Наадмын 9000 гаруй тасалбарыг иргэдэд борлуулна

2017/07/08
Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл болон Оргил салбараар худалдаж эхэллээ.

Өнгөрсөн жилүүдэд СТӨ, Бөхийн өргөөний тасалбарын цэгээр худалддаг  байсан ч иргэдээс маш их гомдол ирдэг байсан юм. Иймээс энэ жил иргэдэд бухимдал чирэгдэл, урт дараалал үүсгэхгүйн тулд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд борлуулах болжээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбараар худалдаалснаар иргэд өөрийн амьдарч байгаа дүүргийнхээ нутаг дэвсгэрт ойролцоо цэгээс авах боломж бүрдэнэ. Иргэдэд илүү хүртээмжтэй байна гэж бид үзэж байна. Мөн тасалбарыг дамалж худалдаалах байдал намжина гэж тооцоолсон. Цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоо бага.Нийслэлийн иргэд олон учраас бид иргэдэд аль болох хүртээмжтэй байхыг нь бодож өмнөх жилүүдийн адил нэг хүнд хоёроос илүү тасалбар борлуулахгүй” гэлээ.
 
Төв цэнгэлдэх хүрээлэн нийт 12 мянга 300 орчим суудалтай. Нийт борлуулах тасалбараас 3000 гаруй нь жуулчдад зориулсан бол үлдсэн 9000 гаруй тасалбарыг иргэдэд борлуулна.
 
Баяр наадмын тасалбарын үнийн хувьд энэ сарын 11, 12-ны өдрийн багц тасалбар 16-24 мянган төгрөгийн үнэтэй байх юм.
 
Х.Нэргүй

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна