​ОХУ өвлийн олимпд оролцох боломжгүй боллоо

2017/12/19
Швейцарийн Лозаннад Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх комисс хуралдав. Хурлаар БНСУ-ын Пёнчанд болох 2018 оны Өвлийн олимпын наадамд ОХУ-ын тамирчид оролцож болох эсэх тухай асуудлыг авч хэлэлцсэн юм. “Пёнчаны өвлийн олимпын наадамд ОХУ оролцохыг хориглоно. Гэхдээ асуудалд ороогүй Оросын тамирчдыг төвийг сахисан байр сууриар оролцохыг зөвшөөрнө” гэж ОУОХ-ны гүйцэтгэх комисс мэдэгдсэн юм. Энэ тухай ХОУР-гоос Швейцарьт суугаа сэтгүүлч Жан Чяньхо мэдээлж байна.

ОУОХ-ны гүйцэтгэх комисс сайтар зөвшилцсөний эцэст Швейцарийн холбооны экс ерөнхийлөгч Самуэль Шмидтийн хариуцагчийн үүрэг гүйцэтгэсэн зөвлөлөөс дэвшүүлсэн “Самуэль Шмидтийн тайлан”-г хүлээн зөвшөөрчээ. Тайланд 2014 оны Сочигийн Өвлийн олимпын наадмын үеэр ОХУ допингийн эсрэг системийг системийн чанартай далдаас удирдсан үйлдэл гаргасныг нотолсон байна.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах мөн орой хийлгэсэн хэвлэлийн бага хуралд ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн мөн өдрийн санал хураалтаар гаргасан шийдвэрийг нийтэд зарлаж: “2018 оны Пёнчаны өвлийн олимпын наадамд ОХУ оролцохыг хориглов. Гэвч, хяналт шалгалтаар гэм буруугүй нь тогтоогдсон тамирчдыг “Оросоос ирсэн тамирчин” гэж нэрлэх бөгөөд тэд төвийг сахисан байр сууриар тэмцээнд оролцож болно” гэжээ.

“2018 оны Пёнчаны өвлийн олимпын наадамд Оросын гэмгүй тамирчид хувиараа маш хатуу нөхцөлд оролцохыг зөвшөөрөв. Тэд бүгд “Оросоос ирсэн тамирчин” нэрээр хувь хүний болон багийн тэмцээний төрлүүдэд оролцож болно. Мөн ийм нэртэй хувцас өмсөн тэмцээнд оролцох ёстой бөгөөд аливаа ёслолын ажиллагаанд олимпын далбаа, олимпын дууллыг хэрэглэх ёстой.”

Үүний зэрэгцээ ОУОХ-ны гүйцэтгэх комиссоос дараах шийдвэрийг гаргасныг Томас Бах мэдэгдлээ.

“ОХУ-ын Олимпын холбооны эрхийг түр хассан нь шийдвэр гарсан цагаас эхлэн хүчинтэй болно. 2018 оны Пёнчаны өвлийн олимпын наадамд ОХУ-ын Спортын яамны аливаа албан тушаалтан оролцохыг хориглоно. ОХУ-ын Спортын яамны тухайн үеийн сайд асан Витали Мутко, дэд сайд асан Юри Нагорники нарыг хожим хойшид болох бүх олимпын наадамд оролцохыг хориглоно. 2014 оны Сочигийн өвлийн олимпын зохион байгуулах комиссын гүйцэтгэх захирал асан Дмитрий Чернишенкогийн 2022 оны Бээжингийн өвлийн олимпын хорооны зохицуулах комиссын үүрэгт ажлаас чөлөөллөө. ОХУ-ын Олимпын хорооны дарга Александр Зуковыг ОУОХ-ны гишүүнээр тооцохгүй.”

ОУОХ холбогдох хүмүүст цаашид арга хэмжээ авах эрхээ хэвээр үлдээж, олимпын наадамд оролцох тамирчид бүх төрлийн тэмцээний сонгон шалгаруулалтаар заавал дамжин тэмцээнд оролцох стандарт хангах шаардлагатай бөгөөд допингийн эсрэг заалт тогтоолыг зөрчөөгүй тохиолдолд, Пёнчаны өвлийн олимпын наадамд оролцох урилга авсан тамирчдын эрхийг холбогдох комиссоос эцэслэн шийдвэрлэнэ хэмээн тэмдэглэжээ.

“ОУОХ-ны шийдвэр нь ОХУ-ыг улс төрийн оролцоо хийхэд хүргэхгүй гэдгийг баталгаажуулж чадах уу?” гэсэн сурвалжлагчийн асуултад Томас Бах “мэдээж” гэсэн хариулт өгсөн юм.

“Тэр мэдээж. Дэлхийн улс орнуудын улс төрийн удирдагчид, спонсрууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгд ОУОХ улс төрийн хувьд зайлшгүй төвийг сахина гэдгийг ойлгож байгаа. Бид ямарваа хэлбэрийн улс төрийн нөлөөнд автахгүй бөгөөд иймэрхүү төвийг сахих байр суурь аль хэдийнээ олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн юм.”

Хэрэг дээрээ ОУОХ энэ оны 9-р сарын дунд үеэр Перугийн нийслэл Лима хотод болсон 131-р өргөтгөсөн хуралд Сочигийн өвлийн олимпод оролцсон ОХУ-ын багийн допингийн хэргийн мөрдөн байцаалтын байдлыг зарласнаас хойш Пёнчаны өвлийн олимпын наадамд ОХУ оролцож болох эсэх тухай маргаан сунжирсаар ирсэн юм. Харин ОУОХ-ны мөн өдрийн шийдвэр энэ хэрэгт эцсийн хариу өглөө.
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна