу болголоо.

Ч.Саранзаяа АН-аас 150 сая төгрөг авсан гэх баримт надад байгаа.

Намайг үнэхээр уучлаарай Саранзаяа. Надад хайртай хүмүүс байгаа. Эцэг эх, нэр төр гэж юм байгаа. Чи бол ичих нүүргүй худалч амьтан. Өнөөдрийг хүртэл би чамайг хамгаалж, нэр төрийг чинь баллахгүйг хичээсэн. Гэвч энэ гүтгэлэгүүд хэрээс хэтэрлээ. Өчнөөн удаа гуйж, мессэж бичсэн ч намайг тоогоогүй. Би чиний энэ үйлдэл хэтэрлээ гэж зөндөө хэлсэн’’ хэмээн ярьжээ.



Дээрх бичлэгийн хариуд хүчиндүүлсэн гэх бүсгүй Ч.Наранзаяагийн эгч Ч.Саранзаяа хариу мэдээлэл хийж, өөрийгөө Н.Цэрмаа гэж танилцуулсан бүсгүйн мэдэгдэлийг няцаалаа.

Ч.Саранзаяа ярихдаа, ‘’Миний найз иргэн Ц бол хөгжмийн зохиолч Бямбабаярын охин Цэрмаа. Н.Цэрмаа гэж өөрийгөө танилцуулсан байна лээ.
Би эцсээ хүртэл Цэрмаа найзынхаа нэр нүүрийг ил болгохгүй байя гэж бодож байсан.

Энэ хэргийг сонгуулийн шоу мөн эсэхийг ганцхан өдрийн дараа харчих. Хоёр, гурван өдөр, сар, жилийн дараа ч хэрэг илэрнэ.

Манай дүүгийн ангийн охиныг дүүгийн минь эсрэг мэдүүлэг өгүүлсэн. Одоо 10 жил найзалсан найзаар минь худал мэдээлэл тараалгаж байна. Жинхэнэ худалдагдсан хүн бол Б.Цэрмаа.

Цэрмаа МАН-ын гишүүн. Би нам бус. Б.Цэрмаа өмнө нь МАН-ын хэвлэл мэдээллийн даргын үүрэг гүйцэтгэж байсан. 2020 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэж мөрөөддөг.

Надад сонгууль ерөөсөө сонин биш. Хэрэг илэрнэ. Цэрмаа намайг их доромжилсон. Мессежээр намайг аргадсан гэж бичлэг дээрээ хэлсэн ч эсрэгээрээ доромжилсон.

Хэрэг болсны маргааш өдөр ‘’надаас л боллоо, миний буруу, насан туршдаа та хоёрт өртэй’’ гэж байсан хүн өнөөдөр намайг АН-д худалдагдчихлаа гэж байна. Цэрмааг арай ч ингэнэ гэж бодсонгүй.

150 сая төгрөг авсан баримтийг минь гаргаад ир. Би хэзээ ч баримтгүй зүйл ярихгүй байгаа. Д.Гантулга нэлээн хэдэн өдрийн өмнө гүтгэж байгаа хүмүүсийг баримттай нь дэлгэнэ гэсэн байсан. Өчигдөр хэвлэлийн хурал дээрээ нэг ч баримт дэлгээгүй. Өнөөдрийг хүртэл нэг ч баримт дэлгээгүй байна.

Би Цэрмааг ойлгож байна. 2020 оны сонгуульд нэр дэвшинэ гэж боддог. Тэр сонгуульд нь амжилт хүсье.

Дуучин М.Нарантуяа Д.Гантулгатай орооцолдоод их хуралд нэр дэвшсэн. Ер нь хараад байхад Д.Гантулгатай орооцолдсон хүүхнүүд их хуралд нэр дэвшээд явчихдаг юм биш үү.

10 жил найзалсан нэг найзыгаа алдлаа. Гэхдээ би найзаар дутахгүй ээ. Би эцсийг нь хүртэл үнэн зөвийн төлөө явна. Сонгууль дууссаны дараа ч би тэмцсээр байх болно. Эцэст нь хэлэхэд намайг худалдагдсан гэж гүтгэж байгаа Б.Цэрмаа, Д.Гантулга хоёр намайг АН-аас 150 сая төгрөг авсан гэх баримтыг гаргаад ир” гэлээ.
 


С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна