Энэ сарын эхээр Германы Хамбург хотод болсон Их 20-ын уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар албан ёсны уулзалтаас гадна нэмэлт уулзалт хийсэн болох нь өчигдөр анх удаа ил болжээ.
Геополитикийн эрсдлийн судалгаа хийдэг Еврази Группын ерөнхийлөгч Ян Бреммер энэ уулзалтын тухай анх удаа хэвлэлд мэдээлсэн байна. Түүний мэдээллийг бусад эх сурвалжууд, Цагаан ордон бас баталжээ.
Албан ёсны уулзалт хоёр цаг гаруй үргэлжилж, тэргүүн хатагтай Меланиа орж ирэн “хүчээр дуусгасан” тухай төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон өмнө нь ярьж байсан юм.
Тэгвэл үүний дараа болсон Их 20-ын удирдагч нарын үдшийн зоогны үеэр тэд дахин нэг цаг орчим уулзжээ. Бреммер “Трамп үнэхээр Путинтай маш ойр хувийн харилцаатай гэдэг нь тодорхой харагдаж байна” гэж Чарли Роузын ярилцлагад орохдоо хэлсэн байна.
Зоог барьж байсан бусад улсуудын төрийн тэргүүнүүд ч тэдний уулзалтыг гайхан харж, яах учраа олохгүй сандарсан гэнэ. Сонирхолтой нь Трамп ганцаар Путины ширээнд очиж, зөвхөн Путины орчуулагчтай ярилцсан байна. Уулзалтын тэмдэглэл хийгдэлгүй хоосон үлджээ.
Цагаан ордон энэ талаар “зоогийн үеэр удирдагч нар өрөөнд чөлөөтэй хөлхөж, хоорондоо ярилцаж байсан” гээд Трампыг дагалдсан орчуулагч тухайн үед зөвхөн япон хэлний орчуулагч байсан тул Путины орчуулагчийг ашиглахаас өөр аргагүй байсан гэжээ.
Мөн Трамп, Путины хооронд хоёр дахь уулзалт болоогүй, зөвхөн богино хэмжээний ярилцлага хоолны дараа болсон гэж залруулсан байна. Энэхүү нэмэлт уулзалтыг Цагаан ордон нууцалсан гэдэг мэдээллийг мөн няцаажээ.
Дональд Трампыг Кремльтэй онцгой харилцаатай гэх дуулианд дээрх мэдээлэл хачир нэмж байгаа юм. Саяхан Трампын хүү “бага” Трамп Оросын засгийн газрын төлөөлөгчтэй өнгөрсөн онд уулзаж, өрсөлдөгч Хиллари Клинтоны тухай мэдээлэл олж авсан гэх яриа хэвлэлээр тараад байгаа.
Эх сурвалж: Business Insider
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна