Руандагийн Кигалид зохиогдсон Африкийн залуучуудын дээд хэмжээний уулзалтад Алибаба корпорацын ерөнхий захирал Жэк Ма оролцох үеэрээ Африк тивийг сэргээн босгох өөрийн дөрвөн төлөвлөгөөгөө зарлан мэдэгджээ. Африкийн залуучуудын дээд хэмжээний уулзалтыг Руандагийн засгийн газар, НҮБ-ын Худалдаа хөгжлийн хурал болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төв хамтран зохион байгуулж, 90 улс орны 3000 шахам төлөөлөгчид оролцож, Африкийн залуучуудын чадвар боломжийг хэрхэн хөгжүүлэх сэдвээр гүнзгий хайн хэлэлцжээ. Жэк Ма НҮБ-ын Худалдаа хөгжлийн хурлын Залуучуудын бизнес эрхлэлт ба жижиг компани нэгжийн тусгай зөвлөхийн хувиар хуралд оролцохдоо:
“Би Африк тивд байсан энэ хоёр өдрөө маш их урам зориг авсан юм. Энэ нь Африк тив бол дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийн найдвар эрмэлзэл мөн гэдгийг надад улам илүү итгүүлсэн төдийгүй энд одоогийн дэлхий нийтэд шаардагдаж буй багтаамжтай эдийн засгийн зохицуулах арга төсөл байгаа. Иймээс би дөрвөн бага төлөвлөгөөгөө зарлан мэдэгдэхээр болов.”
Жэк Магийн Африк тивийг дэмжих дөрвөн төлөвлөгөө:
Нэгдүгээр төлөвлөгөө бол, Алибаба групп цаашид НҮБ-ын Худалдаа хөгжлийн хуралтай хамтран ажиллаж, Африк тивээс 200 залуу бизнес эрхлэгчдийг Ханжөүд урьж, Алибабагийн төвд цахим худалдаа, зохиомол оюун ухаан, интернет сүлжээний талын холбогдох оюун мэдлэгийг эзэмшүүлэх юм байна. “Эдгээр сонгогдсон залуучуудад бид байдаг бүхнээ харамгүй зааж, тэд Африкт харьж очсоны дараа бие даан өөрийн ажил үйлсээ хөгжүүлэхийн зэрэгцээ нэн олон хүмүүст тус болох чадвартай болгоно" гэв. Африкийн бизнес эрхлэгчдийг Хятад улсад урьж суралцуулах, чадварыг нь хөгжүүлэхээс гадна Жэк Ма Африк тивийн тухайн газрын байгууллагатай хамтран ажиллаж, интернет сүлжээний эрин цагийн нэн олон чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх тухай дараагийн төлөвлөгөө танилцуулав.
“Хоёрдугаар төлөвлөгөө бол, Алибаба групп Африкийн их сургууль, засгийн газартай хамтран ажиллаж, тухайн нутгийн оюутан сурагчдад цахим бизнес, интернет сүлжээ, зохиомол оюун ухаан, биг дата, үүлэн тооцоололын тухай мэдлэг олгох болно. Бид чадах ядахаар Африк тивийн нэн олон залуучуудыг сургалтад хамруулан, тэд датагийн эрин цагийн сорилтод хандахад нь туслах болно.”
Жэк Ма-гийн дэвшүүлсэн гуравдагч төлөвлөгөө бол олон нийтийн халамжийн чанартай төсөл байв. Тао Хуа Юань хэмээх экологи хамгаалалтын сангийн захирлын хувиар Жэк Ма тус сан ба Алибаба олон нийтийн халамжийн санг төлөөлөн, Африкт байгаль хамгаалагчдад зориулсан шагналын сан байгуулах бөгөөд тус төслийг 2018 оны 8-р сард хэрэгжүүлж эхлэхийг мэдэгдлээ. Жил тутамд байгаль хамгаалалтын өмнө фронтод ажиллаж байгаа 50 ажилтныг сонгож, хүн нэгбүрд 3000 ам.долларын урамшуулал олгох ба төслийг 10 жил хэрэгжүүлж, 1.5 сая ам.долларын шагналын сан гаргах юм байна. “Африкийн эх хуурайд, ховор нандин зэрлэг ан амьтныг хамгаалахын тулд аливаагаа харамгүй зориулж яваа байгаль хамгаалагчддаа бид маш их талархаж байна. Үүний тулд бид ил мөнгөний шагнал урамшууллын хэлбэрээр тэдний хичээл зүтгэлд ач хариу болгохоор шийдвэрлэсэн юм.”
Жэк Ма дөрөвдөх төлөвлөгөөгөө мөн өдрийн өглөө бодож олсон байна. Африкийн залуучууд хандсан итгэл үнэмшлээ харуулахын тулд тэдэнд хандан хөрөнгө оруулалт хийхээр шийдсэнээ тэрбээр хэллээ. “Би та нарт тавьсан итгэл үнэмшлээ харуулахыг хүсэж байна. Иймээс би Жэ Ма санд Африкийн залуу бизнес эрхлэгчдэд зориулан 100 сая ам.долларын тусгай сан гаргаж, Африкийн залуучууд өөрсдийн хүсэл мөрөөдөл, үзэл ойлголтоо биелүүлэхэд нь туслах болно.” “Африкийн залуу хүмүүсийн эрч энергийг олж харлаа, тэд маш сайн үзэл ойлголт, эрч зоригтой байна” гэж Жэк Ма Африк тивд хийсэн энэ айлчлалын үеэр олон удаагийн арга хэмжээнд оролцохдоо онцлон хэлж байлаа. Үүний зэрэгцээ Африк тивд цахим худалдааны асар их боломж байгаа. Гэхдээ Алибаба-г маш амархнаар Африкт хуулбарлан авчирж огт болохгүй, Африкчууд өөрийн гэсэн “Алибаба” болон “Жэк Ма”-тай болох нь зүтэй гэж тэрээр үзжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна