Ардын засаг: гавьяа | популизм | гай

16 минутын өмнө
Цаг хугацаа ч хурдан юм. Саяхан л 30 гишүүн ам цагаан цаас барьчихсан, өөрийн намаас байгуулагдсан Засгийн газраа огцруулчих санаатай хөөрөлдөж, хөөцөлдөж явсансан. 100 хоногт том ажил амжуулна гэж юу байхав дээ. Харин хангалттай нурааж амжина. Ялангуяа парламент дахь намын бүлгээ тэхий дундуур хуваан байж байгуулагдсан Засгийн газар өдий болтол огцорчихолгүй, харин ч кабинетийн тэргүүн зовхи өөдөө, нүүр баатар суугаа нь их юм. 

Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа гэдэг бол үнэндээ 48 сарын л ажил. Хамгийн ихдээ 1460 хоног засаглах боломжтой. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хичээнгүйлэн тооцоолсноор бол энэ 1460 хоногоос одоо 900 нь үлдээд байгаа. Тэгвэл засаглаж өнгөрөөсөн 560 гаруй хоногтоо МАН юу хийж амжуулав аа. Гай, гавьяаг нь ялгаад харвал ямархуу дүр зураг гарч ирдэг бол? Ардын намын байгуулсан ардын засаг ардын амьдралд нэмэр болов уу, нэрмээс болов уу?
 
ГАВЬЯА

ЭДИЙН ЗАСАГТ ТОГТВОРЖИВ

УИХ-ын сонгуульд МАН хэт олонхийн санал авсан нь дотоодод ч, гадаадад ч итгэл найдвар төрүүлсэн билээ. Хэдий хоёр жил хүрэхгүй хугацаанд Засгийн газраа огцруулсан ч сайдын нэр л солигдсоноос тулгуур бодлого нь солигдсонгүй. 

Ж.Эрдэнэбатын Засгийн газар өрийн таазыг ДНБ-ний 58 хувиас 88 хувьд хүргэж өсгөсөн. Зээлээр зээлийг дарах арга замыг МАН хоёр жил гаруй эрэлхийлж ажиллав. 

ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх болж, эхний санхүүжилтээ авч, Хятадын зах зээлийн өсөлтийг даган экспортын гол ашигт малтмалын үнэ 2017 онд өссөнөөр эдийн засагт эерэг хүлээлт зонхилж байна. 4.1 хувийн хүүтэй анх авсан “Чингис” бондын өрийг 5.6 хувийн хүүтэй 2022 эргэн төлөлт нь хийгдэх “Гэрэгэ” бонд босгон дарсан. Байдал ямартай ч хэсэгтээ тогтворжоод байгаа нь эрх баригчдыг магтаж болох гол шалтгаан. Өрийг өрөөр дарсан гэж шаагиад байгаа сөрөг хүчинд ч өөр хувилбар байхгүй нь үнэн.

ТӨСВИЙГ ЦЭГЦЛЭВ

“Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банкны зээлийн хөрөнгийг төсвөөс гадуур тооцож байсныг МАН болиулж, их савандаа нэгтгэн тоолох болсон нь санхүүгийн сахилга бат талдаа зөв алхам. Гэхдээ эрх баригчид бүрэн солигдсон хэр нь Хөгжлийн банкны тайлан ил болохгүй байгаа нь иргэдийн дунд үл итгэх байдал үүсгээд буй.

ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ӨСӨВ

Оны эхэнд Монгол Улсын зээлжих зэрэглэл гурван жил гаруйн дараа анх удаа B3 болж өслөө. Манай улс эрсдэл өндөртэй тооцогдож байна гэсэн үг. Ашигт малтмалын үнийн өсөлт, түнш орнуудын тусламж зэргээс шалтгаалж эдийн засаг хүлээснээс илүү өндөр өсөлттэй буй энэ үед У.Хүрэлсүхийн Засгийн газарт дунд хугацаандаа дахин төлөвлөлт хийх үүлэн чөлөөний нар шиг боломж олгож байна.

ГАЙ Ч БИШ, ГАВЬЯА Ч БИШБАЙДАГ Л НЭГ ПОПУЛИЗМ

“ЭРДЭНЭТ”-ИЙГ ТОЙРСОН ПОПУЛИЗМ

Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт”-ийг хоёр ч удаа төрийн мэдэлд авах шийдвэр гаргаад байна. Эхний шийдвэр нь Улсын дээд шүүх дээр унасан. Үүний дараа Засгийн газар харилцан суутгал хийж, “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргасан. Гэвч энэ тогтоол нь мөн л Арбитрын шүүхэд очоод буй. 

“Эрдэнэт” тойрсон популизм үүгээр зогсохгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн “Эрдэнэт”-ийн 49 хувийг ард түмэндээ тараана гэсэн популист амлалт өгч, яг нэг жилийн өмнө З.Энхболдын Тавантолгойн хувьцаан дээр гаргасан бүдүүлэг алдааг давтсан. Одоо ч үүнийгээ зогсоохгүй “Эрдэнэт”-ийн 10 хувийг ард түмэнд тараах нэрийн дор жонхуу зуурсаар...

ТАХ-300 ХЭМЭЭХ ПОПУЛИЗМ

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Санхүүгийн бодлогыг зүйл бүрээр шүүмжилсээр ирсэн Ч.Хүрэлбаатар гишүүн Сангийн сайд болуутаа хэн хүнийг цочирдуулам популист алхам хийж эхэлсний хамгийн сор нь төрийн албан хаагчдад олгох 300 мянга төгрөг. 187000 орчим албан хаагчид нийт 55.6 тэрбум олгожээ. Эндээс 31 хувь буюу 17.2 төр татвар хэлбэрээр буцаан татсан бөгөөд, төрийн албан хаагчид гар дээрэ очсон мөнгөөрөө шинэ жилийн нийллэгүүд, торт, шампанскаа авсан болоод үрж дуусгасан нь мэдээж. Онц ач холбогдолгүй ийм гүехэн популизм юунд хэрэгтэй байсан бэ? Багш, эмч нарын ажил хаялтаас сэргийлэх түр зуурын арга хэмжээ гэсэн үнэмшил муутай тайлбар л байна.

С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ТОЙРСОН СҮРЖИГНЭЛ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ дуулиант хэргийг нууцын зэрэглэлээс гаргасан баатрын дүрийг эсгэсээр сар гаруй хугацаа өнгөрсөн ч хэргийн материалаас нэг ч хуудас ил болоогүй хэвээр. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн материалтай яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй. Яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хэргийн материалтай танилцсан ч дээрхи хуулийн 29.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд нууцыг задруулахгүй байх үүргийг сануулж, бичгээр баталгаа гаргуулна” гэсэн заалт бий тул тэртэй тэргүй олон нийтэд ил болох боломжгүй. Хэргийн захиалагч ил болгох, эсвэл хэргийн материалыг эрх бүхий хүмүүс албан ёсоор, нэг бүрчлэн дэлгэхээс нааш энэ бүхэн зүгээр л сүржигнэл, популизм хэвээр байна. Нэмээд, хэргийн захиалагч одоо болтол илрээгүй хэвээр.

ГАЙ

ТӨРИЙН АЛБАНЫ ХОМОРГОЛСОН ХАЛАА СЭЛГЭЭ

Одоогийн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр МАН сонгуульд ялахаас өмнө Төрийн албан хаагчдын холбоо гээчийг тэргүүлдэг, ТАХ нарын эрхийг үнэхээр л хамгаалаад байгаа янзтай байдагсан. 2014 онд л гэхэд Улсын Дээд шүүхийн шийдвэрээр 480 сая төгрөгийг ажилгүй болсон 90 орчим хүнд өгсөн, Ардчилсан намын засаг 15,000 төрийн албан хаагчийн ажлаас нь чөлөөлж, 30,000 хүн эргүүлэн ажилд авсан, төрийн албаны 30 хувьд хөдөлгөөн орлоо гэх мэтээр шогширч суусан цаг саяхан. Гэтэл Ардын нам, Ардын засаг ялаад хоморголон халалт бүр улаан цагаандаа гарав. Ураг саднаа төрийн өндөр албанд томилдог байдал ургийн бичиг бичих хэмжээнд хүрэв. 2016 УИХ-ын сонгуулиас хойш төрийн албаны нийт 22235 иргэн халаа сэлгээнд өртөж, 14 мянган албан хаагч ажлаасаа халагдсан.

2017 оны төсвийн тодотголд халагдсан иргэдийн нөхөн төлбөрт 8.8 тэрбум төгрөг олгохоор тусгагдсан. Засаг бариад хоёр жил болоход ажлаас халагдсан хүмүүсийн дээд шүүх хүртэл яваад, төр нөхөн олговор өгөхөөс аргагүй болдог учраас ийм их тоо гарч буй хэрэг. Дундаас нь халшраад, дарамтлуулж, тохиролцоонд орсон хүн ялангуяа орон нутагт олон. Сайн харвал энэ тоо АН-ын Засгийн газрын ижил хугацаанд өгсөн нөхөн олговороос 20 дахин их буй юм.

СӨРӨГ ХҮЧНЭЭ МУУЛАХ ГЭЭД УЛСАА УРУУДУУЛАВ

МАН засаг авангуутаа ямар хүнд нхөцөлд ажиллаж эхэлж буйгаа гонгинохоос ажлаа эхэлсэн. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан 2017 оны долдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаан дээр “Монгол улсын валютын нөөц шавхагдсан. -400 сая ам.доллар л үлдлээ” хэмээн мэдэгдсэн.

Үүний дараахан наймдугаар сарын 9-нд тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Монгол Улсын зээлжих зэрэглэл дөрвөн шатлалаар буурсан. Улсын төсөв 1.8 их наяд төгрөгөөр тасарчээ. Монгол Улсын нийт гадаад өр 23.5 тэрбум ам.доллар. Мөн Засгийн газрын нийт өр 21.3 их наяд төгрөг. Засгийн газрын өр энэ онд 17 их наяд 311 тэрбум төгрөг байхаар батлагдсан ч, оны эцэст 21.3 их наяд төгрөгт хүрч, энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 78 хувьтай тэнцэхээр байна” гэж халаглав. Эдгээр мэдээлэл олон улсад цацагдмагц Монголын эдийн засгийн байдал шууд хүндэрч, долларын ханш дээш цойлон, Засгийн газрын бондын үнэ доош навс унасан билээ.

ХАЛАМЖИЙН ХАЗААРГҮЙ БОДЛОГО

МАН зүүн төвийн үзэлтэй хүчин учраас нийгмийн халамжийг дэмжилгүй ч яахав. Мөрийн хөтөлбөртөө ч тусгасан. 

АН-ын Засаглал, С.Эрдэнэ хэмээх хүний нийгмийн хамгааллын системд оруулсан ганц гялтайх гавьяа болох “Хамтын тэтгэвэрийн хууль”-ийг МАН-ын засаглалын нэгдүгээр Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Муу ёртой” хэмээн үзсэн учраас болиулж, оронд нь “Насны хишиг” хэмэх аргацаасан мөнгө тараалт хийх болов. Гэр бүлийн улсдаа бий болгосон капиталыг үнэлэх зорилготой хүмүүнлэг шийдлийг зүгээр л цагаан сарын ууцны мөнгөөр сольчихож байгаа нь энэ.

МАН-ын ялалтын томоохон хүчин зүйлийн нэг “Цалинтай ээж” хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлэхээр болоод байна. Монголд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 241700. Харин ээжүүдийн хувьд 50 мянгын цалин хангалттай. 135 мянган эхэд дусаасан болох энэ мөнгөнд 81 тэрбум төгрөг зориулагдаж буй.

ЗАСГАА ОГЦРУУЛАВ

МАН эв нэгдэл хэмээх феноменоо энэ дөрвөн жилд үгүй хийх учиртай байжээ. УИХ-д анх сонгогдсон амбицтай залуус, Төрийн ордонд зургаа тавихгүй бол сэтгэл ханахгүй өндөр хүний хатгалгаар засгаа унагаж тоглов. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг ард түмний төлөө, ажил хэргээс нь болж огцруулсан гэлцсэн ч үнэндээ МАН-ын залуу улстөрчдийн амбиц хамтын эрх ашгаас даваад явчихсан, улс төрийн соёл гэж авах юм байхгүй болсны илрэл билээ. Ганц хаацайлах юм нь эсрэг намаас нь шидсэн 60 тэрбумын хэрэг. Гэвч энэ асуудлыг шүүх одоо болтол эцэслэн шийдээгүй байна.

ХУУЛЬ, ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫН ШИВШИГТ ЯВДАЛ

Хууль зүй, дотоод хэргийн сайд нь ТЕГ-ын даргатайгаа хэвлэлээр ил цагаан муудалцаж, мундараа хутгасан Монгол төрийн түүхэнд урьд өмнө гараагүй гутамшигт явдал Ардын Засгийн нүүрэнд л тохиох учиртай байж. 

Б.Хурц генералыг ТЕГ-ын даргаас буулгахын тулд Элчин сайдын суудал хэрэгтэй байв. Элчин сайдаас нь буулгахын тулд УИХ-ын гишүүний суудал хэрэг болох вий дээ...

Ардын Засгийн уриа:

Амлалтаасаа буцсанаа, удалгүй буцсанаасаа бас буцаж төдөлгүй буцсанаас буцсанаасаа ч буцна!
Ойлгомжгүй ч юм шиг энэ томъёололд Ардын засгийн хэд хэдэн алхам айхтар таараад байгаа юм.


Нийтлэлч Цэнддоо анх энэ тухай, “МАН сонгуулийн амлалтаасаа буцсанаа, удалгүй буцсанаасаа бас буцав” хэмээж байсан. Харамсалтай нь Монголд байсхийгээд л болж байдаг сонгууль Ардын засгийг өөрсдөө ч ойлгохоо больтлоо буцахад, буцсанаасаа буцахад, буцсанаас буцсанаасаа эргээд буцахад хүргэлээ. 

Анх приус машинаас татвар авахаар болсноо Ерөнхийлөгчийн сонгуулийн дүйвээр шийдвэрээс буцаж, улмаар МАН-аас нэр дэвшигч нэгэнт өвдөг шороодсон тул эргүүлээд авч байх жишээтэй. МАН-ын 2016 оны Сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан хамгийн нүдэнд дулаахан заалт болох “Татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй” гэсэн үгс ул дол болов. Цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 10-25 хувиар 4 шатлал бүхий татвар ногдуулахаар болсон. Хэдий нийгмийн 10 хувийн орлогыг л хөндөнө гэж тайлбарлаж буй ч, дундаж давхаргы орлогыг самрах бодлого гэдэг нь илт.

Дундаж давхарга руу орохоор тэмүүлж буй иргэн 1 сая 500 мянган төгрөгөөс дэш цалин авахаар болмогц л орлогоо 5 хувиар нэмж цавчуулах болох нь. Тэтгэвэр авдаг, халамжлуулдаг бүхнээ тэтгэх атлаа, баялаг бүтээхээр тэмүүлж, хөдөлмөрөө үнэлүүлж буй хэсэг, ялангуяа идэр насныхны эсрэг чиглэсэн энэ бодлогын хүрээнд төсөвт 51.5 тэрбум төвлөрнө гэж тооцжээ. “Цалинтай ээж” хөтөлбөрт зарцуулагдах 81 тэрбумын талыг хаана гэсэн үг.

ӨМНӨХ ЗАСАГТАЙ ХАРЬЦУУЛВАЛ

Муу нэртэй, луу данстай өмнөх засаглалын татварын бодлоготой энэ Засгийн татварын бодлогыг харьцуулъя л даа. 2015 оноос өмнө Монголд ердөө 40 хувь нь татвар төлдөг байсан гэж МҮХАҮТ-ын ерөнхийлөгч ярьж байна. Харин АН-ын Засгийн газраас хэрэгжүүлсэн НӨАТ-ын буцаан олголтоос шалтгаалан нийгмийн татвар огт өгдөггүй байсан хэсгээс татвар татсаны үр дүнд нэг их наяд 300 тэрбумаар татварын орлого давж биелэсэн. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч энэ талаар, “Татварыг нэмснээр 50 тэрбумыг олохоос илүү хар зах зээлийг хумьж эхэлсэн систем нь эргээд задрахад хүрнэ” хэмээн анхааруулж байна. 

Эрх баригчид энэ асуудлыг ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх болсон манай улс төсвийн орлогоо нэмэгдүүлж, зарлагаа танах шаардлагатай тулгарсан гэж тайлбарласаар буй. Гэтэл ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нейл Сакер “ОУВС-гийн оролцоо бол бодлогын зөвлөгөө өгөх, хандивлагчдаас санхүүжилт олж авахад дэмжлэг үзүүлэх юм. Валютын сангийн зүгээс ямар нэгэн нөхцөл тулган тавьдаггүй” гэж “Өдрийн сонин”-ы №270(5837) дугаарт өгсөн ярилцлагадаа цохон дурдсан байх юм. Эндээс эрх баригчид маань өөрсдийн өнөө маргаашийг харсан ердийн популизмаа валютын сангийн нэрээр халхавчлан хийж байна гэсэн хар төрнө. Тэд үүнээс илүүг сэтгэж, хийж чадахгүй байна уу, эсвэл хийхийг хүсэхгүй байна уу?

АРДЫН НАМ МАРТСАН Ч АРД ТҮМЭН НЬ...

Товчхондоо эрх баригчид мөрийн хөтөлбөрийнхөө хамгийн хэрэггүй популист хэсгүүдийг ажил хэрэг болгож, хамгийн чухал, алсын хараатай заалтуудаа үл мэдэгч царайлсаар л ажиллаж байна. Яваандаа мартацгаах биз дээ. Ард түмэн харин мартах болов уу?

Я.Баяраа
Эх сурвалж: Үндэстний тойм сэтгүүл

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна