Зоригтой, золбоотой улстөрчдийн эрин үе ардын болоод ардчилсан хувьсгалын эхэн үед үлдэж, өнөөдөр ердөө л цог шиг мөлийж, гөлчийсэн улстөрчдийн эрин үе эхэлсэн гэж үзвэл энэ нь яах аргагүй уйтгар гунигтай дүрслэл болж хувирна. Учир нь, цаг үе нийгмийн шаардлагаа дагаад эрх чөлөөний хатуу ширүүн тэмцлийн зам сонгох нь хийсвэр сөргөлдөөн мэт санагдахын дээр эрх чөлөөг эрхэмлэх үзлийг эрдэм боловсрол, арга барилын ололттой хослуулах нь элбэг болж. Мэдээж, үүний ард улстөрчдийн зөрчил болон зөв хийгээд мугуйд арга барил ч хамтдаа бичигдэнэ. Тэгвэл энэ дунд сонирхууштай нэгэн шинэ үе эрчимт хөдөлгөөнд орж эхэлсэн нь 1980-аад оны залуус.
Гэхдээ энэ үеийн залуус МАН-д мандаж, Ерөнхий нарийн бичгийн даргаас эхлээд намынхаа улс төрийн бодлогыг нь тодорхойлж байхад Ардчилсан намд бол мөрөөдлөө дэрэн доороо бичиж унтдаг танхил насны зөгнөлийн эзэд төдийхнөөр үнэлэгдэж буй нь бодит үнэн. Гэсэн ч өнөөдөр хал үзэж, халуун чулуу долоосон гэх 1950-1960 оны улстөрчдийн тухай мэдээ, мэдээлэлтэй зэрэгцээд улс төрийн шинэ залуу үе буюу 1980 магадгүй 1990 оныхны тухай бичих нь ч зайлшгүй шаардлага хэмээн харагдах. Учир нь, тэд нэг л өдөр мөрөөдлөө дэрэн доороо бичиж, унтах бус харин сэрж босоод шийдвэр гаргадаг болно.
Цаашлаад бусдын мөрөөдлийг бүтээхийн төлөө ч ажиллах ёстой. Энэ бол хорвоогийн жам ёсны хатуу дүрмийн нэгэн адил болох л ёстой үзэгдэл, өөрчлөлт, шинэчлэл, үеийн солигдолт. Тиймээс ч өнгөрсөн удаад “АН-ын цоожлогдсон үеийнхэн буюу 1970-аад оныхны уналт”-ын тухай бичиж байсан бол энэ удаад үеийн өсөлт болсон 1980-аад оныхныг түүвэрлэхийг зорив. Учир нь, тэд бол хүссэн ч эс хүссэн ч ирээдүй. Магадгүй сэтгүүлчдийн хувьд ч дараагийн 20 жилд бичих сэдэв, олон нийтийн хувьд ч ирэх 20 жилд мөлжиж шүүмжлэх эс бол тодруулж итгэх тийм л үе юм.
Иймээс юун түрүүнд тэд эхлээд хэн байсан бэ гэдэгт анхаарал хандуулая. Тэртээ, буюу одоогоос арав гаруй жилийн өмнөх Монголын улс төрийн нөхцөл байдал Харвардын төгсөгч гэдгээрээ, “Нүүх үү, Үлдэх үү” хэмээх Монголын нийслэлийг Хархорин руу нүүлгэхээр зориглосон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн улс төрийн шинэ нүүдэлд хөтлөгдөж байлаа. Хаашаа л харна Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж илтгэл тавьж, бараг л бүх монголчууд, тэр дундаа улаанбаатарчууд Хархорин руу нүүдэл суудал хийхэд сэтгэл зүйгээ бэлтгэж байсан гэвэл хэтрүүлсэн болохгүй. Учир нь, Харвардын курсын дипломоо жинхэнэ төгсөгчийн нэр хүндээр дархалж чадсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн улс төрийн нүүдэл дунд 1980 оныхон оюутны ширээний гэнэн нас, хүсэл тэмүүлэл, ирээдүйгээ тодорхойлж байсан нь яах аргагүй сонин үзэгдэл. Их сургуулиудын анги танхим, Чингис хаан зочид буудлын хурлын танхим бүхэлдээ 2000 оны эхээр оюутан залуусын уран үгийн чуулган, олон мянган Чингис эргэн төрөх тухай өөдрөг мөрөөдлөөр амьсгалж байлаа. МУИС, МУБИС… гээд бүх сургуулийн Оюутны холбоод шилдэг оюутан тодруулах, шилдэг илтгэгч шалгаруулах уралдаанд гаршиж, нүргэлсэн их алга ташилтын чимээ тэдний магнайн хөлстэй хамт үе тэнгийнх нь залуусыг доргиож байсан тийм л үе. Яг энэ уур амьсгалаас өнөөдөр өсч бойжсон 1980 оны залуу улстөрчдийн армид зүй ёсоор бичигдэх АН-ын залуусын тэргүүнд НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү, НИХТ-ын нарийн бичгийн дарга асан Б.Энхболд, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар зүй ёсоор бичигдэнэ. Тэд дундаа бас МУИС-ийн, МУБИС-ийн болон хувийн их дээд сургуулийн гэсэн тодорхой нэг зэрэглэлтэй. Гэхдээ энэ бол өнгөрсөн үе.
Тэд хэн бэ
Харин өнөөдрийн тухайд тэд хэн болчихсон байна вэ. Одоогийн байдлаар энэ үеийг өнгөлж яваа залуусаар мэдээж О.Эрдэнэ-Өрнөх, Б.Болор-Эрдэнэ, Гантулга, Ц.Жадамбаа, Б.Ган-Очир, Б.Дөлгөөн, Р.Эрдэмхишиг, Б.Жаргалан, Х.Номингэрэл, Т.Пүрэвхатан, Пунсалмаа, С.Санасэр, Э.Одбаяр, Э.Эрдэнэ нарыг нэрлэж болно. Энэ дундаас, Ардчилсан намын лидерүүд буюу аавынхаа улс төрийн залгамжилж, Ардчилсан залуучуудын холбоонд манлайллын үүрэг гүйцэтгэж яваа залуус нь УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн хүү Г.Эрдэмхишиг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Батбаярын охин Жаргалан нарыг нэрлэж болно.
Удам залгамжлагсад
Харин Х.Номингэрэлийн хувьд өмнө нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжингийн хүн гэдгийг нь Ардчилсан намын залуус ч, МУИС-ийн хуулийн сургуулийнхан ч андахгүй. Аавынхаа мэргэжлийг өвлөж, хуульчаар төгссөн тэрбээр сүүлийн үед Үндсэн хуулийн эрх зүйч гэдгээр дагнаж буй бол Г.Эрдэмхишиг, Б.Жаргалан нар Ардчилсан залуучуудын холбооны Удирдах зөвлөлд багтсан байх жишээний. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ Баянзүрх дүүргийн ИТХ-д сонгуульт албатай. Иймд тэднийг цаашид хувь хүний улс төрийн карьер хөөх гэхээс илүүтэй уламжилж ирсэн улс төрийн арга барил, үнэт зүйлийг өвөлж явна гэж үзвэл үнэнд ойртоно.
Суралцагсад
Харин нэгэн үе Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Б.Ган-Очирын тухайд сүүлийн үед улс төрийн тодорхой зарчмын байр суурь илэрхийлэхийн зэрэгцээ Ардчилсан намын дарга С.Эрдэнэд илүүтэй ойртсон гэх яриа үе тэнгийнх нь найз нөхдийн дунд тархах болж. Түүнчлэн тэрбээр Б.Энхболд, Б.Дөлгөөн, М.Чимэддорж, С.Эрдэнэболд нарын хамт “Жинхэнэ эрх чөлөө” гэсэн сэдвээр орон нутгийн залууст илтгэл, лекц тавих болсон нь бас л сонирхууштай өнцөг. М.Чимэддоржийн хувьд Ардчилсан намын даргад өрсөлдөхөө илэрхийлснээрээ тухайн үед үе тэнгийнхнийхээ улс төрийн идэвхийг нэг шат ахиулсан гавьяатай. Дээр нь, мэдээж өнгөрсөн жилүүдэд Оксфордын их сургуулийг төгссөн намтар нь ч түүнийг өнөөдөр илүүтэй чимэж буй биз. Гэхдээ зөвхөн М.Чимэддорж ч бус С.Эрдэнэболд, Б.Дөлгөөн нар Харвардын их сургуулийг төгссөн байхад Б.Ган-Очир Шанхайн их сургуулийг, Б.Энхболд Индианагийн Их сургуулийн дипломоо Сингапурын Үндэсний их сургуулийн харьяа Ли Куан Ю-ийн нэрэмжит Төрийн бодлогын сургуульд мастер хамгаалаад ирсэн байх жишээний. Мэдээж энэ жагсаалт Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга асан Ц.Жадамбаа Сөүлийн үндэсний их сургуульд технологийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалсан гэдгээр үргэлжлэх учиртай. Гэхдээ Ардчилсан намын залуус нам нь УИХ-ын сонгуульд ялагдсан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд амжуулсан амжилт, төгссөн сургуулийн тоо үүгээр хязгаарлагдахгүй. Учир нь, тэд улам олуулаа болж ирэх нь ч дамжиггүй.
“Алтангадас”-ын ирээдүй
Харин бүлэг фракцийнх нь тухайд харьяалуулж үзэхээр өнөөдрийн мэдээллээр “Алтангадас” фракц 1980-аад оны залуусаар эгнээгээ хүчтэй зузаатгасан нь нууц биш юм. Тэр дундаа, тус фракцийн залуусыг нэгтгэсэн “80:80” клубыг орхигдуулж болохгүй. Ц.Жадамба, П.Гантулга, Г.Эрдэмхишиг, Б.Дөлгөөн уг бүлэгт хамаарна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Ардчилсан намын дарга байх хугацаанд Ц.Жадамба олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичиг байсан бол П.Гантулга намын дотоод бүтэц, зохион байгуулалтыг хариуцсан нарийн бичгийн даргын алба хашиж байлаа. Тэр дундаа, тэрбээр Ардчилсан намын 1980 оны залуусаас төрд өндөр алба хашсан буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд Төрийн нарийн бичгийн даргын алба хашсан цорын ганц залуу. Энэ нь ирэх сонгуульд Ардчилсан нам ялалт байгууллаа гэхэд үеийнхнээсээ тасарч, шийдвэр гаргах төвшинд түрүүлж хүрэх шанс зөвхөн түүнд бий гэж хэлж болно. Харин намын бүтцэд ажилласан туршлага талаасаа тэдний хэн хэн нь уг хугацаанд хувь улстөрчийн ирээдүйн байр сууриа тодорхойлох, улс төрд идэвхийлэх гэхээс илүүтэй намын даргынхаа шадар туслахын хэмжээнд ажилласан нь нууц биш. Энэ нь гэхдээ тухайн улстөрч залуусын буруу гэхээс илүүтэй намынх нь дотоод үнэлэмж, үнэ цэнийн илэрхийлэл байсан юм. Хэрэв тэд МАН-д байгаа үеийнхнийхээ нэгэн адил нарийн бичгийн даргын албыг хашиж байсан бол удирдлага доороо албан бүтэцтэй, Удирдах зөвлөлд том байр суурьтай, олон нийтэд намаа төлөөлөх эрхтэй гээд манлайллыг жинхэнэ утгаар нь илэрхийлж болох байсан. Харамсалтай нь, ийм итгэл Ардчилсан намд өнөөдрийг хүртэл тогтоогүй бөгөөд ардчилал нэрийн дор цөөн лидерийн эрх мэдлийг тунхагладаг мөн чанартай нь холбоотой биз ээ.
С.Эрдэнийн дэмжигчид
Тэгвэл Ардчилсан намын дарга С.Эрдэнийн тэргүүлдэг “Шонхор” фракцийн тухайд энэ үеийхнийг нэгтгэх Э.Одбаяр гэх залууг намынхаа Хэрэг эрхлэх газрын даргаар тавьсан гэдэг яриа дотоодод нь өрнөж буй нь нууц биш. Сонирхолтой нь, тус намын хүчтэй бие үзэлтэй лидерүүдийг багтаасан МҮДН фракцийн тухайд шинэ залуу үеэ бэлтгээгүйн дээр, яг одоогийн байдлаар өлгөөд нэрлэчих залуу үе гарч ирээгүй гэдгийг ч мөн тус намын залуус хүлээн зөвшөөрөх болжээ. Энэ бол улс төрийн хувьд ирээдүйн ялагдалтайгаа нүүр тулсны тодорхой баталгаа. Саяхан л Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож, намынхнаасаа хамгийн залуудаа 2016 онд УИХ-д нэр дэвшиж, хамгийн залуу УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар сонгогдож байсан С.Дэмчиг гэхэд фракцаасаа жийгдсэн байх жишээний. Харин саяхнаас Ардчилсан намын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний сонгуульд хүч үзэж буй Т.Пүрэвхатан гэдэг нэр дуулдах болсон нь Хэнтийн фракцаас дэмжлэгтэй гэх яриа эрчимжихэд нөлөөлж буй. Түүнчлэн МоАХ ч өөрсдийн журмаар 1980 оны залуусыг, тэр дундаа мэр сэр эмэгтэйчүүдийг дэмжиж эхэлсэн сураг ч бий.
Ялгарал
Тэгвэл ялгарлын тухайд харин асуудал өөрөөр эргэнэ. Тэд бие даасан улстөрчид болж чадах уу гэдгийн тухайд лав л үеийн тэнгийнхнийх нь үнэлэмжээр бол Лондонгийн их сургуулийн төгсөгч О.Эрдэнэ-Өрнөхийг туршлага, дадал талаасаа үнэлж болохуй гэдэг тайлбар өгөх юм билээ. Магадгүй Өмнөговь аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан туршлага болон социологчийн хувиар уншиж судалсан нь ийн ялгарч, үнэлэгдэхэд хүргэсэн байх талтай. Б.Энхболдын хувьд Сингапурт Төрийн удирдлагаар суралцсан туршлагадаа тулгуурлан “Ухаалаг нүүдэлчид” гэдэг ном гаргасан нь ч бас ч гэж шаггүй сайн бүтээл болсон гэдэг сошиал үнэлгээг түүнд өгч орхилоо.
С.Эрдэнэболдын хувьд Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнийхээ зэрэгцээ Байт харвааны цогцолборыг өнгөрсөн гурван сарын хугацаанд ашиглалтад оруулсны зэрэгцээ “Монголын нууц товчоо”-г шүлэглэсэн хэлбэрт оруулж, “Эзэнт гүрний туульс” бүтээлээрээ олны талархлыг хүлээсэн. Энэ мэтээр магтаж хэлэх үг, өгүүлбэр олон. Гэхдээ Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн нь утга зохиолчийн өнгө аясаасаа гарч чадахгүй, хий хоосон лоозон шинжийн үг постолж, түүнийхээ доор лайкийн бөөгнөрөл цуглуулах замаар сэтгэл ханамж аваад явах нь хэр зохилтой вэ гэж бодвол бас л яах аргагүй асуудал. Тэр дундаа, НАМЗХ намдаа улс төрийн тодорхой байр суурьтай, түүнийхээ төлөө чанга дуугардаг, тэрхүү дуугаралтаараа дамжуулан эрх мэдэл олж авдаг болчихсон байхад шүү дээ.
С.Эрдэнэ хийгээд С.Эрдэнэболдын гавьяа
Гэхдээ энэ залуус хэн байлаа ч, тэдний араас хэн ч гарлаа гэсэн Үндэсний зөвлөлдөх хорооны нийт бүрэлдэхүүний 30 хувьд залуус буюу 34-аас доош насныхан багтах боломжийг намынхаа дүрмээр бүрдүүлсэн нь яах аргагүй С.Эрдэнийн гавьяа. Мэдээж ийм шийдлийг батлуулж чадсанаараа С.Эрдэнэболд ч ирээдүй үеийнхнээс талархал хүлээх учиртай.
Эмэгтэйчүүдийн хомсдол
Харамсалтай нь, өнөөдөр Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоонд эмэгтэйчүүд алга. Цөөн тооны залуу бүсгүйчүүдийн нэр тодорч харагдах ч тэд 2012-2016 оны парламентад эзэлж байсан АН-ын бүсгүйчүүдийн орон зайг ирээдүйд эзлэх тэнхээтэй гэдэг нь харагдахгүй байна. Энэ нь тус намын 1980 оныхны залууст эмэгтэйчүүддээ суудал тавьж өгөх соёл дутагдаж буйн зэрэгцээ бүсгүйчүүдийн өөрсдийнх нь хичээл зүтгэл ч сул байгаагийн илрэл биз. Улс төрийн идэвх оролцооны хувьд ердөө л гурван бүсгүйг нэр цохох боломжтой байгаа нь ч үүний баталгаа. Намынхаа дүрмээр ч, Сонгуулийн тухай хуулиар ч эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог 30 хувиар хуульчилчихсан, дүрэмдчихсэн байхад ийм сул оролцоотой байгаа нь өөрөө яах аргагүй Ардчилсан намын ирээдүйн улс төрийг гоёмсог хослол, том үгтэй эрчүүдэд бэлэглэх сул талтай юм.
Завсрын үеийнхэн….
Харин энэ үед хамаарах уу эс бөгөөс 1970 ондоо оруулах гэж асуумаар сонирхолтой бүлэг үе, сонирхлын одууд байгаа нь нууц биш. Учир нь, НИТХ-ын төлөөлөгч Эрин Тулгат, улс төр судлаач, Ардчилсан намын нарийн бичгийн дарга асан О.Чулуунбилэг, Ерөнхийлөгчийн орон тооны бус хуулийн зөвлөх Р.Булгамаа тэргүүтэй залуусын хувьд яах аргагүй шинэ үе. Гэхдээ тэд 1970 оны сүүлч хийгээд 1980 оныг угтагсад. Дор бүр нь тунгаах нь ээ, Эрин Тулгат “Хишиг арвин индурсал” компаниар дамжуулан, Монгол Улсад хөдөлж байгаа бүх л том уул уурхайн компанийн туслан гүйцэтгэгчээр шалгарч чадсан туршлагатай, лидер бизнесмэн. Мөн Баянзүрх дүүрэгт онилж ажилласан өөрийн тойрогтой. Гэхдээ дотогшоо чиглэсэн улс төрийн арга барилыг эзэмшсэн бол О.Чулуунбилэг Жорж Вашигтоны их сургуульд улс төрийн менежментээр суралцсан гэдгээрээ ялгардаг. Угтаа тэрбээр сурсан сургууль, заалгасан онолын хувьд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын хашиж болмоор. Н.Алтанхуягийн үед Ардчилсан намын олон нийт хариуцсан нарийн бичгийн хувиар тухайн үед болсон таван ч сонгуульд тус намыг ялахад хувь нэмрээ оруулсан. Гэхдээ тэрбээр их удалгүй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн байгаль орчны зөвлөхөөр шилжин байршсан. Улс төрд амжилт хайж яваа залуу хүний хувьд лидер дагасан огцом нүүдэл хийгээд хувийн зохион байгуулалтын хувьд тэрбээр алдаа ихтэй нэгэн байх талтай. Тиймээс ч өнөөдрийг хүртэл тодорхой дэмжлэггүй яваа нь нууц биш. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус хуулийн зөвлөх Р.Булгамаагийн хувьд Ардчилсан намын гэхээс илүүтэй Иргэний зориг-Ногоон намаас гаралтай. Сүүлд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр ажиллаж байсан. Эндээсээ Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр томилогдсон нь улс төрийн дэмжлэгийн хувьд Увс нутгийн тойрон хүрээлэгчдийн нөлөө өндөр хэмээн яригддаг. Энд гол нь тэднийг онцлон дурдахын учир нь тэд 1970-оныхонтой гэхээс илүүтэй 1980 оныхныг бараадсан улс төрийн нүүдэлтэй учраас тэр ээ.
Индэрээсээ бууж, улс төр хийцгээ залуус аа
Индрийнхэн буюу 1980-аад оны Ардчилсан намын залуусын талаар тоочин дурдаад байвал энэ мэтээр олон олон мэдээлэл, дүгнэлт цааш хөвөрнө. Гэхдээ хазаар татах, үргэлжлэл үлдээх зорилгоор энэ хүрээд өндөрлүүлж болох ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхлүүлсэн индэрийн улс төрийг шүтэх бус одоо индэрээсээ бууж улс төрөө хий, гараа бохирдуулж, угаа гэж зөвлөе. Учир нь, энэ үеэс өлгөөд авахад НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү л улс төрийн сонгуульд орж, хоёр ч удаа ялалт байгуулсан байх бөгөөд тэр хийсвэр улс төрөөс практик улс төрд шилжиж дөнгөж. Харин бусад нь, төгссөн сургуулийнхаа дипломоор гоёж, өсвөр үеийнхний сэтгэлийг хөвсөлзүүлэх төдийгөөр өөрсдийгөө гоёсон хэвээр. Ядаж л, өнгөрсөн өдрүүдэд болж өнгөрсөн МАН-ын ч, АН-ын ч улс төрд тэд байр сууриа илэрхийлсэнгүй. Бүр ганц ч үг ганхийсэнгүй. Тэр дундаа, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ 2020 оны сонгуулиар ялалт байгууллаа гэхэд Ерөнхий сайд болох боломжоо нээлттэй үлдээх зорилгоор намынхаа залууст хаалга нээж өгөхөд бэлэн байхад шүү дээ. Тиймээс дахин хэлэхэд булт олноороо Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн байр суурин дээр зодолдож, ирээдүйн хагарлыг эхлүүлэх гээгүй бол дор бүрнээ ажлаа хий. Ер нь бол, индэрээс гоё илтгэл тавих амархан, индрээс буугаад улс төр хийх хэцүү гэж яагаад хэлж болохгүй гэж. Ирээдүй цаг өмнө биш урд байгаад сурсан, боловсорсон, итгэл үнэмшлээрээ үнэмлэх гардсан үсрэлт байхад шүү дээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна