“Нарантуул” захын зүүн хойно байрлах иргэдийн ярьж заншсанаар “Мангасын ам” нь захаас зүүн хойш гардаг ганц гарц бөгөөд архидан согтуурах, тэнэмэл иргэд ихтэй, орчны нөхцөл байдал хүнд байсан. Тэгвэл энэ асуудлыг шийдэхээр Хотын дарга Х.Нямбаатар энэ сарын 7-нд тус байршилд очиж ажилласан. Ажлын үр дүнд өнөөдөр тус байршилд цагдаагийн пост ажиллаж эхэллээ. Мөн орчны нөхцөл байдлыг сайжруулсан байна.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэр “Нарантуул” захын зүүн хойд хаалга дээр бид ажиллаж байна. Есдүгээр сарын 7-нд Хотын дарга энд ирж ажиллахдаа иргэдийн тав тух, аюулгүй байдлыг алдагдуулсан хэсэгт хэв журмыг сахиулах үүрэг өгсөн. Үүний дагуу нийслэлийн Цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас цагдаагийн постыг богино хугацаанд барьж, орчны байдлыг аюулгүй бөгөөд эмх цэгцтэй болгосон байна. Эмх цэгцтэй, хэв журамтай, аюулгүй хот байлгахын төлөө хотын зүгээс үргэлжлүүлэн ажлууд төлөвлөж байгаа” хэмээлээ.
Харин “Мангасын ам”-ын орчмын байдлын талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Энэхүү цагдаагийн пост нь нэмэх болон хасах 50 хэмд дулаанаа бүрэн барих боломжтой зөөврийн сууц юм. Нийслэлийн Засаг даргаас богино хугацаанд хөрөнгийг шийдэж өглөө. Баянзүрх дүүргийн ЗДТГ-ынхан орчныг тохижуулах, ойр орчмын том хашаануудыг зөөвөрлөх хөрөнгийг шийдвэрлэж богино хугацаанд үр дүнтэй ажлуудыг хийлээ. Энэ хавийн нөхцөл маш хүнд. “Нарантуул” захаас зүүн хойш гардаг ганц гарц бөгөөд явган хүний зорчих хөдөлгөөн автомашинтай хамт явдаг учраас түгжрэл ихтэй. Ойр орчимд архидан согтуурах болон тэнэмэл хүмүүс олноор ирдэг. Үүнийг дүгнэж үзээд Баянзүрх дүүргийн ЗДТГ, Цагдаагийн газраас зохион байгуулалтын арга хэмжээ авч, 30 гаруй хүнийг Гачууртад эмчилгээнд хамрууллаа. Цаашид ч ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Энд ажиллах найман албан хаагчийг томилсон. Эдгээр арга хэмжээний үр дүнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, тав тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдэнэ гэж харж байна. Мөн орчны аюулгүй байдалд анхаарахын тулд камержуулах ажлуудыг хийж шаардлага бий. Гэхдээ үүнийг төр дангаараа хийх бус “Нарантуул” зах нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилга гаргаж хамтарч ажиллана гэж найдаж байна” гэв.
Иргэдийн зүгээс олон жил хүнд нөхцөл байдалтай байсан газар ийнхүү цагдаагийн пост байгуулж, орчныг тохижуулсанд талархалтай хандаж буйг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Нэмэхбаатар хэллээ. Түүнчлэн “Мангасын ам”-наас зүүн тийш чиглэлтэй замын нөхцөл байдлыг сайжруулахын тулд замын трассыг баталсан. Удахгүй газар чөлөөлөлтийн ажлыг хийнэ. Дахин төлөвлөлт нэрийдлээр барьсан стандартын бус замбараагүй барилгуудыг ойрын хугацаанд цэгцлэх ажлыг эхлүүлсэн тухай нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул хэлсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.212
Ззза тэнэгт эргүүнүүдээ маниусыг хөөгөөд ч бариад ч нэмэргүй бариад яахын эрүүлжүүлэхэд дулаахан амарч хонохдоо дуртай л байна шүү.Энэ мангасын ам гээд байгаа орчин бол бидний хувьд авралын од ганц нэг найркагаа аваад уучихна хүмүүс нь хаялагатай адаглаад хүн амьтны юмыг нааш нь цааш нь болгож өгөөд ганц нэг чаны мөнгө авчихна.Бяд нар чинь тэгж яривал энэ Мангасны амны ерөнхийлөгчтэй ерөнхий сайдтай дарга нартай хөөш.Бяд нар бас нэгнийхээ төрсөн өдрийг хамтран тэмдэглэдэг нэгэндээ үхэл зовлон тохиолдвол хамтран оролцоно бид хүн биш юм уу? за манай Мангасын амныхаан өнөөдрөөс эхлэн төрийн ордны зүүн баруун хаалган дээр тохижиж авцгааяа тийшээ нүүцгээе
Хариулах