Х.Баттулгыг “Хаан” болгохын тулд монголчууд төргүй болох ёстой юу

2018/11/01
Ийм нэгэн асуулт гарч ирэв. Төмөр замын хэргээс арайхийн мултарч, Төрийн тэргүүний сэнтийд ам мөлтөс заларсан Х.Баттулга эрх мэдлээ чамлаж эхэлснээс энэ бүхэн үүдэлтэй. МАН олонхи байгаа энэ үед МАН-аас “Хаан” тодруулах тухай яриагүй байхад мань Женко Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, засаглалын тогтолцоог шинэчлэн өөрийгөө “Хаан” сэнтийд залах юм гэнэ дээ. Нэг хүний хязгааргүй их шунал, хүсэл тэчъяал шингэсэн хар номлолоо тэрбээр өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийтийн сүлжээгээр тасралтгүй хийж, ард түмнийг дахиад л талцуулав. УИХ-ын гишүүн, сайдаар хэд хэдэн удаа ажиллаж байсан атлаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрх УИХ дахь олонхид байгааг огт мэддэггүй юү, аль эсвэл мэдсэн ч төрийг шантаажилж сурсан зангаараа ийн авирлаж байна уу, ямартай ч эрх баригчдын эсрэг ганцаарчилсан тоглолт хийж эхэллээ. Гэхдээ...! 
 
Үндсэн хуульд зааснаар, Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Харин УИХ төрийн эрх барих дээд байгууллага. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн даваа гарагт улс төр дэх хамгийн том “дайсан”, УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-ыг тараах саналыг өөрийн биеэр өргөн барилаа. Өөрөөр хэлбэл, тэрбээр 2018 оны нэгдүгээр сард УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр “Чуулганы ирц муу байна. Гишүүд иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон байтлаа чухал асуудал хэлэлцэх үед оролцохгүй байгаа нь буруу. Ийм байдлаар явбал УИХ-ыг тараах санаачилга гаргахаас өөр арга алга” гэж айлгаснаа ийнхүү албан ёсных болгосон юм. МАН олонхи байх үедээ Ерөнхийлөгч Х.Баттулгад хязгааргүй их эрх мэдэл олгохгүйтэй адил парламентыг тараана ч гэж юу байх вэ. Харин Х.Баттулга Төрийн тэргүүний зүгээс “УИХ тарахгүй бол өлсгөлөн зарлах уу, би” гэж сүрдүүлсэн нь аймаар биш гэж үү! УИХ буюу төрийн эрх барих дээд байгууллагаа тараана гэдэг нь “Та нар төргүй болж, намайг хаан болгоодох” гэсний дохио мөн биз. Х.Баттулга “Хаан” болбол энэ улс хэний улс болох вэ... 
       
АН эрх барьж байх үед буюу 2012-2016 онд Н.Алтанхуягийн тэргүүлж байсан Засгийн газрыг танхим дотроос нь түйвээж, журмын нөхдөө “Сайн ах”, “Мүүн ажиллагаа” зэрэг хар технологиудаараа намнаж явсан Х.Баттулга “Ерөнхийлөгч болмогцоо шүүх, прокурорыг АТГ-тай хамт атгаж, өс хонзонгийнхоо хэрэгсэл болгоно” гэж эндүүрсэн бололтой. Төрийн тэргүүний тангараг өргөснийхөө дараахан АТГ-ын удирдлагуудыг дуудаж “60 тэрбум”-ын хэргийн учрыг ол. Оффшороос мөнгө олж ир. Чадахгүй бол ажлаа өгцгөө” гэх сануулга өгсөн нь албан тушаалтнуудын хэргийг мөрдөн шалгадаг энэ байгууллагыг хяналтдаа авах гэсэн ашиг сонирхлынх нь нэгэн илрэл байв. Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга айдастай байна. Тэр нь юу гээч!? Тэрбээр С1 телевизийн нэвтрүүлэгт өнгөрсөн даваа гарагт оролцох үеэрээ “А.Гансүхэд холбогдох хэргийг хаагаагүй, байж л байгаа” гэж хэлсэн нь үүний нэгэн илрэл болов уу. Нэг ёсондоо, улс төр дэх тойрон хүрээлэгчдийнх нь нэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн хэргийг хуулийнхан хаагаагүй байна гэдэг нь Х.Баттулгыг хавтаст хэргээр барьцаалснаас өөрцгүй билээ. Тэгэхээр АТГ-ын даргыг солих гэж улайрахаас яалтай. Айдастай хүн хар массын тархийг угааж, өөрийгөө хүрээлүүлэх эцсийн сонголтыг хийдгийн сонгодог жишээ бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр юм. Тэгэхээр Х.Баттулга Н.Энхбаяр-2 болоход тун ойрхон байна гэсэн үг. 
 
Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг хагаралдуулж талцуулдаг шигээ АН-ыг аль хэдийнэ хэдэн хэсэг болгон хуваасан. Черчиллийн хэлсэнчлэн “Улс төрд мөнхийн эрх ашиг байхаас мөнхийн дайсан үгүй” гэдэг ёсоор АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тэргүүтэн хүссэн ч, эс хүссэн ч Төрийн тэргүүнээр туг хийж, МАН-ын эсрэг улс төр хийж байгаа нь маргашгүй үнэн. Гэвч улс төр дэх тэдний түр зуурын түншлэл хэзээ хэрхэн эцэс болохыг таашгүй юм. Ямар ч байсан Х.Баттулгыг “Хаан” болгохын тулд УИХ-ыг тарааж, улс орноо төр засаггүй болгохдоо тулахгүй юм шүү. Женко ба түүний хар суртал ухуулагчид Ерөнхийлөгчийн засаглалын талаар буруу солгой бурцгаах зуур хэлэмгий доломгой Бат инженер “Энэ УИХ муу муу. Нялайсан факт. Гэхдээ л дараагийн УИХ-ын хажууд бурхны бүрэлбаа шахуу юм уу даа. Учир нь дараагийн УИХ-д зөвхөн Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжигчид, цаазын ялыг сэргээгчид, 37 оныг эхлүүлэгчид орно гээд нэг сайн бод доо, та нар” хэмээн жиргэжээ. Х.Баттулгын бригадийнхны далд ашиг сонирхлыг улстөрчид төдийгүй иргэд ч ийнхүү “уншчихдаг” болж дээ. Үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Ерөнхийлөгч нь өөрийн мэдлийн телевиз, олон нийтийн сүлжээгээр УИХ, Засгийн газрын эсрэг суртал ухуулга хийж, ард түмнийг талцуулж байгаа нь ёстой л түүний ПР-чдын хэлдгээр үндэсний аюултай байдал юм даа. Өөрөөр хэлбэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга ард түмний эрх ашгаар өнгөлөн далдлалт хийж МАН-ын эсрэг улс төр хийх гэсэн биш Монгол төрийг мохоох хар технологио хэдийнэ хэрэгжүүлээд эхэлчихлээ. Ингэхэд тэр хэний захиалгаар Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг тулгах болов. Сонин биш гэж үү!?  
 
Ерөнхийлөгч өө, АН-ын авлигачдын талаар цензургүй яриач
 
УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий хүмүүс Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан биш “Ардын дайсан” болцгоов. Олон нийтийн сүлжээгээр тэднийг эхнэр, хүүхдүүдийнх нь зурагтай хамт жагсааж хулгайч, луйварчнаар нь дуудан жирийн ардуудаар жигшүүлэх улс төр эцэс төгсгөлгүйгээр эрчтэй өрнөж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын хар ПР-ын баг хийгээд АН-ынхан ч ардын дайсан тодруулах “ЖДҮ ажиллагаа”-н дээр хүч, хөг нэмцгээж байгаа харагдана. Хамгийн хоржоонтой нь МАН-ын хэд ч яах вэ. Аав, эхнэр, хүүхдүүд нь аж ахуйгаа хөтөлж хөгжүүлэхийн тулд байдаг бүхнээ барьцаалж Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авцгаасан юм байгаа биз. Харин энэ дуулианы үеэр шударга дүр эсгэж, МАН-ынхныг чичлэн суугаа АН-ын дарга С.Эрдэнийн охинд холбогдох хэрэг шүүхийн шатанд яваа, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд байхдаа аж ахуйн нэгжүүдэд сонгон шалгаруулалтгүйгээр зээл өгч албан тушаалын гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гаргасан нь баримтаар ил болж намынхныг нь улалзуулав. Хэвлэлүүдэд “Хуучин төрийн “хулгайч” сайд”-аараа цоллуулах болсон Д.Эрдэнэбат гишүүн 2015 онд Монгол Улсын Тусгай сангийн хуулийг зөрчиж, санхүүжилт олгох журамд өөрчлөлт оруулан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн эх үүсвэрээс дөрвөн аж ахуйн нэгжид 1.327.0 сая, сайдын 108 тоот тушаалаар дөрвөн аж ахуйн нэгжид төсөл хэрэгжүүлэхэд нь 5.028.0 сая, мөн 183 тоот тушаалаар 1.000.0 сая, бүгд 7.355.0 сая төгрөгийг сонгон шалгаруулалтгүйгээр шууд олгосон талаар Сангийн яамнаас энэ оны тавдугаар сард дүгнэлт гаргасан ажээ. АН-ын удирдлагууд ийнхүү албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан нь баримтаар ил болж байхад тэд том хулгайгаа нуухын тулд МАН-ын гишүүдийн хамаарал бүхийн хүмүүсийн компаниуд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан тухай дуулианаар улс төр хийж, өөрсдийнхөө булхайг саринуулах оролдлого хийцгээж байна. Үнэн хэрэгтээ УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд албан тушаал, эрх мэдлээрээ нөлөөлж хамаарал бүхий хүмүүстээ зээл авч өгсөн эсэхийг хууль хяналтын байгууллага тогтоогоогүй байгаа шүү дээ! 
 
Ер нь зээл яаж авдаг вэ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан төдийгүй арилжааны банкнаас иргэд, аж ахуйн нэгжүүд зээл авахдаа тодорхой хүүтэй, эргэн төлөх нөхцөлтэйгөөр тухайн байгууллагатай зээлийн гэрээ байгуулдаг шүү дээ. Дээр нь зээлийн баталгаа гаргаж, эд хөрөнгөө барьцаанд тавина. Ингээд заасан хугацаанд зээлээ хүүгийнх нь хамт төлөх үүрэг хүлээдэг. Хэрэв зээлээ төлөхгүй юм уу төлж чадахгүйд хүрвэл холбогдох хуулийн дагуу асуудлыг шийддэг гэдгийг АН-ын авлигачид байтугай жирийн иргэд ч сайн мэдэх учиртай. Хамгийн сонирхолтой нь АН-ынхан МАН-ын эсрэг “ЖДҮ ажиллагаа”-г өндөр төлбөртэй, өргөн фронттойгоор явуулж байгаагаас харахад тэд өөрсдийнхөө сурсан зангаар эрх баригч хүчний гишүүдийг харж, хардаад байх шиг. Авлигачид авлигын мөнгийг ямар замаар “угаадаг” вэ, тэр л нүдээр бусдыг харж “Аан, энэ яг тэгэх нь, ер нь тэгсэн байх нь” гэсэн өнцгөөр дүгнэж байгаа нь МАН-ынхан руу чиглэсэн “ЖДҮ ажиллагаа”-аас тодорхой харагдана. Харин аав, эхнэр, хүүхдүүд нь хүмүүсийг ажлын байртай, цалинтай байлгахын тулд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан биш хамаг муугаараа дуудуулж яваа гишүүд АН-ын том авлигачдын дэргэд ердөө л гэнэн туулайнууд. Тэдний гэр бүлийнхний авсан зээл эдний хийсэн хулгай, луйвар, авлигын хэргүүдийн дэргэд ёстой жижигхэн “юм”. 
 
Улстөрчдийн захиалга бүхий “ЖДҮ” ажиллагаа олон нийтийн сүлжээгээр эрчээ авах үед АН-ын гишүүдийн хувийн мэдээллийн хэрэгслүүдээр “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг нийслэлийн Прокурорын газраас шалгаж эхэллээ” гэсэн мэдээлэл цацагдах болов. Хачирхалтай байгаа биз! Угтаа нийслэлийн Прокурорын газрынхан мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих учиртай. Харин авлига, албан тушаалын гэмт хэргийг АТГ шалгах үүрэгтэй. Гэвч шат алгасч шууд прокурор дээр хаягласан мэдээг олон нийтэд түгээж эхэлсэн нь юуны учир вэ. Ингэхэд прокурор хэний мэдэлд байдаг билээ!? Мэдээж хэрэг, Ерөнхийлөгчийн... Тэгэхээр “ЖДҮ ажиллагаа”-н дээр хар ПР-ын багийнхантайгаа хамт хүч нэмж буй Ерөнхийлөгч арай албан тушаалаараа түрээ барьж, прокуроруудад нөлөөлөөд байгаа юм биш биз. Үйл явдлын өрнөлөөс ийм хардлага эрхгүй төрнө. Гэвч АН эрх барьж байх үед гарсан авлига, албан тушаалын томоохон хэргүүд хаана очиж замхрав. Ерөнхий сайд асан, өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй Н.Алтанхуяг ба түүний нөхөд, Хөгжлийн банк, бонд, төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн парк барих нэрийдлээр иргэдийн татварын мөнгөөр “тоглосон” хэрэг, “Фортуна” Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргүүд хууль хяналтын байгууллагын аль шатанд очоод замхарч, саринаж “алга болов”. Хэн тэднийг уснаас хуурай гарахад туслав!? АН эрх барьж байх үед хэдэн зуун тэрбум төгрөгийг авлига, хулгайн замаар оруулчихаад “Энэ өрийг ирээдүй үе маань төлнө” гэж иргэдийг доромжилж одсон Н.Алтанхуяг тэргүүтэн өдгөө ч эрх мэдэлтэй, албан тушаалтай байна. Тиймээс яг одоо тэднээс өрөө нэхэж, улсад учруулсан хохирлоо төлөхийг шаардацгаая. МАН-ын гишүүдийн хамаарал бүхий хүмүүс авсан зээлээ төлөх нь баараггүй, харин АН-ын авлигачид улсад хэдэн зуун тэрбумаар нь хохирол учруулчихаад улайх ч үгүй улстөржиж суугааг юу гэж ойлгох вэ. Өөрийн мэдлийн телевизээр хүний намынхны тухай цензургүй ярьдаг Ерөнхийлөгчөөр АН-ын авлигачдын тухай яриулъя. Тэдэнд холбогдох хэргүүдийг хэн хаана яаж замхруулсныг мэдэж байгаа ч юм билүү, хэн мэдлээ. Ерөнхийлөгч өө, та АН-ын авлигачдын талаар нэг сайхан цензургүй яриач.   

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна