АУДИТ: Ухаахудагийн лицензийг хувийн хэвшилд үлдээх явц хуулийн дагуу явагдсан

Zuv.mn
2 цаг 8 минутын өмнө

Ерөнхий сайд асан С.Баяр “Тавантолгойн цагаан толгой” хэмээх ном бичсэн. 

Тэрбээр уг номондоо Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа эргэлтэнд оруулсан Тавантолгойн бүлэг орд, түүний зургаан лицензийн тавыг хэрхэн төр эзэмших болсон, үлдсэн нэг лиценз буюу олон нийтийн анхааралд өртөж ирсэн Ухаахудагийн ордыг яагаад “Энержи ресурс”-т үлдээсэн талаар үнэн зөв ойлголт өгөхийг зорьсон гэдгээ онцолж байв.    

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг хашиж байхдаа Тавантолгойн бүлэг ордын нэг болох Ухаахудаг “Энержи ресурс”-ын мэдэлд очсон асуудлыг судлах Ажлын хэсгийг ахалж, улмаар “Хууль зөрчсөн” гэх дүгнэлт гарсан талаар мэдэгдэл хийж байлаа. 

Тэгвэл 2008 онд явагдсан энэхүү хэлэлцээрийн үйл явц, хууль журмын хэрэгжилт дээр Үндэсний аудитын газраас 2012 онд шалгалт хийж, аудитын дүгнэлт гаргасан болохыг “Тавантолгойн цагаан толгой” номонд баримттай нь бичиж нийтэлжээ.

Тодруулбал, Тавантолгойн 96 хувийг төрд авч, дөрвөн хувьд ногдох лицензийг хувийн хэвшилд үлдээх үйл явц хуулийн дагуу явагдсаныг Үндэсний аудитын газар шалган тогтоосон. Энержи ресурс ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын лицензээ ашиглалтын лиценз болгохоор 2006 оны долоодугаар сарын 8-нд гаргасан өргөдлийг АМГТХЭГ-ын 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж дүгнэжээ.


Өөрөөр хэлбэл, 2008 оны гуравдугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулж, тус компанийн зургаан лицензийн нэгийг нь үлдээж, тавыг нь шилжүүлж авсан байна. Тус гэрээ зөрчигдөх тохиолдолд Энержи ресурс ХХК-д ашиглалтын таван лицензийг нь буцаан олгох, аль эсвэл төрийн оролцооны хувь хэмжээг 50 хүртэл хувиар бууруулах үр дагавар үүсэхээр байсныг харж болохоор байгаа юм.

Тухайн үеийн мөнгөтэй, эрх мэдэлтэй гэж хэлж болохуйц бүх том компаниудын төлөөллүүд Тавантолгойн хувийг эзэмшиж байсан ч хөдөлгөхөд хүч дутах, цаашлаад улстөрөө дийлэхгүй гэдгийг Ерөнхий сайд асан С.Баяр сануулж, ойлгуулж улмаар 96 хувийг төрд авах процесс өрнөсөн гэдэг.

Үлдсэн дөрвөн хувьд ногдох лицензийг хувийн хэвшилд үлдээх явц нь хуулийн дагуу явагдсан эсэх асуудал сөхөгдөж одоогоос 13 жилийн өмнө Үндэсний аудитын газраас тогтоосон ч дахин яригдаж буйг өнөөгийн улстөртэй холбон харахаас өөр өнцөг үгүй юм.






Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.123.212
    52 минутын өмнө

    МАН ын АВЛИГАЧИД тохироо хийжээ.

    Хариулах