Хронотоп ба "Атга нөж"

2018/04/11
Хамаг бүгд цаг хугацаанд төвлөрдөг тухай анх бодсон өвөг дээдэс минь хачин хэрэггүй юм бодож толгойгоо гашилгаж хэвтсэнээ яахан мэдэх. Харин дараахан нь тэр бүгдээ “гэнэн ухаан” гэдгийг мэдсээр байж “гүн ухаан” хэмээн томоор нэрлэсэн нь ердөө гайхамшиг байжээ. Эцэст нь сайхан нэр бодож олсон нь өнөөгийн бидний урлаг гоо сайхны хүрээний ээдрээтэй ойлголтын нэг “хронотоп” юмсан. 

Эртний Грек хэлний “Χρόνος” буюу цаг, “τόπος” буюу орон хэмээх үгийн нэгдэл гэж үздэг. Цаг гэж юу вэ? Түүний мөн чанар, орон хийгээд оршихуйн тухай эргэцүүлэл Дорно дахины гүн ухаанч сэтгэлгээнд төдийгүй Өрнө дахины философид ч цаг хугацааны хувьд эрт үед хамаарах “язгуурын” шинжтэй ойлголтуудын нэг юм. Түүнчлэн урлаг, гоо зүйн хүрээнд цаг хугацаа- орон зайн тухай асуудал эртнээс яригдсаар, мөн үзэл санааны олон чиг хандлагааар баяжсаар ирсэн ажээ. Магадгүй Аристотелиос, Ф.Ницше хүртэлх цаг хугацаанд хронотопийн талаарх бодол эргэцүүлэмж, түүний нууцлаг мөн чанарт нэвтрэх гэсэн “хүсэл” байжээ. Тэгвэл эргэн төрөх, хойдын ертөнц, там диваажингийн төсөөлөл, эрт урьдын цаг, нар сая мандаж байхад зэргээр домгийн сэтгэлгээнд ч “хронотоп”-ын биелэг ойлголтууд бүрэлдэж бий болсон байна. 

Уран зохиолын цаг хугацаа- орон зайн орчил, түүний талаар анхлан суурьтай судалсан судлаач М.Бахтин “УТГА ЗОХИОЛ-УРАН САЙХНЫ ЦАГ-ОРОН ЗАЙН ОРЧИЛ /ХРОНОТОП/ –Д ОРОН ЗАЙ- ЦАГ ХУГАЦААНЫ ИЛЭРХИЙЛЭЛ СҮЛЭЛДЭН НИЙЛЖ ТОДОРХОЙ ШИНЖ ТӨЛӨВИЙГ ОЛЖ БАЙДАГ. [ МИХАИЛ БАХТИН” РОМАН ДАХЬ ЦАГ ХУГАЦАА ХРОНОТОПИЙН ХЭЛБЭР”, “ЭПОС ХИЙГЭЭД РОМАН” ОРЧ Н. ПҮРЭВДАГВА УБ, 2017, 15] гэсэн нь харьцангуй өргөн хүрээний хам шинж, тодорхой ойлголтуудаас гадна цаг хугацаа- орон зайн орчил нь бүрэлдэх, сүлэлдэн нийлэх явцдаа “шинэ төлөв”-ийг бий болгох үндэстэй гэж үзсэн байна. Энэ нь тодорхой цаг хугацаа- орон зайн тухай илэрхийлэлгүй уран сайхны сэтгэлгээний боломж бийг үгүйсгээгүй гэсэн үг. Гэхдээ өнөөдөр уран зохиол дахь цаг хугацаа орон зайн илүү бодитой хязгаар нь: 

-“Одоо, өнгөрсөн, ирээдүй, эсвэл өнөөдөр маргааш, нөгөөдөр, хорин жилийн... дараа гэх мэт” цаг хугацаа- орон зайн хамаарал, 

-“Хүүхэд нас, залуу нас, өтөл нас эсвэл хөдөө гадаа, там диваажин... гэх мэт” цаг хугацаа- орон зайн хамаарал хэсгүүдийн хүрээг хамарсан ойлголт болох нь тодорхой байна. Тэгээд ч “хронотоп” хэмээх ойлголт нь “ ХҮНИЙ АМЬДРАЛ, ХУВЬ ТАВИЛАН, БУРАНГУЙ ХҮЧНИЙ ХАРИЛЦАН ХАМААРЛААС “ГЭНЭТИЙН ЯВДАЛ ҮГҮЙ БОЛ ”ШУДАРГА БАЙДАЛ” ГЭСЭН ЭСРЭГЦЭЛ ДЭЭР ТОГТДОГ” [Cловарь философских терменов, /Науяная редакция В.Г Кузнецова/ М, ИНФРА- М, 2007, c 654-655] болох нь илэрхий юм. Дээрх үндэслэл нь уран сайхны дүрийн “амьдрал”, түүнд нөлөөлөх тодорхой хүчнүүдийг үйлчлэл, хариу эсрэг үйлдэл, цаг хугацаа- орон зай доторх хувирлуудын харилцан хамаарал нь зохиолыг задлан шинжлэх харьцангуй шинэ “арга зүйг” нээсэн байна. 

Тиймээс л М.Бахтин өөрийн судалгаандаа “ЦАГ ХУГАЦАА НИЙЛЭН НЯГТАРЧ, НҮДЭНД ҮЗЭГДЭЖ ГАРТ БАРИГДАЖ, ОРОН ЗАЙ ҮЙЛ ЯВДАЛ ЭРЧИМЖИН ХӨДӨЛГӨӨНД ОРЖ, ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ БОСОЖ ИРДЭГ. ЦАГ ХУГАЦААНЫ УРСГАЛ ОРОН ЗАЙД МЭДРЭГДЭЖ, ОРОН ЗАЙ ЦАГ ХУГАЦААГААР ХЭМЖИГДЭЖ ЭХЭЛДЭГ. ИЙНХҮҮ СҮЛЭЛДЭЖ ЗЭРЭГЦЭН ОРШИХ АХУЙ ДУНД Л УРАН САЙХНЫ ЦАГ- ОРОН ЗАЙН ОРЧИЛ ТОДРОН ТҮРЭН ГАРЧ ИРЖ БАЙГАА ЮМ. [ МИХАИЛ БАХТИН” РОМАН ДАХЬ ЦАГ ХУГАЦАА ХРОНОТОПИЙН ХЭЛБЭР”, “ЭПОС ХИЙГЭЭД РОМАН” /ОРЧ Н. ПҮРЭВДАГВА/ УБ, 2017, 15] хэмээн “ текст”-ийн дотор хронотоп /chronotopos/-ийн үүсэх зүй тогтлыг хүртэл тодорхой тайлбарласан байна. Түүний цаг хугацааны нягтралаас, үйл явдал эрчимжин, орон зайд хөдөлгөөнд орох тухай үзэл онол нь уран сайхны ДҮРИЙН талаар задлан шинжлэх, шинэ боломжийг бий болгожээ. Түүний үзсэнээр “... ХЭЛБЭР- АГУУЛГЫГ ТОДОРХОЙЛОГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ХУВЬД УРАН ЗОХИОЛЫН БААТРЫН ДҮР ЯМАР БАЙХЫГ /ГОЛЛОН/ БОСГОЖ ИРЭХ НӨХЦӨЛ БОЛДОГ. ДҮР ҮРГЭЛЖ ЦАГ ХУГАЦАА- ОРОН ЗАЙН ОРЧИЛД ТӨРӨН ГАРДАГ. 

[МИХАИЛ БАХТИН” РОМАН ДАХЬ ЦАГ ХУГАЦАА ХРОНОТОПИЙН ХЭЛБЭР”, “ЭПОС ХИЙГЭЭД РОМАН” /ОРЧ Н. ПҮРЭВДАГВА/ УБ, 2017, 15] хэмээн тодорхойлсноос “дүр үргэлж цаг хугацаа- орон зайн орчилд төрөн гардаг” гэсэн өгүүлбэрийг илүү онцлон анхаарах шаардлагатай. Үнэхээр ДҮР өөрийн цаг хугацаа- орон зайн орчилд төрөн гарч, мөн өөрийн цаг хугацаа- орон зайн орчилд хувьсан өөрчлөгддөг мөн чанартай Чухамдаа уран зохиолын цаг хугацаа- орон зайн орчил хэмээх энэхүү ойлголт нь уран сайхны дүрийн ертөнцөд : 

- Бие организм, нас сэтгэхүй, орчин ахуйн өөрчлөгдөх үйл явцтай, 

- Байгаль, нийгэм, оюун санааны хувьсан өөрчлөгдөх зүй тогтолтой 

салшгүй холбоотой болох нь “текст”-ийн дотоод хэсгүүдэд ямар байдлаар, хэрхэн илрэн гарсныг зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж” жүжгийн жишээн дээр тайлбарласан юм. Тэр тусмаа Чингис хааны дүрийн “хронотоп” шинж, тэдгээрийн “эзэлхүүн”-ий өөрчлөлтүүд нь түүхэн баримтын үндэс, зохиолчийн үзэл санааны илрэл хэрхэн давхцаж байгааг тодруулжээ.

Чингис хааны дүрийн хронотоп шинж

Жүжгийн зохиол хэмээгч нь зөрчил хийгээд бүлэг үзэгдэл энэ тэр огт биш. Харин ДҮРИЙН үйлдэлд төвлөрөх зүй тогтолтой. Нэг үгээр дүрээс үүдэлтэй “эхлэл” ба төгсгөл”, тэдгээрийн учир шалтгаант нөхцөлүүдийн хооронд “цаг хугацаа- орон зайн” асуудал чухал үүрэгтэй. 

Тэгээд ч хүүрнэл зохиолын дүрээс, драмын дүр тусдаа онцлог байдалтай, огт өөр хэв шинжтэй гэсэн ойлголт байхгүй. Мөн тусдаа цаг хугацаа- орон зайн орчилд оршдог гэж үзэх үндэсгүй. Тиймээс М.Бахтины “хронотоп”-ын онол, зөвхөн романы түвшинд хийгдсэн хэдий ч жүжгийн зохиолын дүрийн цаг хугацаа- орон зайн орчилд шууд хамаатай гэсэн үг юм. 

Сүүлийн үед жүжгийн зохиолын цаг хугацаа- орон зайн талаарх судалгаа цөөнгүй хийгджээ. Судлаач А.Ф. Кофман “ Чеховын жүжгүүдийн уран сайхны цаг хугацаа, орон зай” өгүүлэлдээ “ Интоорийн цэцэрлэг” жүжигт цаг хугацаа ба орон зайн бэлгэдлийн шинжтэй гурван “эзэлхүүн” оршиж байна. Тэдгээр нь урьдаас төлөвлөсөн шинжгүй, бодит байдлын хязгаараас гарч “энд ба одоо”, “шинэ амьдрал” эхлүүлэх бодит боломжийг бий болгож байдаг. Тэгээд ч Чехов тэр шинэ амьдралд сайн сайхан, зовлон зүдгүүр, ухаалаг алхам, хүнд хүчир зүйл хүлээж байгааг төсөөлж чадахгүй.” [ А.Ф. Кофман “ Художественное пространство и время в драмах Чехова” Культура и искуство 5/17/ 2013. www.nbpublish.com/library_get_pdf/] гэсэн нь зохиолч цаг хугацаа- орон зайн орчил хэсгүүдийг урьдаас төлөвлөж бичдэггүй, харин “санамсаргүй, тохиолдлын” шинжтэй бүрдэж бий болдог гэсэн санааг илэрхийлсэн байдаг. 

Тэгвэл зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж” жүжигт Чингис хааны дүрийн “хронотоп өөрчлөлтүүдийг дараах байдлаар харуулж байна.

Цаг хугацаа –орон зайн орчил 
“Атга нөж” жүжиг 


ТҮҮХЭН ЦАГ ХУГАЦААНЫ ҮРГЭЛЖЛЭХ ОРОН ЗАЙГ “АТГА НӨЖ” ЖҮЖИГТ ЧИНГИС ХААНЫ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ЭГЗЭГТЭЙ ҮЕҮДИЙГ СОНГОЖ ҮЗҮҮЛСЭН. 

ТУХАЙЛБАЛ, “ЭХЛЭХ ШАЛТАГ” ХЭМЭЭХ НЭГДҮГЭЭР ХЭСЭГТ “ МЭРГЭДИЙН ДОВТОЛГООН, БӨРТЭ БУЛААГДАХ ҮЕИЙН ЦАГ ХУГАЦАА, ОРОН ЗАЙН ХАРЬЦАНГУЙ БАГА ОРЧИЛД ДҮРИЙН ЗАМНАЛ ЭХЭЛЖ БАЙНА. 

Тэмүжин- ЭЭЖ, ээ. Би Бөртийгөө орхиж чадахгүй аваад явна. 

Өөлүн- Үгүй, ээ. Чи явна. Бөртэ үлдэнэ. 

Тэмүжин:- Ээж, ээ, ээж, ээ...

Өөлүн- Дуу чи. Чи надад санаагаа тулгах болоогүй. [ Б.Лхагвасүрэн” Атга нөж” Театр-85 /Үндэсний жүжгийн зохиолчдын түүвэр/ УБ, 2016. x- 367]

“Чи надад санаагаа тулгах болоогүй” хэмээх Өөлүн эхийн хандлагаас, Тэмүжин цаг хугацаа- орон зайн ямар орчилд байсныг шууд анзаарч болно. Магадгүй зохиолч дүрийн үйл хэрэг, оюун санааны өсөлт, зохиолын үзэл санаагаа илүү тодорхой харуулах зорилгоор онцолжээ. Үнэндээ Тэмүжин, Өөлүн эхээс шууд хамааралтай байгаа нь Чингис хааны дүр өөрийн гэсэн үйл хэрэггүй болоод цаг хугацаа- орон зайн тодорхой эзэлхүүн байхгүйг харуулж байна. Харин дараагийн хүснэгтээс харвал дүрийн цаг хугацаа- орон зайн орчил бүрдэх нөхцөл, үндэсийг илэрхийлжээ.

Цаг хугацаа –орон зайн орчил 
“Атга нөж” жүжиг 


ЗОХИОЛЧ Б.ЛХАГВАСҮРЭН ХЭВЛЭЛД ӨГСӨН ЯРИЛЦЛАГАНДАА” МИНИЙ ЗОХИОЛ ДАНДАА БУУР ХЭЭРИЙН ТУЛАЛДААНЫ ДАРАА, ДАЛАНБАЛЖУУДЫН ТУЛААНЫ ДАРАА, ЭСВЭЛ ӨМНӨ ГЭСЭН РЕМАРКТАЙ БИЧИГДСЭН” [”ӨНӨӨДӨР” СОНИН 2006, 5.15 № 112] ГЭЖЭЭ. 

ЭНЭ НЬ ЧИНГИС ХААНЫ ДҮРИЙГ НИЙТИЙН МЭДЭХ ДАЙН ТУЛААНЫ ХРОНОТОПООС ХОЛДУУЛЖ, М.БАХТИНЫ ҮЗСЭНЭЭР НЭГДЭН СҮЛЖИЛДСЭН “АХУЙД” ЧИНГИС ХААНЫ ЦАГ ХУГАЦААГ ОГТ ӨӨРӨӨР ХАРУУЛАХ ЗОХИОЛЧИЙН ГОЛ ЗОРИЛГОТОЙ ХОЛБООТОЙ.

Тэмүжин- Гэрийн санаа суугаагүй бол 
Хааны санаа яаж сууна. 
Хаан гэдэг 
Мөрөөдсөн болгоны хариу бус 
[Б.Лхагвасүрэн” Атга нөж” Театр-85 /Үндэсний жүжгийн зохиолчдын түүвэр/ УБ, 2016 x- 367] гэсэн ба жүжгийн зохиолд Жамухын” Хөөрхий бид чинь балчир
Хөгшин барын бодол хол 
Гэнэн байна даа... Бид... гэсэн хэсгээс Тэмүжингийн, бүр Жамухын ч “цаг хугацааны- орон зайн хүчтэй нягтрал” явагдаж эхлээгүйг харуулж байна. Зохиолчийн үзэл санаа, тэртусмаа түүхэн дүрийн тухайд “хронотоп”-т илүү анхаардаг нь бололтой. Учир шалтгаан нь судлаачийн тодорхойлсноор "Драмын бүтээлүүд ямар утгатай вэ? гэдэг нь үйл явдлын хэсгүүд, тэдгээрээс хамааран дүрийн үйлдэл нь хэл ярианыхаа дотоод логик дарааллыг ямар байдлаар яаж илэрхийлж вэ? гэдэг биш, харин жүжгийн зохиолд орон зай, цаг хугацаанд хашигдсан хэсгүүд ямар үүрэгтэй болохыг мэдэхэд оршино." [ Хализев В.Е “Время и пространство / Хализев В.Е “Теория литературы” М, 2002 / c 213-214] гэсэн нь “Атга нөж” жүжгийн өгүүлэмжийн дээрх хэсэгтэй тохирч байна. Харин Чингис хааны дүрийн хронотопын өөрчлөлтийг дараах хэсгээс харж болж байна.

Цаг хугацаа –орон зайн орчил 
“Атга нөж” жүжиг 


ЖҮЖГИЙН ЭХЛЭЛ ХЭСЭГТ ЧИНГИС ХААН ДҮРИЙН ХРОНОТОП ГЭР ДОТОР ӨӨРИЙН ЭЗЭЛХҮҮНГҮЙ БАЙСНААР ҮЗҮҮЛСЭН БОЛ 1179 ОН БУЮУ ГУРВАН МЭРГЭДТЭЙ ТУЛАЛДАХ” БУУР ХЭЭРИЙН ТУЛААНД ГЭР, УРАГ ДОТОР “ОРОН ЗАЙ-ЦАГ ХУГАЦААНЫ ОРЧИЛТОЙ БОЛСОН Ч УЛС ТӨРИЙН ДОТОР ЦАГ ХУГАЦАА-ОРОН ЗАЙ НЬ “ЭЗЛЭХҮҮН” БАЙХГҮЙГ ЖАМУХА, ТЭМҮЖИН ХОЁРЫН ХАРИЛЦАН ЯРИАГААР ТОДОРХОЙ ХАРУУЛЖЭЭ. 
Тэмүжин- Мөнх хөх тэнгэр өршөө!
Цусанд гараа дүрвэл 
Улайтал дүрэхү...
Сүүнд гараа дүрвэл 
Цайтал дүрэхү... 
[Б.Лхагвасүрэн” Атга нөж” Театр-85 /Үндэсний жүжгийн зохиолчдын түүвэр/ УБ, 2016 x- 375]

Тэмүжингийн санаа шийдвэр эргэлт буцалтгүй болсныг илтгэх энэ хэсэгт хронотопын дараагийн хэсэг нөхцөлдөж гарсан байна. Нарийн ажиглавал жүжгийн энэ хэсэгт ДҮРИЙН хронотопын тэлэлт явагдаж, зохиолын үйл явдлын өрнөл ажиглагдана. 

Цаг хугацаа –орон зайн орчил 
“Атга нөж” жүжиг 


БУУР ХЭЭРИЙН ТУЛААНААС ХОЙШ ЧИНГИС ХААНЫ ДҮРИЙН ХРОНОТОП ШИНЖИЙН ӨӨРЧЛӨЛТ ДАРААГИЙН БҮЛГҮҮДЭД ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨХИЙГ, ЗОХИОЛЧ ЖҮЖГИЙН ЭХНИЙ БҮЛГИЙН ТӨГСГӨЛ ХЭСЭГТ ТОДОРХОЙ ХАРУУЛЖЭЭ. М.БАХТИНЫ ОНОЛООР “ ДҮР ҮРГЭЛЖ ЦАГ ХУГАЦАА-ОРОН ЗАЙН ОРЧИЛД ТӨРӨН ГАРДАГ” ГЭСНЭЭР ЧИНГИС ХААНЫ ДҮРИЙН ХРОНОТОП ШИНЖ ДАРААХ БАЙДЛААР ИЛЭРНЭ.

Тэмүжин- Гэрийн санаа суугаагүй бол 
Хааны санаа яаж сууна. 
Хаан гэдэг 
Мөрөөдсөн болгоны хариу бус 
[Б.Лхагвасүрэн” Атга нөж” Театр-85 /Үндэсний жүжгийн зохиолчдын түүвэр/ УБ, 2016 x- 371]
Жүжгийн зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж” жүжгийн ” хронотопын хувирал өөрчлөлт нь “Олон янзын бичвэрүүд нь цаг хугацаа, орон зайн түүхэн уламжлалт ойлголтуудын зөрөө, хронотопийн бичвэрүүдэд эрс ялгаатай байдаг. [Dentith Simon “Chorotope” The literary Encyclopedia /First published/ 2001, p-18 ] гэсэн судлаачийн тайлбартай холбоотой байхыг үгүйсгэх аргагүй. 

Цаг хугацаа –орон зайн орчил 
“Атга нөж” жүжиг

 
ЧИНГИС ХААНЫ ДҮРИЙН ХРОНОТОП БУЮУ ЦАГ ХУГАЦАА-ОРОН ЗАЙН ОРЧИЛ ЗОХИОЛЧИЙН ИЛЭРХИЙЛЭХИЙГ ЭРМЭЛЗСЭН БҮРЭН ”ТУЙЛТ” БАЙДАЛДАА ХҮРСЭН НЬ ЖҮЖГИЙН “ЗАВСАРЫН ШАЛТАГ-15” –Д ЖАМУХЫГ ТАРЧЛААН ХОРООСОН АЛЧИДАЙ ӨВГӨНТЭЙ ЗӨРЧИЛДӨХ ХЭСЭГТ ТОДОРХОЙ ХАРАГДАЖ БАЙНА
Алчидай- Хөгшин надад арай ахадсан ял
бус уу? Өршөөж үзээч. /хөлийг
нь тэврэн гуйна./
Чингис- Би үгийг нэг л удаа хэлдэг... 
Хэвтүүлүүд ноёныг аваад яв. 
Алчидай: Даач дээ! Хаан минь,
хөгшин намайг... гэсээр
хашгирсаар явна. 
[ Б.Лхагвасүрэн” Атга нөж” Театр-85 /Үндэсний жүжгийн зохиолчдын түүвэр/ УБ, 2016 x- 409]

Жүжгийн төгсгөлд цаг хугацаа- орон зайн хронотоп шинж нь 1206 онд хаан ширээнд сууснаас хойш хэрхэн өөрчлөгдсөнийг, Тэмүжин – Хүмүн ямар байдгийг мэдэх болохоос 
Хаан ямар байдгийг би эс мэднэ. [ Б.Лхагвасүрэн” Атга нөж” Театр-85 Үндэсний жүжгийн зохиолчдын түүвэр УБ, 2016 x- 409] хэмээн жүжгийн эхэнд хэлж байсан Тэмүжин, Чингис хаан хэмээн өргөмжлөгдөөд удалгүй, Чингис- Би бүгдийг нэг л удаа хэлдэг [ Б.Лхагвасүрэн” Атга нөж” Театр-85 /Үндэсний жүжгийн зохиолчдын түүвэр/ УБ, 2016, x- 409] гэж өгүүлж байгаагаар баталж болно. 
Зохиолч Б.Лхагвасүрэнгийн “ Атга нөж” түүхэн жүжгийн Чингис хааны дүрийн хронотоп буюу цаг хугацаа- орон зайн орчил нь таван “ЭЗЭЛХҮҮНД” хамаарч байна. 

Нэгдүгээрт, Өөлүн эхээс шууд хамааралтай цаг хугацаа, орон зайн дүр, 
Хоёрдугаарт, Ван хаанаас шалтгаантай цаг хугацаа- орон зайн дүр , 
Гуравдугаарт, Жамухатай холбоотой цаг хугацаа – орон зай дүр , 
Дөрөвдүгээрт, Тэмүжингээс, Чингис хаан болох үеийн цаг хугацаа – орон зайн дүр, 
Тавдугаарт, Чингис хааны өөрийн цаг хугацаа- орон зайн дүр гэж ангилж үзэх боломжтой юм. 
Найруулагч Б.Баатар агсны тухайн үед хэвлэлд өгсөн” Тухайн цаг үед мориноос хурдан унаа байсангүй. Түүн дээр хүний сэтгэхүй байж. Ингээд бодохоор Чингис хаан бол хурд-хурц ухааны бэлгэдэл юм. [ ”АТГА НӨЖ” /тусгай дугаар/ УДЭТ, 2006, № 001] гэсэн ярилцлагын хэсгээс энэхүү жүжгийн Чингис хааны дүрийн хронотоп асар хурдтай өөрчлөгдөж байсны шалтгааныг ойлгож болно.

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна