Дасгал хөдөлгөөнд донтож, тураалд орсон эмэгтэй сэтгэл зүйчдээс тусламж хүсчээ

2018/01/25
Дасгал хөдөлгөөнтэй байх нь эрүүл амьдралын гол үндэс гэдэгтэй олон хүн санал нийлнэ.

Гэвч ямар ч зүйл хэрээс хэтэрвэл сөрөг дагавартай.

35 настай Эбби бухимдал, хэт бага жингээ хянах зорилгоор сэтгэл зүйчид ханджээ. Хачирхалтай нь тэрээр өөрийн биед тохирох хэмжээнээс илүү их дасгалыг байнга хийдэг муу зуршилтай. Энэ нь удаан үргэлжилснээр хатуу чанга бие галбир, өөдрөг сэтгэл зүйтэй болох биш, харин ч сэтгэлээр унан, жин хасаж эхэлсэн байна. Тэрээр “Би дасгал хийхгүй байж чаддаггүй. Маш их хүсэж байгаа ч өөрийгөө хорьж дийлдэггүй. Надад их хэцүү байна. Надад сайхан ажил, байшин бий. Хүмүүс намайг азтай гэж боддог. Гэвч тийм биш” гэж ярьжээ.

Холбоотой Зураг

Түүнийг дасгал хөдөлгөөнд хэт автсан буюу дасгал хийх ''муу'' зуршилтай гэж оношилсон байна.

Яагаад зүгээр л амарч болохгүй гэж  хэмээн олон хүн түүнээс асуудаг гэнэ. Гэвч хүн архи, тамхинд донтдогийн адил Эбби байнга хөдөлж, булчин шөрмөсөө ажиллуулан, биедээ ачаалал өгөх, өвөрмөц донтолттой. Тэрээр бусад хүмүүсээс илүү их хоол иддэг ч тэр дор нь эргүүлээд шатаачихдаг тул маш туранхай болжээ.

Түүний эмгэг сэтгэцийн эмч нар хэрхэн оношилж, яаж эмчлэхээ төдийлөн шийдээгүй байна. Их Британийн эрүүл мэндийн сэтгүүлд дэлхийн нийт хүн амын 0.3-0.5 хувь нь дээрх донтолтоор өвчилсөн гэж бичжээ. Энэ нь бага тоо мэт боловч олон мянган хүн энэ өвчнөөр шаналж байгааг тус сэтгүүлд онцолсон байна. Мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь энэ шинж тэмдэг илэрч болох гэнэ.



Эббигийн хувьд 20 настайгаас нь эхлэн дасгал хөдөлгөөнд донтох байдал ажиглагдаж эхэлжээ. Харин тэрээр эхний жилүүдэд энэ талаар огт мэдээгүй байна. 2015 онд цус багадалттай болсны дараа л эмч түүнд сэтгэл зүйчид хандахыг зөвлөжээ. Одоо Эбби эрчимтэй дасгал хөдөлгөөний давтамжаа бууруулахаар хичээж байгаа юм.

Тэгэхээр спортын ямар нэг төрлөөр хичээллэх бол заавал мэргэжлийн багш дасгалжуулагчид хандан, зөвлөгөө авч байхыг эмч нар зөвлөж байна. Мөн өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг л хийн, бусадтай өөрийгөө харьцуулахгүй байх нь чухал гэв. Учир нь гадаа талбай, биеийн тамирын өрөөнд олон цагаар хичээллэдэг иргэдийн дасгал хийх сонирхол эрүүл хэвшлээс муу зуршил болж хувирах хүртлээ маш удаан үргэлжилдэг байна. Иймд энэ төрлийн донтолттой хүн өөрийгөө хянахад амаргүй аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна