​Ч.Амарболд генералыг гадаадад консулаар томилох нь зөв үү

2017/07/20
-ГЭМТНҮҮДЭЭ ГАДАГШ НЬ “ЗАЛДАГ” МАН-ЫН ШИНЭ ТОГТОЛЦОО-

Өнгөрсөн зургадугаар сараас УИХ дахь Сү.Батболдын фракцын хүчин чармайлт гарган батлуулсан Дипломат албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Хууль батлагдсанаар нэр бүхий дөрвөн дипломат төлөөлөгчийн газар татан буугдаж, үйл ажиллагааны зардлаар нь дипломат ажилчдын хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төлөх зохицуулалт хийгдсэн билээ.

Ингэж хилийн чинадад эцэг, эхийн хамт амьдарч буй дипломат ажилчдын 35 хүүхдийн цэцэрлэгийн төлбөрөөр чухал бүс нутгууд дахь дөрвөн төлөөлөгчийн газраа сольсон юм.

Шинэ хууль хэрэгжихтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд зургадугаар сардаа багтаан дипломат ажилчдын халаа сэлгээг бүрэн цэгцлэх чиглэлийг намаас нь өгсөн байдаг. Энэ дагуу салбар яамнаас нь өмнөх жилүүдэд томилогдсон дипломат ажилчдыг эх орондоо зургадугаар сардаа багтан ирэхийг үүрэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Дипломат албаны тухай шинэ хуулиар төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа гурван жил байсныг дөрвөн жил болгон өөрчилсөн юм. Сонирхолтой нь, энэ өөрчлөлт 2017 оноос өмнө томилогдсон дипломат ажилчдад хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, хуулиар эрх баригч намын угшилтай шинэ хүмүүсийг хамгаалж, хуучнуудыг нь түлхэж өгсөн хэрэг билээ. Ийм байдлаар дипломат ажилчдын эрх илүү онцгой түвшинд гарч, томилолтын хугацаа нь хүртэл урт болсон тул хэн хүний сонирхлыг татсан “месть” болов.

Ерөөс хэзээнээсээ нааш улс төрийн хүрээнийхэн гадны аль нэг оронд ах дүү, хамаатан садан, найз нөхдөө дипломат ажилтнаар илгээх өндөр сонирхолтой байсаар ирсэн. Ийм жишиг МАН-ын эрх барих үед бүр ч мэргэшиж, эх орондоо аж төрөхөд эвгүйдсэн нөхдөө дипломат албанд явуулж, замыг нь тэгшилдэг хэлбэр шинээр тогтож байна.

Оны өмнөхөн алдарт Оюутолгойн гэрээ, оффшор дансны асуудлаараа олон нийтийн дунд “тойрох”-оо зуруулаад байсан Ерөнхий сайд асан С.Баяр Англид элчингээр томилогдож, дөрвөн жил бие, сэтгэл амар суух эрхээ өвөртөлсөн. Тэрээр намаа ачилсныхаа төлөө Ерөнхийлөгчийн сонгуулиар зориуд эх орондоо ирж, менежерээ хийгээд буцав.

Одоо С.Баярын араас таван хүний алтан аминд хүрсэн долдугаар сарын 1-ний үймээний үеэр Цагдаагийн байгууллагыг тэргүүлж байсан Ч.Амарболд генерал консулаар суухаар намын нөхдөө тойглож явна. Ч.Амарболд генерал долдугаар сарын 1-ний үймээний үед ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч хийж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар “Захирагч эрх мэдэл, албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр 6.6 жилийн ял сонсож байв.

Улмаар ШШГЕГ-ын их хүчин чармайлт дор 2014 оны гуравдугаар сард магадлангаар суллагдсан нэгэн юм. Нэмэрлэхэд, тухайн үед одоогийн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Хууль зүйн сайд хийж байсан бөгөөд үймээний үеэр “Унтаж байсан” хэмээх тайлбар хийсэн удаатай билээ.

-БНХАУ-ЫН ГАДААД ЯВДЛЫН ЯАМ Ч.АМАРБОЛДЫГ КОНСУЛААР СУУХ АСУУДАЛД ЗӨВШӨӨРСӨН ХАРИУЛТ ИЛГЭЭГЭЭГҮЙ БАЙНА-

МАН доторхи яриагаар бол, гадаад томилгоонд Сү.Батболдын фракци илүү хүчтэй байж, Ерөнхийлөгчийн сонгууль, Улсын баяр наадам дамнуулан голлох томилгоонуудаа хийжээ. Яг энэ жишгээр алдарт долдугаар сарын 1-ний үймээнээр хамтдаа цоллуулж, унаж босч явсан нөхрөө гадагш нь илгээж “амраах” санаа Ц.Мөнх-Оргилд төрж, төрийн нарийндаа чиглэл өгсөн бололтой. Учир нь, Гадаад харилцааны яамны ТНБД Д.Даваасүрэн чиг үүргийнхээ хүрээнд дипломат ажилчдын томилгоог хийж байгаа аж.

Тэрээр хошууч, генерал Ч.Амарболдыг урд хөршид консулаар суулгах шийдвэрээ БНХАУ-ын Гадаад явдлын яаманд илгээсэн ч дэмжсэн албан ёсны бичиг нь ирэхгүй нам гацжээ. Ингэснээр манай Гадаад харилцааны яам түр хүлээлтэд ороод байгаа аж.  

Хамгийн энгийн логикоор бодсон ч тэр, хүний эрхийн асуудлаар олон улсын зүгээс байнга шүүмжлэлд өртдөг БНХАУ-д зориуд өдөж байгаа мэт таван хүний амь насыг бүрэлгэсэн хэргээр ял эдэлж байсан хүнийг томилж байгаа нь тэдний эгдүүцэл дургүйцлийг төрүүлсэн ч байж болох. Ийм л эмзэг сэдвээр манайхан юм бодолгүй нааджээ.

-ӨМНӨ НЬ ЯЛ ЭДЭЛЖ БАЙСАН, 61 НАСТАЙ ГЕНЕРАЛ КОНСУЛЫН СУУДАЛД ХЭР  НИЙЦЭХ ВЭ-

Холбогдох хуулиараа, дипломат албанд орох иргэнийг сонгон авах болзлыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталдаг. Өөрөөр хэлбэл, Гадаад харилцааны яам хэнийг хэрхэн авахаа бүрэн мэддэг гэсэн үг. Хэдий ийм үнэмлэхүй эрх салбар яаманд байлаа ч Монгол Улсыг гадаадад төлөөлүүлэхээр өмнө нь ял эдэлж байсан, тэтгэврийн насанд хүрчихсэн хүнийг сонгож байгаа нь хэр зохистой вэ. Холбогдох журамдаа нийцэж байгаа юу гэсэн асуулт гарч ирнэ. Энэ талаар Гадаад харилцааны яамны ТНБД Д.Даваасүрэнгээс тодруулах гэсэн боловч хилиийн боомтуудаар ажиллахаар оджээ.

Бүрэн эрх нь байгаа юм хойно Гадаад харилцааны яам өмнө нь ял эдэлж явсан хүнийг консулаар томилчихдог байж. Гэтэл нөгөө талд консулаар суулгагч улс орон хэрхэн хүлээж авах бол гэдэг жинхэнэ асуудал юм. Чухам ийм шалтгааны үүднээс урд хөршийн Гадаад яам өдийг хүртэл тодорхой хариулт илгээхгүй байгаа гэж хардах бүрэн үндэслэл ч байна.

Нэгэнт Дипломат албаны тухай хуулинд энэ талаархи асуудлыг нарийвчлан заагаагүй тул салбар яам нь дураараа дургиж буй нь энэ юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Гадаад харилцааны яамны ТНБД Д.Даваасүрэнгийн Ч.Амарболдыг консулаар суулгах тухай албаны ёсны шийдвэр ирэх наймдугаар сард эцсийн байдлаар гарах аж.

Өмнөө 90 жилийн түүхтэй, хамаг л сайн боловсон хүчинтэй гэгддэг МАН эрх барих хугацаандаа гадаад томилгоондоо хүртэл хөлөө алдаж буйн тод жишээ энэ юм. Намынхаа нэр хүндийг дэвслэн байж, олон залуу боловсон хүчиндээ олгоогүй боломжийг ард түмний нүдэн дээр ил тод болоод хоногшчихсон гэм хэрэгтэнүүддээ олгож байгаа нь анхаарал татна.

Дэлхий дахинд байдаггүй ийм шинэ жишгийг эрх баригч нам тогтоож буй нь эргээд Монгол Улсын нэр хүндэд ч халтай билээ. Ингэж намынхаа болоод улсын нэрийг гаргуунд нь гаргаж, өмнө нь ял эдэлж байсан хийгээд улсдаа “гишгэх газаргүй” болсон нэгэнд албан тушаал бэлэглэн саймшрах гарцаагүй шалтгаанаа Ц.Мөнх-Оргил сайд, тус яамны ТНБД Д.Даваасүрэн нар тайлбарлах биз ээ.
 
Х.Нэргүй

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна