Амиа хорлосон SHINee-гийн гоцлол дуучин Ким Жон Хюны сүүлийн захидал ил болов

2017/12/19
Сүүлийн жилүүдэд Солонгосын одууд дунд амиа хорлолт их болсон. Тэд ихэвчлэн сэтгэл гутрал, ганцаардлаас болж хорвоог өөрийн хүслээр орхисон байдаг.

Тэгвэл өчигдөр тус улсын хамгийн алдартай k-pop хамтлагуудын нэг SHINee-гийн гоцлол дуучин Ким Жон Хюн амиа хорлосон нь тус улсын нийгмийг цочроогоод байна.

27 настай дуучин залууг ухаангүй хэвтэж байхыг Сөүлийн Ганнам дүүргийн Чённамдон дахь түрээсийн орон сууцнаас олж, эмнэлэгт хүргэсний дараа амьсгал хураажээ.



Харин өнөөдөр дуучны дотны найз болох “Dear Cloud” рок хамтлагийн дуучин Жан Хэ Ён инстаграм сүлжээнд түүний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг нийтэлсэн байна.

Захидалд “Би дотроосоо сүйрч байна. Намайг алгуурхан идэж байсан сэтгэлийн хямрал одоо намайг бүхлээр нь залгичихлаа. Би үүнийг тэсвэрлэж чадахгүй нь. Би өөрийн энэ байдалдаа эмч нарыг буруутгаж, тэдний ажлыг амархан гэж боддог байв. Гэтэл энэ үнэхээр аймшигтай зүйл байж. Над шиг ингэж зовж, шаналсан өөр хүн байхгүй байх.

Алдартай нэгэн байна гэдэг миний амьдрал биш бололтой. Тийм ч учраас намайг ингэж зовж байгаа юм гэж тэд хэлсэн…Би яагаад ийм замыг сонгох болов? Үүнийг давж гарна гэдэг миний хувьд бүтэшгүй юм” гэж тэр захидалдаа бичсэн байна. Эцэст нь Ким Жон Хюн “Миний хийсэн бүхнийг хангалттай сайн байсан гэж хэлээрэй. Намайг үдэхдээ инээмсэглэдэггүй юмаа гэхэд битгий буруутгаарай. Чи сайн байсан, чи сайн ажилласан гэж хэлээрэй. Баяртай!" гэжээ.



Б.Орхон

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна